dobu.mndobu

Д.Цогтбаатарыг эгүүлэн татсанаар түүний тойрогт МАН-аас С.Далхаасүрэн нэр дэвшихээр бэлтгэл ажлаа эхлүүлжээ

Д.Цогтбаатарыг эгүүлэн татсанаар түүний тойрогт МАН-аас С.Далхаасүрэн нэр дэвшихээр бэлтгэл ажлаа эхлүүлжээ

Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрх эдлэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан нь бий.  Тэгвэл тэгш эрхийн зарчмын хүрээнд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэрээр “Хангайн бүс” буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын бүрэн эрх дуусгавар болно. Түүнийг 2016-2020 онд Хөгжлийн банкны Хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэм буруутайд тооцож байсан юм. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэнд тооцсон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Шүүхийн шийдвэр албажсанаар Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар болж байгаа юм. Тэрээр “Би УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшихдээ шүүхийн байгууллагаас бүх шийдвэрээ аваад Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирэх байх. Надад албан ёсоор ирсэн бичиг алга байна. Хуулийн асуудал шийдэгдээд явах байх. Би тангараг өргөхдөө Үндсэн хууль зөрчихгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж тангаргаласан. Тангараг өргөснөө хойш би ямар нэг хууль зөрчөөгүй. Би гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өгөхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч нөхцөл байдал түүний эсрэг эргээд байгаа нь энэ.

Д.Цогтбаатарыг шүүхийн шийлдвэрээр эгүүлэн татсан тохиолдолд “Хангайн бүс”-д нөхөн сонгууль явагдана. Түүний нэр дэвшин ялалт байгуулсан тойрогт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшинэ хэмээн бор шувуу ниссэн. Гэсэн ч тус тойргийн нөхөн сонгуульд Г.Занданшатар бус УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нэр дэвшихээр хэдийнэ бэлтгэлээ базааж эхлээд байна. С.Далхаасүрэн нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат.

“Их Монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, Удирдлагын академийн Төрийн захиргааны магистр, МУИС-ийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр тус тус төгссөн. МХЕГ-ын Хэлтсийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдын зөвлөх, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч даргаар тус тус ажиллаж байсан. Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга, Өвархангай аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байна.

С.Далхаасүрэн Өвөрхангай аймгийн фракцийн хүн гэгддэг. Анх ТӨБЗГ-ын дарга асан Өвөрхангайн Д.Сугартай маш ойр явж улс төрийн хүрээлэлд орж ирсэн нэгэн. Өвөрхангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан С.Чинзоригийг ХНХ-ын сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар ажиллаж байх үед нь Ажлын албаны дарга нь болж байв. Нутгийн сайн ах нарын “буян”-аар улс төрийн карьер нь тасралтгүй өсөж байгаа, МАН-ын залуу улстөрчдийн нэг.

Сугаржавын Далхаасүрэн УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан ч аймгийн Засаг дарга Г.Ганболд нь нэр дэвшсэн бол 2024 оны сонгуульд намын жагсаалтад орсноор нэр дэвшилгүй өнжсөн. Тэгвэл энэ удаа лайвчин Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатарыг эгүүлэн татвал нөхөн сонгуульд нэр дэвшихээр Өвөрхангай аймгаа услаад эхэлжээ. Өнгөрөгч 12 дугаар сараас эхлэн нутагтаа чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа юм. Волейболын Үндэсний дээд лигт оролцож байгаа “Хашхан” клубын тамирчдыг хүлээн авч уулзаж, нутгийн багаа ивээн тэтгэж, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Мөн Өвөрхангай аймгийн иргэдэд Төрийн дээд одон медаль тарааж, аймгийнхаа 200 хүүхдийг шагнаснаар сонгууль угтсан “алга тэнийлт” эхлээд байгаа юм.

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

19 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.