dobu.mndobu

“Сураггүй алга болсон 643 эмэгтэй байна” гэх мэдээллийг нягтлахад тэдний 593 нь иргэний хэрэгт холбогдуулан шүүхээс эрэн сурвалжлагдаж буй хүмүүс байна"

“Сураггүй алга болсон 643 эмэгтэй байна” гэх мэдээллийг нягтлахад тэдний 593 нь иргэний хэрэгт холбогдуулан шүүхээс эрэн сурвалжлагдаж буй хүмүүс байна"

Цахим орчинд “643 эмэгтэй сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байна” гэх мэдээлэл тархаад байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас уг тоон мэдээллийг тайлбарлаж, олон нийтэд мэдээлэл өглөө.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр хэлэхдээ, цагдаагийн байгууллагын цахим сайтад эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээллийг ерөнхий байдлаар байршуулдаг бөгөөд үүнийг дотор нь хэд хэдэн төрөлд ангилдаг гэв.

Тухайлбал, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон иргэнээс гадна иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан, шүүхийн даалгавраар эрэн сурвалжилж буй хүмүүсийн мэдээлэл багтдаг байна.

Цагдаагийн байгууллагаас уг 600 орчим хүний мэдээллийг нягталж үзэхэд 590 орчим нь шүүхийн даалгавраар буюу иргэний хэрэгт хариуцагчаар эрэн сурвалжлагдаж буй хүмүүс болохыг тогтоожээ. Тиймээс эдгээр иргэдийг бүгдийг нь сураггүй алга болсон эмэгтэйчүүд гэж ойлгож болохгүй гэдгийг онцолсон юм.

Мөн сураггүй алга болсон иргэдийн бүртгэлийг нарийвчлан үзэхэд хоёр ба түүнээс дээш удаа алга болсон 301 хүн байгаа аж. Харин хүүхдүүдийн хувьд дөрвөөс долоон удаа алга болсон тохиолдолтой 23 хүүхэд бүртгэгджээ.

Эдгээр нь гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй гэх дуудлагаар ар гэрийнхнээс нь цагдаагийн байгууллагад удаа дараа бүртгэгдсэн тохиолдлууд бөгөөд нэг хүний мэдээлэл олон удаа бүртгэгдэх нь нийт тоон үзүүлэлтийг өсгөж харагдуулдаг байна.

Энэ талаар Г.Пүрэвдэлгэр, “Ийм бүртгэлүүд нэгдсэн санд орсноор нийт тоо өндөр харагддаг. Түүнээс биш ийм их хэмжээгээр хүн сураггүй алга болсон асуудал байхгүй” хэмээн тайлбарлалаа.

Иймд цахим орчинд тархсан 643 эмэгтэй сураггүй алга болсон гэх мэдээллийг эрэн сурвалжлах бүртгэлийн бүх ангиллыг ялгалгүй нэгтгэн ойлгосноос үүдсэн мэдээлэл болохыг цагдаагийн байгууллагаас тодотгож байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.