0

БНСУ-ын Засгийн газар хиймэл оюун ухаан (AI) болон орчин үеийн технологи ашиглан шалгалтад хууль бусаар хуулж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор шалгалтын журмаа чангатгахаар төлөвлөж байна.
Тодруулбал, улсын техникийн мэргэшлийн шалгалтын үеэр хуулж байгаад баригдсан иргэдийг дахин шалгалт өгөхийг хориглох хугацааг одоогийн гурван жилээс 10 жил болгон сунгаж, мөн хорих ялын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж таван жил болгохоор хэлэлцэж байгаа аж.
Энэхүү арга хэмжээг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам өнөөдөр /2026.11.24/ танилцууллаа. Сүүлийн үед үндэсний хэмжээний мэргэшлийн шалгалтуудын зарим оролцогчийн авсан ер бусын өндөр оноотой холбоотой хардлага нэмэгдэхийн зэрэгцээ ухаалаг нүдний шил, нууц камер, өөрчилсөн тооны машин зэрэг технологийн дэвшлийг ашиглан хуурах оролдлого гарч байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргахаар болжээ.
Мөн шалгалтын дүнгийн ил тод байдлыг нэмэгдүүлж, олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн оноо, шалгалтын дундаж үзүүлэлт болон хичээл тус бүрийн онооны хуваарилалтыг олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна шалгалтын үеийн хяналтыг аль хэдийн чангатгаж эхэлсэн бөгөөд электрон төхөөрөмжид нарийвчилсан үзлэг хийх, нэмэлт хяналтын систем суурилуулах, Bluetooth дохио илрүүлэх программ ашиглах зэрэг арга хэмжээг нэвтрүүлжээ.
Эдгээр шинэ зохицуулалтыг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан аюулгүй байдлын багшийн мэргэжлийн шалгалтад анх хэрэгжүүлэхэд нийт 11,554 оролцогчоос зургаан зөрчил илэрсэн байна.
Эрх баригчид 2027 оны эхний хагас гэхэд илүү дэвшилтэт илрүүлэх төхөөрөмж, хяналтын камер нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд зохион байгуулагдсан үндэсний мэргэшлийн шалгалтуудад иж бүрэн хяналт шалгалт хийхээр болжээ.
Харин хиймэл оюун ухаан болон ухаалаг төхөөрөмж ашиглан хуурах асуудал зөвхөн мэргэжлийн болон их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтаар хязгаарлагдахгүй, ахлах сургуулийн анги танхимд ч тулгамдсан асуудал болоод байна.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Боловсролын яам ухаалаг төхөөрөмж ашиглан хуулж байгаад баригдсан сурагч тухайн өдөр шалгалт өгсөн бүх хичээлээсээ тэг оноо авахаар журамд өөрчлөлт оруулжээ.
Мөн энэ жилийн их, дээд сургуульд элсэх улсын хэмжээний шалгалтаас эхлэн нууц камер болон электрон төхөөрөмж нуух эрсдэлийг бууруулах зорилгоор сурагчдыг товчгүй хувцас өмсөх, эсвэл хувцасныхаа товчийг наалтаар дарахыг зөвлөж байгаа аж. Түүнчлэн шалгалтын байранд металл илрүүлэгч ашиглах, сургуулийн Wi-Fi сүлжээг шалгалтын үеэр унтраах зэрэг арга хэмжээ авахаар болсон байна.
Ийнхүү БНСУ хиймэл оюун ухаан болон орчин үеийн технологийн тусламжтайгаар шалгалтын шударга байдлыг алдагдуулах үйлдэлтэй тэмцэхийн тулд хяналтын тогтолцоо, хуулийн хариуцлагыг улам чангатгахаар зорьж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.