0

Ботсвана улсын Окаванго мөрний сав газарт хийсэн судалгаагаар үхрийн бөгсөн хэсэгт нүдний дүрс зурж тэмдэглэх нь арслан, ирвэс зэрэг махчин амьтдын дайралтаас хамгаалах үр дүнтэй арга болохыг тогтоожээ.
Судлаачид 2015-2018 оны хооронд нийт 14 сүргийн 2,061 үхрийг хамруулан туршилт явуулсан байна. Ингэхдээ үхрийн нэг хэсгийн бөгсөн дээр нүд зурж, нөгөө хэсэгт нь загалмай тэмдэг тавьсан бол үлдсэн үхрүүдэд ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй аж.
Туршилтын үр дүнд хиймэл нүд зурсан нэг ч үхэр махчин амьтдын дайралтад өртөж үхээгүй байна. Харин тэмдэглэгээгүй 835 үхрээс 15, загалмай тэмдэгтэй 543 үхрээс дөрөв нь арслан, ирвэс зэрэг махчин амьтдын халдлагад өртөж хорогджээ.
Эрдэмтдийн тайлбарласнаар арслан, ирвэс зэрэг отож ангуучилдаг махчин амьтад олз нь өөрийг нь анзаарсан гэж үзвэл довтолгооноос татгалзах хандлагатай байдаг. Тиймээс үхрийн бөгсөн дээрх нүдний дүрс нь араас нь хэн нэгэн ажиглаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, махчин амьтдыг дайрахаас сэргийлдэг байна.
Энэхүү судалгааг Австралийн UNSW Sydney их сургууль болон Botswana Predator Conservation байгууллагын судлаачид хамтран хийж, үр дүнг нь 2020 оны наймдугаар сард олон улсын Communications Biology сэтгүүлд нийтэлжээ.
Судлаачид уг аргыг малчид болон зэрлэг амьтдын хоорондын зөрчлийг бууруулахад ашиглаж болох хямд, энгийн шийдэл хэмээн онцолсон байна. Гэхдээ махчин амьтад хуурамч нүдэнд аажмаар дасах эрсдэлтэй тул тэмдэглэгээг тогтмол бус, тодорхой хугацаанд ашиглах нь илүү үр дүнтэй байж болзошгүйг анхааруулжээ.
Хуваалцах:
Согтуугаар жолоо барьсан жүжигчин Ко Кён Пёгийн дүрсийг телевизийн нэвтрүүлгүүдээс хасаж эхэлжээ
16 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.