0

“100 асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Азийн буддистуудын энх тайвны бага хурлын Ерөнхийлөгч Дэмбэрэлийн Чойжамц уригдан оролцлоо.
- Сайхан өвөлжиж байна уу та?
- Сайхан, өвөлжөө их сайхан даа. Монголын өвөл их өнгөлөг, сайхан л болж байх шиг харагдаж байна.
Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. “100 асуулт” нэвтрүүлгээрээ бид хоёр 13 жилийн дараа дахин уулзаж байна. Саяхан мэт боловч их хугацаа өнгөрчээ.
- 13 жил гэдэг чинь бас л яггүй хугацаа шүү дээ. Бүхэл бүтэн нэг мөчлөг өнгөрсөн байна.
Та Монголын бурхан шашинтны тэргүүн гэдэг ажлаа өгөөд бараг хоёр жил болж байна. Яг одоо юу хийж байна вэ?
- Одоо бол Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхийлөгч гэдгээрээ Шашны дээд сургуульд өөрийн өрөөтэй. Тэндээ долоо хоногт 2-3 удаа очиж, ярьж хөөрч, хааяа цахим хурал хийнэ. Хүмүүстэй уулзаж учраад хуучин хэвэндээ л байж байна даа.

Монголын бурхан шашинтны тэргүүн гэх албыг нэлээд удаан хугацаанд хашсан. Нэг л өдөр ажлаа өгчихөөр танд ямар санагдаж байв?
- Ажлаа өгөх бэлтгэлтэй байсан. Над шиг олон жил хамба байсан лам их цөөхөн бий байх. Коммунизмын үед буюу 1930-аад оноос шашин дараагийн боловсон хүчнээ бэлтгэхээ больсон. 1937 онд бүх хийд, сүм хаагдаж, ном судрыг нь шатааж, хүн ардыг нь цаазалж, заримыг нь хэдэн арван жилээр шоронд явуулсан. Үүнээс хойш шашны боловсон хүчин бэлтгэх ажил зогссон.
1970 он хүртэл шинээр лам хувраг бэлтгэхээ больсон. 1944 онд азаар Гандантэгчэнлин хийдийг дахин сэргээсэн. 1970 онд Азийн буддистуудын энх тайвны бага хурал байгуулагдаж, коммунист орнуудын дуу хоолойг өргөсөн.
Тэр үед шашны боловсон хүчин гэдэг зүйл ховор, голдуу настай хүмүүс байсан. Миний сонсож байснаар Их тэнгэрийн аманд ОХУ, Монгол Улсын дарга нар уулзаж ярилцах үеэр шашнаараа 45 жил хоцрогдчихлоо, шинэ залуу үе хэрэгтэй байна, шинэ лам нарыг элсүүлэх нь зүйтэй юм байна гэсэн яриа гарч байсан гэдэг.
Үүнээс хойш 1970 оны ес, аравдугаар сарын үед Шашны дээд сургуулийг нээсэн. Тухайн үед олон хийд байгаагүй учраас хэдхэн хүнтэйгээр ийм сургууль нээж байсан юм.
Шашны боловсон хүчин их ховор байсан учраас 1990-ээд оны эхээр нийгэм өөрчлөгдөж, шинэ Үндсэн хууль батлагдан, шашин эрх чөлөөгөө олж авсан даа. Тэр үед ажиллах шаардлагатай хүмүүс нь нэг хэсэгтээ 13-аас доош насны хүүхдүүд, 70-80-аас дээш насны хөгшчүүл, дунд нь Шашны дээд сургууль төгссөн хэдхэн хүн байсан даа.
Энэ үеэс л хамба болоод 30 гаруй жилийг ардаа өнгөрөөж дээ. Миний үед шашин 60-70 жил завсардсан байсан учраас нэг хүн олон жил ажилласан байна даа.
