dobu.mndobu

Боловсролын яам эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хөгжүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Боловсролын яам эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хөгжүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, Боловсролын ерөнхий газар хамтран бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх гарын авлагыг танилцуулах цахим сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 1,390 цэцэрлэгийн удирдах ажилтан, арга зүйч нарыг хамруулах хүрээнд 848 оролцогч хамрагдаж, хөтөлбөрийн зорилго, агуулга, хэрэгжүүлэх арга зүй, цэцэрлэгийн оролцоо, хамтын ажиллагааны талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж авлаа.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ

Хөгжлөөс нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх, бага насны хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, асаргаа халамж, хамгаалал, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/273, А/266, А/165 дугаар хамтарсан тушаалаар “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг баталсан.

Энэхүү цахим сургалт нь хамтарсан тушаалаар батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын салбарын оролцоо, хамтын ажиллагааг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажлын нэг хэсэг юм.

СУРГАЛТЫН АГУУЛГА

Сургалтыг Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар нээж, эцэг эх, хүүхдийн харилцааг эерэгжүүлэх, хүүхдэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хандлага, ур чадварыг бодит дадлагад суурилан хөгжүүлэхэд хөтөлбөрийн ач холбогдол оршиж байгааг онцоллоо.

Сургагч багш нар дараах агуулгын хүрээнд мэдээлэл, арга зүйн зөвлөмж хүргэв. Үүнд:

 Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг чадавхжуулах хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага, зорилго, агуулга;

 Ургийн үеэс хоёр хүртэлх настай хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх арга зүй;

 2-3 болон 4-5 настай хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн хөгжлийг дэмжих арга, үйл ажиллагаа;

 Эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн хамтын ажиллагаа, хүүхдийн хөгжилд үзүүлэх дэмжлэг.

Мөн Боловсролын яамны Гадаад харилцааны газрын ахлах шинжээч Ж.Болор Тайландын Хаант Улсын Маха Чакри Сириндхорн Гүнжийн нэрэмжит шагналын талаар товч мэдээлэл хүргэлээ.

ЦААШДЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Сургалтын үр дүнд хөтөлбөрийн зорилго, агуулга, хэрэгжүүлэх арга зүйн талаар цэцэрлэгийн удирдлага, арга зүйч нарт нэгдсэн ойлголт өгөхийн зэрэгцээ цаашдын хэрэгжилтийг дараах гурван үндсэн чиглэлээр дэмжин ажиллахаар зорьж байна.

1. НЭГДСЭН ОЙЛГОЛТ

Хөтөлбөрийн зорилго, агуулга, хэрэгжүүлэх арга зүйн талаарх ойлголтыг цэцэрлэгийн удирдлага, арга зүйч, багш нарт түгээн дэлгэрүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх.

2. ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хүүхдийн хөгжлийг дэмжихэд гэр бүл, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг уялдуулах, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон дэмжлэг үзүүлэх.

3. ТОГТВОРТОЙ ХЭРЭГЖИЛТ

Хөтөлбөрийг орон нутаг, цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, сайн туршлага солилцох, хэрэгжилтийн мэдээлэл цуглуулах, эргэх холбоог хангах замаар хэрэгжилтийг тогтвортой дэмжих.  Хүүхэд бүрийн хөгжлийг хамтдаа дэмжиж, нэг ч хүүхдийг хөгжлөөс орхигдуулахгүй байхын төлөө хамтдаа ажиллацгаая!

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.