0

Энэтхэгийн Шинэ Дели хотын Бүх Энэтхэгийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн (AIIMS) эмч нар 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд эхийн хэвлийд бойжиж буй 25 долоо хоногтой урагт зургаан цагийн турш нарийн төвөгтэй мэс засал хийжээ.
Тодруулбал, урагт нуруу нугасны хүнд хэлбэрийн гажиг болох миеломенингоцеле оношлогдсон байна. Энэ нь нугас болон түүнийг бүрхсэн эдүүд нурууны ясны завсраар гадагш түрж гардаг эмгэг бөгөөд саажилт, мэдрэлийн тогтолцооны байнгын хүндрэл үүсгэх эрсдэлтэй аж.
Эмч нар таван долоо хоногоос дээш хугацаанд бэлтгэл хийсний дараа 30 гаруй эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг өндөр хүчин чадалтай микроскоп болон хэт авиан шинжилгээний тасралтгүй хяналтын дор ургийн нурууны гажгийг засах мэс заслыг гүйцэтгэсэн байна.
Мэс заслын үеэр эхийн хэвлийн хөндий болон умайд зүслэг хийж, ургийг эхийн хэвлийгээс гаргалгүйгээр нурууны гэмтэлтэй хэсэгт хүрч, давхарлан нөхөж оёжээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд эхийн хэвлийд, хүйн холбоосоороо эхтэйгээ холбогдсон хэвээр байх үед нь мэс засал хийсэн байна.
Энэхүү мэс засал нь Энэтхэгт эхийн хэвлий дэх урагт нээлттэй аргаар хийсэн энэ төрлийн анхны мэс засал болсон бөгөөд улсын эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд гэр бүлээс ямар нэгэн төлбөр аваагүй аж.
Мэс заслын дараа эх болон ургийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд жирэмсний үлдсэн хугацаанд, төрөлт болон төрсний дараах үед нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байхаар болжээ.
Эмч нарын тайлбарласнаар, ийм төрлийн ургийн мэс засал нь бүрэн эдгээх эмчилгээ биш боловч нугасны ил гарсан эдийг цаашид гэмтэхээс хамгаалах, зарим мэдрэлийн хүндрэлийн эрсдэлийг бууруулах зорилготой юм. Мөн дутуу төрөх, умайн сорвитой холбоотой хүндрэл зэрэг эрсдэлтэй тул зөвхөн нарийн шалгуур хангасан тохиолдолд хийдэг байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.