Тийм учраас ажлаа өгөхөд миний зорилго ч биелсэн гэж бодож байгаа. Яагаад гэвэл шашны байшин савтай болгох, орох оромжтой болгох, бурхан шүтээн, ном судартай болгох, шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх, шашны захиргааг хуучин уламжлалын дагуу бүрэн гүйцэд бий болгох, Богдыг тодруулах, хамба лам тэргүүтэй шашны захиргааг бүрдүүлэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа.

Одоо сайхан амарч чадаж байна уу та?
- Эхний хэдэн хоногтоо жаахан эвгүй байсан. Их ажилтай хүн чинь өдөр тутам бодож, сэтгэж, ажилладаг байсан тэр зүйлээ их үгүйлж, бие хаа өвдөөд янз бүр л болоод байсан. Тэгээд дарга, цэргийн алба хашиж байсан хүмүүс тэгдэг шүү гэж байна лээ.
Одоо бол амралт жигдэрч, уншлага, номоо үзэх цагаа ихэсгэж, сайхан жигдэрлээ.
Өнөөдөр та бид хоёрын нэвтрүүлэг Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан үзэгчдэд хүрч байна. Эл өдрийн ач холбогдол, үүх түүхээр бид тэмдэглэн өнгөрүүлэх болсныг хойч үеийн залуучууддаа хэлж үлдээмээр зүйл танд юу байдаг вэ?
- Эл өдөр бол монголчуудын бахархаж, тэмдэглэх ёстой өдөр. Бидний тусгаар тогтнол гэдэг зүйл гайхалтай шүү дээ. Монголчууд бидний одоогийн эрх чөлөөтэй, жаргалтай сайхан амьдарч буй, бие, хэл, сэтгэлийн эрх чөлөө төгөлдөр байгаагийн илрэл юм.
Гэхдээ эрх чөлөө гэдэг хязгааргүй зүйл биш. Эрх чөлөөг бусадтайгаа хуваалцаж, тэгж байж эв зохицлоо олдог. Ганцхан би эрх чөлөөтэй гээд гэр бүл, нийгэм, албан байгууллагадаа эрх чөлөөгөөрөө гайхуулаад ирвэл бусдыг хохироож, эвгүй байдалд оруулж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь саад болдог юм.
Тэгэхээр эрх чөлөө гэдэг гайхамшигтай зүйл боловч ёс зүй, ёс суртахуунаар дамжин хэмжигдэж байх ёстой.

Би эрх чөлөөтэй гээд нийгмийг бужигнуулж буй нэг хэсэг байна. Жишээ нь, нийгмийн сүлжээг бужигнуулж байна. Сошиалаар хараад танд юу бодогдож байна вэ?
- Сошиалаар янз бүрийн юм бичсэн байдаг. Тэр болгоныг дандаа орж хараад байдаггүй дээ. Энэ бол нийгмийг задалж байгаа нэг хэлбэр гэж хардаг. Яагаад гэвэл улс төрийн нөхөд болоод гэр бүлээ хүртэл будилааны хөрөнгө тарьж буй зүйл харагддаг.
Гэр бүл дотроо болж байгаа хэрүүл, зодоон, хамаг юмаа гарган тавьдаг. Албан байгууллага, улс орны хэмжээнд, төр засгийнхаа талаар ч хамаг зүйлээ гарган тавьдаг. Энэ бол албан ёсны шүүмжлэл биш, ховын маягтай яриад байна уу гэж ойлгогдохоор байдаг.
Жишээлбэл, Англи, Япон ч бай ямар нэгэн асуудалд нотолгоо, баримт, цаас, албан бичгээр ханддаг болохоос биш зүгээр нэг тойм хэрүүл, хэл амаар, баримтгүй хов маягаар гаргадаггүй. Энэ нь нийгмээ задалдаг.
Тэгээд нэгнээ дийлэх гэж хэтэрхий улайрч, цаадах хүнийхээ хоригийг уудалж, өөрт нь хамааралгүй олон янзын зүйлсийг тулгаад ирэхээр нөгөө хүн нь эсрэгээрээ өөрийнхөө бузар булай зүйлсээр дарж эхэлдэг.
