0

УИХ-гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нар өнөөдөр /2026.11.24/ Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний кабинетын нээлтэд оролцлоо. Тус кабинет 1985 онд үйл ажиллагаа явуулж эхлэн 2020 оноос түр завсарлаад байсан юм.
Тойргийн гишүүн Ж.Батжаргал кабинетын үйл ажиллагаанд зориулж 256 сая төгрөгийн үнэ бүхий 33 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Энэ үеэр "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг аймаг, сумдын эмнэлгийн байгууллагуудад олгоод байна” гэв.
Кабинетын үйл ажиллагаа сэргэснээр Улаанбаатар хотыг зорьдог 3000-4000 гаруй иргэд аймаг орон нутагтаа нөхөн сэргээх эмчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцлон хэллээ.
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тус эмнэлэг 320 эмч, эмнэлгийн ажилтан, 290 ортойгоор орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Үргэлжлүүлэн УИХ-гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар Төв аймгийн эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчидтай уулзлаа. Төв аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн 132 эрүүл мэндийн байгууллагад 1356 ажилтан, албан хаагч 94 мянга гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Салбарын сайд 2027 улсын төсвөөр эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар Засгийн газрын бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсов.
Уулзалтын төгсгөлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтээр Дэлгэрхаан, Баянцагаан сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн авто машин, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан сумын Эрүүл мэндийн төвд шүдний эмнэлгийн, 15 сумын Эрүүл мэндийн төвд Мобайл оношилгооны тоног төхөөрөмжийг тус тус гардуулан өглөө.




Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.