dobu.mndobu

Залуу ажилтнуудын бүтээлч санаачилгыг дэмжсэн хөтөлбөр үр дүнгээ нэгтгэлээ

Залуу ажилтнуудын бүтээлч санаачилгыг дэмжсэн хөтөлбөр үр дүнгээ нэгтгэлээ

Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, бүтээлч санаачилгыг дэмжих, байгууллагын хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн сургалт, төсөл шалгаруулалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Үйлдвэрийн газрын Ерөнхий захиргааны II байрны “Оюу” танхимд зохион байгуулсан тус үйл ажиллагаанд хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн 88 залуу ажилтан оролцож, мэдлэг, ур чадвараа сорихын зэрэгцээ, багийн хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн, өөрсдийн санаачилсан төслүүдээ танилцуулж, хамгаалав.

Энэхүү үйл ажиллагааны эхэнд гэр бүл судлаач, сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд “Сэтгэл зүйн эрүүл байдал - Амьдралын чанар” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар өөрийгөө танин мэдэх, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, сэтгэл хөдлөлөө удирдах, өдөр тутмын амьдралдаа эерэг дадал хэвшүүлэх талаар мэдлэг, ойлголт өгсөн юм. Үргэлжлүүлэн, залуу ажилтнууд багийн төслөө танилцуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнд төслийн зорилго, шинэлэг санаа, хэрэгжих боломж, хүлээгдэж буй үр өгөөжөө тайлагнан хамгааллаа. Мөн “Хамтын гэрээ - Миний эрх, баталгаа” сэдэвт контентын уралдааны бүтээлүүдийг танилцуулж, хамтын гэрээний ач холбогдол, ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг бүтээлч хэлбэрээр сурталчлан таниулав.

Энэ үеэр, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөншагай, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд нар залуу ажилтнуудад хандан үг хэлж, тэдний хөгжил, идэвх санаачилга, байгууллагын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм. Ийнхүү бүтээлч санаа, багийн ажиллагаа, шинэ санал санаачилгаар өрнөсөн шалгаруулалтын дүнгээр контентын уралдаанд “Alpha” баг тэргүүн байр эзэлж, “Team one” баг хоёрдугаар байр, “Hakuna Ma ta ta” баг гуравдугаар байрт шалгарлаа. Харин шилдэг төслийн шалгаруулалтад “Spark” баг тэргүүн байр, “Alpha” баг хоёрдугаар байр, “Team one” баг гуравдугаар байрт тус тус шалгарсан юм. Хоёр төрлийн шалгаруулалтын нийлбэр дүнгээр “Alpha” баг тэргүүн байр эзэлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнуулсан нь энэ өдрийн онцлох үйл явдлын нэг байлаа.

“Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” нь 2025 онд 100 залуу ажилтныг хамруулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2026 онд хасагдах зарчмаар үргэлжилж, нийт 88 залуу ажилтан хөтөлбөрийг амжилттай дүүргэжээ. Хөтөлбөрийн хүрээнд залуус мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, багаар ажиллах, манлайлах, шинэ санаагаа бодит ажил хэрэг болгох боломжийг бүрдүүлсэн байна. Хөтөлбөрийн оролцогчдод гэрчилгээ гардуулж, амжилттай оролцсон баг, залуучуудад баяр хүргэн, үйл ажиллагааг дүгнэлээ.

Залуу ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, манлайлах чадамжид хөрөнгө оруулах нь байгууллагын ирээдүйн хөгжил, тогтвортой өсөлтийн чухал үндэс юм. Тиймээс энэхүү хөтөлбөр нь залуусын хөгжлийг дэмжихээс гадна байгууллагын шинэчлэл, бүтээмж, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.