Энэ бол ганцхан хоёр хүний асуудал биш. Хажуугаас нь найз нөхөд нь орж үзэлцдэг, үр хүүхэд нь оролцдог. Тэгээд иймэрхүү маягаар цааш үргэлжилдэг.
Тиймээс зөв шалгаж, бусармаг будилаан орсон уу, үгүй юу гэдгийг нь нягтлах хэрэгтэй. Тэр хүн бол Монголын нэг иргэн. Өөрөө сайхан амьдрах, юм байгуулах, бүтээх, хаана ч очих бололцоотой байх ёстой. Тийм учраас хуулийн дагуу ялгаа, зөрүүг нь тодруулж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгмийн будилаан үүсгээд, хүмүүсийн хооронд өш хонзон үүсгэж байна.
Цаашлаад гэр бүл доторх маргаанаа хүртэл дэлгэх нь залуу хосуудыг харж дуурайхад хүргэж, бүгд салж сарнихад нөлөөлж мэднэ. Ирээдүйд хамтарч ажиллах, нэг ширээний ард суух, нэг ажлын байранд ажиллахад бэрхшээлтэй болно доо. Өс зангидсан хүмүүс чинь яаж хамтарч ажиллах билээ.
Энэхүү будилаан дундаас сүүлийн үед улс төр жигтэйхэн их бужигнаж байна. Энэ Монголын улс төрийн будилаан гэгч зүйл хэзээ нэг гайгүй болох юм бол?
- Улс төрийг нэг их сонирхдоггүй болохоор сайн мэдэхгүй юм даа. Мань мэтийн гэртээ суугаад бурхны ном үзэж, сэтгэлээ тайвшруулж, нийгэм бүлээхэн, хоорондоо эв нэгдэлтэй, эвтэй түнжинтэй байхыг бодож суудаг улсуудад бол бас жаахан эвлэрээсэй гэж бодогддог.
Гэхдээ эвлэхдээ буруу талаасаа биш, зөв сайхан талаасаа эв түнжингээ олоосой. Тэгвэл энэ улс эх орон жигдэрчихмээр байдаг.
Хөгжил дэвшлийг бол их сайхан хийж байна. Хөгжиж дэвшиж байна. Үүнээс хурдан хөгжиж дэвших боломж байсан уу гэвэл байсан байж магадгүй.
Зурагт, радиогоор гардаг хүмүүс шүүмжлүүлээд, харлуулаад ярьж байхыг харахад уулзаж учирч, яриа хөөрөө сольсон аргагүй сайхан мэдлэгтэй, боловсролтой хүн юм даа гэмээр. Эсвэл энэ хүн чинь жигтэйхэн их ажил хийсэн хүн шүү дээ, дандаа л муу хэлүүлэх юм, хөөрхий гэж бодогддог.
Бид нар дандаа зөв талаас нь харах гэж оролддог. Тэгээд бодоод ирэхээр сэтгэл уужирч, тэр хүмүүсийн ажил хөдөлмөрийг үнэлэх нь сайжирдаг. Дандаа буруу талаас нь хараад байвал бүтэхгүй болов уу гэж боддог.
Харин зөв талаас нь харчхаад, зөв талд нь ямар будилаан байгаа талаар албан ёсны маягаар, баримт нотолгоотой шүүмжилж, үгээ хэлдэг байвал бид нар ойлгоно.
Зүгээр л идэж уудаг, мангар, тэнэг, гэр бүл нь тийм гэж ярихаар хөөрхий дөө л гэж бодохоос биш цаад асуудлыг нь үнэхээр иргэд биднийг ингэж хохироож байна гэж ойлгохгүй шүү дээ. Тэгээд ард түмнийг маань ч будилаанд оруулж, зөвөөр сэтгэхэд саад болж байна.

Монгол гэдэг зүйлээ яг яаж авч үлдэх ёстой юм бол?
- Миний талаас бодоход монгол хүний ондоошил гэдэг зүйл байх ёстой юм шиг санагддаг.
