0

Нийслэлд борлуулж буй шахмал түлшний чанар, стандартыг шалгах зорилгоор үйлдвэр, агуулах болон борлуулалтын цэгүүдээс дээж авч, дотоодын болон олон улсын итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлэхээр болжээ.
Үүнээс гадна хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг шалгах юм.
Мөн дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх зориулалтаар уурын болон усан халаалтын зуух ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын аюулгүй байдалд хяналт тавих аж.
Одоогоор 3-15 кВт-ын хүчин чадалтай халаалтын зуух ашигладаг айл өрх, 15-100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгалтад хамруулж байна. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагуудын албан хаагчид аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Энэ өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш болон БНХАУ-аас импортолсон хагас коксон түлш борлуулж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.