dobu.mndobu

Сангийн сайд Б.Жавхлан, ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн нар хятад компаниудад “жижигдэж” байна, Ерөнхий сайд аа

Сангийн сайд Б.Жавхлан, ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн нар хятад компаниудад “жижигдэж” байна, Ерөнхий сайд аа

Монголын төр БНХАУ-ын компаниудаас авах ёстой 739.8 тэрбумын татвараа авч чадахгүй байна

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байгаа хэн ч татвар төлөх хуультай. Үндсэн хууль дээр ч тэр, Татварын ерөнхий хууль дээр ч тэр маш тодорхой заагаад өгчихсөн. Харамсалтай нь Монголын төр, тэр дундаа Б.Жавхлангаар удирдуулсан Сангийн яамныхан, Ч.Чимидсүрэн гэгчээр толгойлуулсан Татварын ерөнхий газрынхан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын компаниудаас авах ёстой татваруудаа авч чадахгүй хэдэн жилийг үзэж байна. Сангийн яамныхан, түүний харьяа Татварын ерөнхий газрынхан хятад компаниудаас авах ёстой татваруудаа авч чадахгүй “жижигдэж” байна уу, эсвэл хүсэхгүй байна уу гэх хардлага гарч ирж байна. Энэ хоёр хардах үндэслэлийн аль нь ч байсан Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн нар Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлээгүй, авах ёстой татвараа авч чадаагүй гэдэг үндэслэлээр аль хэдийнэ огцрох болзлоо хангачихлаа, Ерөнхий сайдаа.

Монголын төр БНХАУ-ын төрийн өмчит Петрочайна дачин тамсаг компаниас авах ёстой 350 тэрбум төгрөгийн татвараа хүчингүй болгож байв

Баримт-1

Татварын улсын байцаагч нар БНХАУ-ын төрийн өмчит Петрочайна дачин тамсаг компанийн  2007-2010 оны татвар төлөлтөд шалгалт хийж, 2011 онд  350 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан байдаг. Гэвч Татварын маргаан таслах зөвлөл 2012 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тус компанид тавьсан 350 тэрбум төгрөгийн татварын актыг хүчингүй болгож байв. Үндэслэл нь Петрочайна дачин тамсаг компани Монгол Улсад татвар төлөх ёсгүй гэдэг шийдвэрийг хууль зөрчин гаргасан.

БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна дачин тамсаг” компаниас 312 тэрбум төгрөгийн татвараа авч чадахгүй байна

Баримт-2

Татварын улсын байцаагч нар БНХАУ-ын төрийн өмчит Петрочайна дачин тамсаг компанийн 2013-2017 оны татвар төлөлт, ногдуулалтын байдалд хяналт шалтгалт хийж 2017 оны аравдугаар сарын 24-ний шийтгэврийн хуудсаар 3.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 312 тэрбум төгрөгийн төлбөр тавьсан. Петрочайна дачин тамсаг компанийнхан 312 тэрбумын татварын актыг эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Гэвч Татварын маргаан таслах зөвлөл хятад компанийн гомдлыг дөрвөн жил хав дарсан нь илэрсэн юм. Улмаар 2022 оны долоодугаар сарын 8-ны өдөр буюу Улсын баяр наадмын өмнөхөн хуралдахдаа 312 тэрбум төгрөгийн актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг олон нийт хүчтэй шүүмжилсний үр дүнд Татварын маргаан таслах зөвлөл 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин хуралдаж “Петрочайна дачин тамсаг” компани 312 тэрбум төгрөгийн татварыг Монгол Улсад төлөх ёстой” гэдэг шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр бол эцсийнх. Харамсалтай нь Монголын төр Петрочайна дачин тамсаг компаниас 312 тэрбумын татвараа одоо болтол авч чадаагүй байна.

БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна дачин тамсаг” компаниас авах ёстой татвараа хуулийн дагуу ав гэсэн утгатай Засийн газрын тогтоол 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр гарч Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт үүрэг болгож байсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай уг тогтоол албажаад жил хагасын хугацаа өнгөрчээ. Харамсалтай нь Засгийн газрын энэ тогтоол хэрэгжсэнгүй. Хэрэгжсэнгүй ч гэж дээ Сангийн сайд Б.Жавхлан хэрэгжүүлсэнгүй.

Хятадын “Мо Эн Ко” компаниас 413.4 тэрбум төгрөгийн татвараа авч чадахгүй байна

Баримт-3

БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компанийн 2017 оны  нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12- дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны  албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийжээ. Шалгалтаар 710.081.215.867 төгрөгийн зөрчилд 180.830.313.601 төгрөгийн  төлбөр төлүүлэх акт тавьсан байна.

Мөн  татварын улсын байцаагчид  “Мо Эн Ко” компанийн 2017-2020 онд БНХАУ-д экспортолсон 3.362.142 тонн коксжих баяжуулсан нүүрсний борлуулалтын үнийг бодит бус үнэ хэрэглэж ААНОАТ ногдуулах орлогыг бууруулсан гэж  134.550.664.704 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

Татварын улсын байцаагчийн “Мо Эн Ко” компанид ногдуулсан 315 тэрбум төгрөгийн татварын актыг тус компани эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан тасдах зөвлөлд хандсан байна. Улмаар Татварын маргаан таслах зөвлөл 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр хуралдаж 315 тэрбум төгрөгийн татварын актыг түдгэлзүүлжээ. Өдгөө “Мо Эн Ко” компанийн төлөх ёстой татвар 413.4 тэрбум төгрөг болсон гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээлсэн юм.

БНХАУ-ын “Доншен” компаниас илэрсэн 195 тэрбум төгрөгийн зөрчилд ногдуулсан татвараа авч чадахгүй байна

Баримт-4

БНХАУ-ын “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн  2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 195 тэрбум төгрөгийн зөрчилд нийт 14.4 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан 14.4 тэрбум төгрөгийн төлбөрийг хятадын “Доншен газрын тос Монгол” компани эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг. Гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэж тус “Доншен газрын тос Монгол” компанид ногдуулсан 14.4 тэрбум төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Харамсалтай нь Сангийн яам, Татварын ерөнхий газар тус компанид ногдуулсан 14.4 тэрбум төгрөгийн төлбөрөө одоо болтол авч чадахгүй байна.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монголын төр БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна дачин тамсаг” компаниас авах ёстой 312 тэрбум төгрөгийн татвараа аль 2017 онд авах ёстой байв. БНХАУ-ын “Доншен газрын тос Монгол” компаниас 14.4 тэрбум төгрөгийн татвараа 2018 онд, “Мо Эн Ко” компаниас 413.4 тэрбум төгрөгийн татвараа 2023 онд авах ёстой хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Хуулийн заалтыг харцгаая.

Татварын ерөнхий хуулийн дээрх заалтыг маш ойлгомжтой тайлбарлавал татварын Улсын байцаагч тухайн компанид татварын акт тавьсан нь хуульд нийцсэн, эсвэл хууль зөрчсөн эсэхээс үл шалтгаалан татварын акт тавигдсан л бол тэр төлбөрөө төлөх ёстой. Харамсалтай нь Татварын ерөнхий хуулийн энэ заалтыг БНХАУ-ын компаниуд ч тэр Сангийн сайд Б.Жавхлан, Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн нар зөрчиж байгаа нь нотлогдож байна.

Б.Жавхлан сайдаа БНХАУ-ын компаниудаас авах ёстой татваруудаа ав. Авч чадахгүй бол Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн нартайгаа хөтлөлцөөд ажлаа өг. Монголын бизнесийн салбарынхан татварын дарамтаасаа гарч чадахгүй хаалгаа барьж байхад гаднын хөрөнгө оруулалттай эдгээр компаниуд татвараа төлөхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа нь хэр зүйд нийцэх вэ, Ерөнхий сайдаа.

 

 

Хуваалцах:

|
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

21 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.