dobu.mndobu

Нэг жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-03

Нэг жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх, үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр “Дархан Минж” ХХК-ийн желатины үйлдвэр Дархан хотод ашиглалтад орлоо.

Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Жавхлан нар, Дархан-Уул аймгийн удирдлагууд болон гадаад, дотоодын түнш байгууллагын төлөөлөл оролцов.

Тус үйлдвэр нь нэг жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр боловсруулах үйлдвэрт тэнцэхгүй байгаа стандартын бус арьс шир, боловсруулах үйлдвэрлэлийн явцад үүсдэг шохойн хуулдас, идээлсэн арьсны хатуу хаягдал, зоргодос зэрэг дайвар түүхий эдийг дахин боловсруулж, хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалттай желатин, органик амин хүчлийн бордоо болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна. 

Желатины үйлдвэрлэлээс жилд 15 тэрбум төгрөг, амин хүчлийн бордооны үйлдвэрлэлээс 4 тэрбум төгрөгийн борлуулалт орлого олох бөгөөд 50–80 байнгын болон байнгын бус ажлын байр шинээр бий болж байна.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийн нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн явцад үүсдэг уургийн гаралтай хаягдлыг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлжээ.

“Дархан Минж” ХХК нь 1992 оноос өдгөөг хүртэл Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа тогвортой явуулж байгаа бөгөөд бог, бод малын арьс шир боловсруулах, нэхий болон савхин хувцас, гутал үйлдвэрлэх, амин хүчлийн бордоо, желатин үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж буй үндэсний томоохон үйлдвэрийн нэг билээ.

“Дархан Минж” ХХК нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт болон компанийн өөрийн хөрөнгөөр нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний 11.9 тэрбум төгрөгийг “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлээр, 8.1 тэрбум төгрөгийг компанийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.

Төсөл хэрэгжсэний бас нэг чухал үр дүн нь арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж байгаа юм. Үйлдвэрийн технологийн шийдэлд ус дахин ашиглах иж бүрэн систем, бохир ус цэвэрлэх байгууламжийг нэвтрүүлсэн бөгөөд технологийн хаягдал усны 70 хүртэлх хувийг дахин ашиглаж, химийн бодисын хэрэглээг 30 хүртэлх хувиар бууруулах боломж бүрдлээ.

Нээлтийн үеэр “Дархан Минж” ХХК нь Их Британийн “Healan Ingredients”, Хонконгийн “Hung Yung International Holding” компаниудтай Европ болон БНХАУ-ын зах зээлд желатин экспортлох чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Ингэснээр Монгол Улс малын гаралтай түүхий эдэд өндөр технологиор боловсруулалт хийж, олон улсын зах зээлд нийлүүлэх шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор малчдын орлогын эх үүсвэр шинээр нэмэгдэж, арьс ширэн түүхий эдийг бүрэн боловсруулахад нэг том алхам болж байна. 2026 оны зуны улиралд Архангай, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид, хоршоо, мах боловсруулах үйлдвэрүүдээс арьс шир бэлтгэн нийлүүлж, түүхий эдийг малчдаас шууд худалдан авах тогтолцоог бүрдүүлэх туршилтыг амжилттай хийлээ. 

Ийнхүү “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжсэн энэхүү төсөл нь малын гаралтай түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, арьс ширний салбарын үйлдвэрлэлийн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлого болон орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, экспортын шинэ боломж бүрдүүлэхэд чиглэсэн бодит үр дүн болж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.