0

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Огзом гэх газарт арваннэгдүгээр сарын 16-нд баавгай орж ирсэнтэй холбогдуулан аюулгүй болгох ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Уг ажиллагаанд Улаангом сумын томилгоот баг, Хилийн цэргийн 0245 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газар болон Улаангом сумын нэгдүгээр, хоёрдугаар багийн иргэд хамтран оролцож байгаа аж.
Ажиллагаа явуулж буй бүс нутаг нь шигүү модтой, намаг ус ихтэйгээс гадна мөс цөмрөх зэрэг байгалийн эрсдэлтэй тул хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Мөн баавгай модон дотор байрлаж, ил гарахгүй байгаа бөгөөд ойр орчимд айл өрх, мал сүрэг олноор байгаа нь буудах арга хэмжээ авахад эрсдэл үүсгэж байгаа юм.
Иймд баавгайн байршлыг тогтоох, хөдөлгөөнийг ажиглах зорилгоор шөнийн дулаан мэдрэгчтэй дрон ашиглахаар ажиллаж байна.
Ажиллагаанд оролцогчдоос иргэдийг тухайн бүс нутаг руу малтайгаа болон дур мэдэн нэвтрэхгүй байхыг анхаарууллаа. Түүнчлэн баталгаагүй, худал ташаа мэдээлэл тараахгүй байж, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалжээ.
Баавгайг аюулгүй болгох ажиллагаа үргэлжилж байгаа тул иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, холбогдох байгууллагын зааварчилгааг дагахыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.