Ондоошил гэхээр яг юу байх ёстой вэ гэхээр монгол хүний уламжлалт соёл, зан заншлаа эрхэмлэн дээдэлж явах ёстой. Бидний уламжлалт Цагаан сар, Наадам тэргүүтэй мэндлэх, хүндлэх ёсноос эхлээд төрийн ёслол, шашнаа хүртэл орчин үеийн нөхцөлд нийцүүлэн авч явах хэрэгтэй. Үүнээс гадна гадаадад байгаа хүмүүс маань хүртэл уламжлалаа алдаж болохгүй.
Монгол монголоороо байвал сайхан шүү дээ. Хаана ч байсан үндэсний хувцсаа өмсөж байвал сайхан. Энэхүү даяаршлын үед монгол гэж хэн бэ гэдгээ мэдэхгүй болтлоо өөрчлөгдчих юм биш байгаа гэж жаахан санаа зовнидог.
Монголчууд бид нэг нэгэндээ хайргүй болсон шиг маш их атаа жөтөө, хорсол зэвүүцэлтэй болсон байна. Энэ яг юунаас болсон юм бол?
- Ардчиллаас хойш төлөвшиж өгөхгүй, завсрын үед л яваад байна уу гэж харагддаг. Би бас гадаадаар явахдаа ажиглаж хардаг.
Зах зээлийн нийгэм жигдрээд ирэхээр хүний хөдөлгөөн, хувцаслалт, хэрэглээ өөр болоод байх шиг байдаг юм. Жишээлбэл, Америкт очоод харахад газар тариалан эрхэлдэг хүн тэвштэй машин уначихсан, дээр нь хүрз аччихсан, машинаа бариад давхиж байдаг. Ажил хөдөлмөртөө зохицсон, гэр орноо ч зохицуулсан байдаг юм шиг.
Харин бид бол бусдад харагдах гэсэн хэрэглээ үүсгээд байна уу гэж хардаг. Яг ажил хөдөлмөртөө хөдөө аж ахуй эрхэлдэг мөртлөө л гоё жийп уначихсан, тэгээд машинд нь ажлын хэрэглэгдэхүүн юу ч байхгүй байх жишээтэй.
Ажлаас гадна хэтэрхий их хэрэглээтэй, мөнгө төгрөгөө гамгүй зарцуулж байгаа нь харагддаг. Үүнийг зах зээл жигдрээд ирвэл гайгүй болчих байх гэж боддог.
Тэр ийм байгаа юм чинь би үүнээс хоцорч болохгүй гэсэн хандлагаас атаархал, жөтөөрхөл янз бүрээр үүсэх учиртай. Зарим үед хүний амьдрал муудаж, эмчилгээний зардал гуйж, сэтгүүлч гүйж сурвалжилга хийгээд хандив гуйж, хоёр, гурван хоногийн дотор эмчилгээний мөнгө нь бүрддэг. Үүнийг харахад хүний үндсэн мөн чанар алга болчхоогүй байгаа юм. Нэг завсрын үедээ л яах ийхээ мэдэхгүй яваад байна уу даа.
Одоо бидний амьдарч буй нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл юу байна вэ, таны харж байгаагаар?
- Монголчуудад хамгийн их дутагдаж буй зүйл бол ёс суртахуун байна.
1990 оноос хойш их сургуулиудад мэдлэг олгох тал руу хэтэрхий их явсан. Дан мэдлэгийн чиглэлээр гадаад, дотоодод явуулж, сургууль төгсгөж л байдаг.
Тэгэхээр бидний хуучин уламжлал юу байсан бэ гэхээр ёс суртахуун гэдэг зүйлийг хамгийн түрүүнд зааж хэвшүүлээд, дараа нь эрдэм мэдлэг олгодог байсан. Эрдэм мэдлэг, ёс суртахуун хоёрыг хослуулаад, практик амьдралд яаж хэрэглэх вэ гэдгийг ойлгуулдаг.
