0

Япон улсын Яманаши мужид БНХАУ-ын нисэхийн технологийн EHang компанийн зохион бүтээсэн EH216-S загварын нисгэгчгүй, цахилгаан хөдөлгүүрт агаарын такси зорчигч тээвэрлэн туршилтын нислэг амжилттай үйлджээ.
Туршилтын нислэг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Кай хот дахь Японы Нисэхийн академийн талбайд болсон байна. Хоёр хүний суудалтай уг агаарын хөлөгт нэг зорчигч суулгаж, нисгэгчгүйгээр урьдчилан тохируулсан маршрутын дагуу 380 метр орчим зайд нисгэжээ.
EH216-S нь нисдэг тэрэгтэй адил босоо чиглэлд хөөрч, газарддаг боловч уламжлалт нисгэгчийн удирдлага шаарддаггүйгээрээ онцлог юм. Тус агаарын хөлөг нийт 16 цахилгаан сэнсээр ажилладаг бөгөөд нислэгийн удирдлагын автомат системийн тусламжтайгаар маршрутаа бие даан гүйцэтгэдэг байна.
Мөн зорчигчгүйгээр хийсэн хоёр дахь туршилтын нислэгээр ойролцоох Каманаши голын дээгүүр 1,800 орчим метрийн зайд ниссэн аж.
Техникийн үзүүлэлтээрээ EH216-S нь цагт 120 хүртэлх километр хурдлах, нэг удаагийн цэнэглэлтээр ойролцоогоор 30 километр зам туулах боломжтой. Богино зайн аялал, жуулчны тээвэр болон хот хоорондын ойрын чиглэлд ашиглах боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс цахилгаан хөдөлгүүрт босоо хөөрөлт, буулттай агаарын хөлөг буюу eVTOL технологийг хөгжүүлэхэд анхаарч байгаа юм. Энэхүү технологи нь томоохон хотуудын замын түгжрэлийг бууруулж, нисэх буудлаас хотын төв хүртэлх тээвэр, аялал жуулчлал зэрэгт шинэ боломж бий болгох зорилготой.
Гэхдээ агаарын таксийг өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхийн тулд нислэгийн аюулгүй байдал, агаарын хөдөлгөөний зохицуулалт, тусгай буудал, ослын үеийн бэлэн байдал болон холбогдох зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна.
Япон улс сүүлийн жилүүдэд агаарын шинэ төрлийн тээврийн технологийг турших, хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн нислэг нь нисгэгчгүй агаарын такси зорчигч тээвэрлэх боломжтойг харуулсан ээлжит туршилт боллоо.
Гэхдээ уг нислэг нь арилжааны тогтмол үйлчилгээ эхэлж буй хэрэг биш бөгөөд цаашид технологийн хөгжүүлэлт, аюулгүй байдлын шаардлага, төрийн зохицуулалтаас шалтгаалан хэрэглээнд нэвтрэх хугацаа нь тодорхой болох юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.