Ёс суртахуунгүй хүнд мэдлэг олгохоор хаашаа ч эргэж болно. Хуулийн хүн боллоо гэхэд хуулиа завхруулж болно. Ер нь хаана ч байлаа гэсэн бусармаг үйл хийж болно.
Ёс суртахуун гэдэг зүйл байхгүй бол эх орон, эцэг эхээ, эх дэлхийгээ хайрладаг, бусдыг хайрладаг, бусдын амьдралыг хөнөөхгүй юмсан гэж боддог тэр сэтгэлгээ дутагдана. Тэр сэтгэлийн нарийн нандин зүйлээс Буддын шашнаас суралцах хэрэгтэй байгаа юм.
Хүнийг хайрладаг, энэрдэг, ачийг нь санадаг, өршөөдөг, уучилдаг тэр ёс суртахуун байхгүй болохоор нийгэм улам илүү хүйтэрч, салж бутарч байна. Таны сая түрүүнд асуусан атаархал, жөтөөрхөл, хов жив, хүнийг хохироож өөрөө дээшээ гарах гэсэн хандлага нийгмийн харилцаанд орж ирэхээр байнгын салалт, нийгмийн задрал явагдана гэсэн үг. Задрал явагдаад байна гэдэг чинь эв нэгдэл үгүй болно гэсэн үг.
Тэгэхээр ёс суртахууныг хамгийн түрүүнд зөв суурь болгож сургах хэрэгтэй байна.
Жаахан байхад эмээ, өвөө нар эрхийг сурахаар бэрхийг сур гэж хэлдэг. Аав, ээж нь хүүхдээ том болоод биеэ даахад яана даа гэж боддог. Жаахан ажил хөдөлмөр хийлцээд сурсан нь дээр гэдэг гэх мэтчилэн шүү дээ.
Бусдад муу зүйл хийсэн хүн үйлийн үрээ эдэлдэг гэлцдэг шүү дээ. Гэвч одоо бусдад муу муухай зүйл хийсэн хүн илүү сайхан яваад ч байх шиг, эсрэгээрээ болоод байна уу гэж харагдаж байна.
- Сайхан явж байна гэж бодож байгаа хүн цаашдын зүйлсээ олж хараагүй байгаа юм. Яагаад гэвэл үйлийн үр гэдэг зүйл байдаг. Энэ насанд ч ирж болно, дараа төрөлд нь ч өөр дээр нь заавал ирдэг.
Үйлийн үр гэдэг зүйл бол шамшигддаггүй эд. Хэрэв өмнө нь хийж байсан сайн зүйл их байх юм бол сайнаараа жаахан явна. Харин муу зүйл нь хэтрээд ирэх юм бол энэ насанд ч ирж болно.
Жишээлбэл, гэр дотор нь мөнгө, эд баялаг байгаа мөртлөө тэр хүний ирээдүйн амьдрал, хамаг зүйлд нь нөлөө үзүүлээд, нэг ч сайн хэлүүлэхгүй болж байгаа хүмүүс бий. Энэ чинь үйлийн үр шүү дээ.
Улс орон маань хэзээ нэг сайхан болчих юм бол оо? Ер нь боломжгүй л харагдаад байх юм байна шүү дээ.
- Улс орон маань сайхан болоод л байна шүү дээ. Та бүхэнд жиших зүйл байхгүй болохоор тэгж харагдаад байж магадгүй. Гол нь зөв талаас нь харах хэрэгтэй.
Хотын хөгжил дэвшил, зам харгуй, элдэв зүйлс сайхан болсон шүү дээ. Би урьд нь байсан тэрхүү нийгэмд амьдарч байсан, одоогийн байдалтай харьцуулж өөрийн нүдээр харсан хүний хувьд ямар том дэвшил гарсныг мэдэрч байна.
Та нэвтрүүлгийн эхэнд хэлсэн шүү дээ. Алба хашиж байхдаа хамгийн том хүслээ гүйцэлдүүлээд, тэгээд албан ажлаа хүлээлгэн өгсөн гэсэн. Энэ маань аравдугаар Богдыг тодруулсан ажил байгаа. Энэ асуудал их хүнд байсан уу? Олон даваа бэрхшээлийг даван туулсан байх даа?
- Тодорхой хэмжээний бэрхшээлгүй байлгүй яах вэ. Гэхдээ гайгүй ээ. Шашнаа жигдрүүлэхийн тулд Богдтой, хамба, номун хан зэрэг захиргаагаа жигдрүүлэх, коммунизмын үед алга болсон тэр зүйлээ сэргээх хэрэгтэй байсан.
Тэр зовлонг мэдэхгүй хүмүүс байна шүү дээ. Богдоор яах гээд байгаа юм гэх мэт бэрхшээлүүд гардаг юм байна лээ. Хүмүүсийн ойлголт муугаас болоод янз бүрийн үзэл бодлууд гарч байсан.
Бид нар бол бусад хүмүүстэй хэрэлдэж, уралдаж, дээр нь гарах гэж оролдох, шашныг дээш нь гаргая гэсэн бодолтой байгаагүй. Харин шашны нарийн нандин зүйл, байнгын шашны захиргааг жигдрүүлэх, ес, аравдугаар Богдоо тодруулах, хүлээн зөвшөөрүүлэх үйл явц үргэлжилсэн.
Энэ дунд түүхийн явц жаахан саад болж байсан. Хэлмэгдүүлэлтийн үед өчнөөн олон мэргэн хувилгаан байхгүй болчихсон. Тийм болохоор дараагийн шинэ Богдыг тодруулахад эрдэм чадал төгөлдөр, энэ бүхнийг мэддэг хүн зайлшгүй хэрэгтэй болсон. Тийм болохоор Богдыг тодруулахад ийм л бэрхшээл байсан даа.
Одоо үүнээс цааш түүхэндээ үлдсэн маргаан ахин гарахгүй байх гэж бодож байна. Үүнээс цааш мэргэн хувилгаан хүмүүс Богдоо тодруулаад явчих болохоор санаа амар сайхан байна.
Гадна, дотнын дарамт шахалт байсан болов уу?
- Дарамт шахалт гэх зүйл байхгүй ээ. Зүгээр л хүмүүс ойлгоогүй, мэдрээгүйгээсээ болоод янз бүрийн үзэл бодол гаргаж байсан л даа.
Та ажлаа өгөөд хоёр жил чимээгүй, нам гүм байлаа. Яагаад нам гүм байв?
- Тийм ээ, тийм. Хамбын ажлыг хийж байсан сайхан эрдэм мэдлэгтэй хүнд албан үүргээ хүлээлгэж өгсөн. Тэгээд нэг хоёр, гурван жилийн дотор элдэв юм яриад байх хэрэггүй юм болов уу гэж бодсон.
Хамба маань шинэ хүн болсон шүү дээ гэдгээ мэдрэг. Тэгээд ажил явдалд нь саад болох юм ярьчих вий гэсэндээ болгоомжилж, хоёр жилийн хугацаанд сонин хэвлэлд ч юм уу элдэв юм ярих дургүй байсан даа.
Одоо ер нь энэ хорвоо дээр цаг хугацаагүй гэж юм хаа байх вэ дээ. Тиймээс нэгэнт хамбынхаа ажлыг өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Зууралдаад байх хэрэггүй юм шиг санагдсан.
Манай улсад шинэ Ерөнхийлөгчийн асуудал яригдаж байна. Ер нь улсын Ерөнхийлөгч, тэргүүн хүн гэж яг ямар хүн байх ёстой вэ?
- Сайн мэдэхгүй юм даа. Улс төр сонирхдоггүй болохоор ер нь эвээ олох гэж яваа үе юм болов уу. Нэг сайхан эвээ олох үе гэж байна шүү дээ. Одоогийн болж буй зүйлс зөвийг олох гэсэн тал руугаа яваад байгаа харагдаж байна. Гайгүй байх аа гэж бодоод л ерөөгөөд, сайн цаг ирнэ дээ гэж бодоод л байж байна.

Эрдэм, номтой хүн байна даа та. Мэргэлж хардаг л байлгүй дээ. Улс орны маань хувьд заяа аятайхан болчих нь ойрхон харагдана уу?
- Ердөөсөө энэ ертөнцийн хувирал, мандах, буурах гэдэг чинь шалтгаан, нөхцөл, үр гурав хоорондын харьцаа шүү дээ.
Тэгэхээр бид жаргалтай, сайхан амьдралынхаа шалтгааныг зөв тавиад, нөхцөлийг нь зөв бүрдүүлээд, эрүүл, жаргалтай амьдралын үрийг бий болгох хэрэгтэй. Тэр үр боловсордог шүү дээ.
Тэгэхээр бид зөв үр сонгож, шалтгаан, нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй. Агуулах дотор мянган үр байлаа гэхэд ургахгүй тохиолдол бий. Шалтгаан, нөхцөлөө зөв бүрдүүлэх юм шүү дээ.
Тэгэхээр нийгэм, засаг төр маань зөв шалтгаанаа бүрдүүлээд, зөв нөхцөлөө тавиад ирвэл сайхан болно доо. Одоо олон сайхан зам хийгээд, автобус, нийтийн тээврээ нэмээд, орон сууцжуулаад, утаа багасаад ирвэл ард иргэд ч сайхан болно.
Тэгэхээр бид ажлаа л хийх хэрэгтэй. Шалтгаанаа зөв болгоод, нөхцөлийг нь бүрдүүлээд ирвэл энэ нийгэм сайхан болоод л явна.
Нийгмийн талаас удирдаж байгаа дарга нар, боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд бүгд хавсарч байж энэ нийгмийг бүлээшүүлэх талаас нь ажил хийх хэрэгтэй. Доод талаас нь хүүхдүүдээ сайхан зөв хүмүүжүүлж, гэр орондоо эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй юм болов уу гэж бодоод байна.
Би ийм нэг юм бодоод байгаа юм. Бидний үеийн хүүхдүүд ядарсан, зүдэрсэн, хувцас хунар муутай хүүхдээ өмөөрдөг байсан. Жаахан л дээрэлхэх юм бол давхиж очоод ам руу нь орж өмөөрдөг байсан.
Харин одоогийн үеийн хүүхдүүд баячууд нь ядарсан хүүхдээ дээрэлхээд байна гэж дуулдаж байгаа. Энэ бол ёс суртахууны асар том алдаа байна.
Одоогийн нийгэмд бид хүүхдүүддээ буруу зүйлийг ойлгуулаад байна. Гэр оронд нь байхад нь дандаа тэр муу гэж яриад байхаар хүүхдийн сэтгэлд тэр хүн мөнгөгүй, дорой гэсэн ойлголт сууж байна.
Хүн гэдэг чинь тэр ядарсан хүүхдэд чи өчнөөн хувцастай байна, илүүчлээд аятайхан хувцсаа аваачиж өгөөд өмсүүлчих гэж хэлэх юм бол хүүхдүүд яагаад нэгнээ би баян, чи ядуу гэж дээрэлхэх юм бэ?
Тэгэхээр Монголын нийгэмд ядарсан нэгнээ өөд нь татдаг баймаар байна. Ядарснаа татна гэдэг чинь нийгэм бүлээцэж, сайжрахын эхлэл шүү дээ.
Ядарснаа дээрэлхэж, ямбийтал нь дарж болохгүй. Бид гурван сая таван зуун мянгуулаа шүү дээ. Бид нэгнээ өршөөж, уучилж, хайрлаж байж урагшаа явна.
Нүгэл гэдэг зүйлийг битгий хийгээрэй. Нүгэл гэдэг чинь бие, хэл, сэтгэл гурваар үйлдэгддэг зүйл шүү дээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.