dobu.mndobu

С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа

С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа

-ТЭД ₮10 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ "БҮДРЭВ"-

Энэ 10 тэрбум төгрөгийн тендерийн “хулгай” 2023 оны зургаадугаар сард “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д гарчээ. Тухайн үед “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Баярмөнх, Худалдан авах ажиллагааны газрын захирлаар Э.Ууганбаяр нар ажиллаж байсан бөгөөд тэд У.Соёл-Эрдэнэ гэгчтэй үгсэн хуйвалдаж, түүнд давуу байдал олгожээ.

Тухайлбал, “Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших салхитын  мөнгө-алтны үндсэн ордын хүдэр баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн багтаамж нэмэгдүүлэх өөрчлөлт”-ийн зургийн ажил. Мөн зургийн дагуу хийгдэх 10.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Хаягдлын сангийн өртгөл”-ийн ажилд тендер зарласан дүр үзүүлж, У.Соёл-Эрдэнэ гэгчид өгчээ. Өөрөөр хэлбэл, У.Соёл-Эрдэнэ гэгч нэг компаниараа зургийн ажлыг нь хийж, нөгөө компаниараа “Хаягдлын сангийн өргөтгөл”-ийн ажлыг авсан байна.

Дээрх зургийн ажлыг “Эс ар ди констракшн” ХХК гүйцэтгэснийг та бүхэн харж байна. Гүйцэтгэх захирал У.Соёл-Эрдэнэ. Мөн “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал С.Баярмөнх гарын үсгээ зурж баталгаажуулсныг хараарай. Зургийн ажил авсан “Эс ар ди констракшн” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээллийг харвал 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Учралын Соёл-Эрдэнэ бүртгэлтэй байна.

Мөн У.Соёл-Эрдэнэ нь “Пи эс эс Ти” гэх компанитай. Энэ компанийн мэдээллийг Улсын бүртгэлээс харвал У.Соёл-Эрдэнэ хувьцаа эзэмшиж байжээ. Өөрөөр хэлбэл “Пи эс эс Ти” ХХК нь У.Соёл-Эрдэнийн хамаарал бүхий компани гэдэг нь нотлогдоно.

У.Соёл-Эрдэнэ нь “Пи эс эс Ти” ХХК-иараа дамжуулан “Эрдэнэс алт ресурс” ХХК-иас зарласан 10.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Хаягдлын сангийн өртгөл”-ийн ажил хийх тендерийг авсан байна. Тендерт “Пи эс эс ти” ХХК өрсөлдөгчгүйгээр оролцож 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр  шалгарчээ.

Мөнгөн гүйлгээ нь дараах шилэн дансны мэдээллээр нотлогдож байгаа юм. 

 

У.Соёл-Эрдэнэ гэгчийг ийнхүү “даам” гарахад нөлөөлсөн албан тушаалтнууд бол “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярмөнх болон тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирал Э.Ууганбаяр нар юм. Учир нь, С.Баярмөнх Үнэлгээний хороог байгуулж, тендер шалгаруулах ажлыг Э.Ууганбаяр гардсан байдаг.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК нэрээ өөрчилж “Эрдэнэс алт ресурс” ХХК болж, гүйцэтгэх захирал С.Баярмөнх ажлаа өгч, түүний орыг Э.Ууганбаяр авсны дараа У.Соёл-Эрдэнэ гэгч дахин 350 сая төгрөгийн тендер авчээ.

“Эрдэнэс алт ресурс” ХХК-иас 350 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Техникийн нөхөн сэргээлт /Салхит уурхай/” тендер зарласан байна. Энэ тендерт “Пи эс эс Ти” компани дахиад л өрсөлдөгчгүйгээр ганцаараа оролцож, 2024 оны зургаадугаар сарын 24-ны өдөр шалгарчээ.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан С.Баярмөнх, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирал Э.Ууганбаяр нартай хамт АТГ-ын хаалга татах болзлоо хангасан Учралын Соёл-Эрдэнийн талаар сураг ажиг тавилаа.

Эх сурвалжийн мэдээлснээр У.Соёл-Эрдэнийг “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал С.Баярмөнхийн зөвлөх байсан гэх, зарим нь Уурхайн захирал С.Ганхүлэгийн зөвлөх байсан гэх мэдээллийг өгч байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол У.Соёл-Эрдэнэ хувь, хувьсгалын ажлыг чинээнд нь тултал хийдэг нэгэн ажээ. Компанийнхаа зөвлөхийн албаа ч хашина, хажуугаар нь тендерээ ч “хусна”. Нэг бодлын түүний зөвлөхийн албан тушаал давуу тал байсан байж мэдэх юм.

Нөгөөтэйгүүр, У.Соёл-Эрдэнийг “Эрдэс силвер ресурс” ХХК-ийн ажилтан биш, гэхдээ орон тооны ажилтан шиг С.Баярмөнхийн өрөөнд сууж байдаг байсан гэх мэдээлэл ч ирсэн юм. У.Соёл-Эрдэнийн “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажлын хувцастай авахуулсан зургийг харвал яалт ч үгүй тус компанитай, удирдлагуудтай нь маш ойр харилцаатай гэдэг нь харагдана. Бас нотлох баримт ч байна. “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь “Пи эс эс Ти” ХХК-тай 2022 оны дөрөвдүгээр 01-ний өдөр “Салхит уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн 2022 оны барилга угсралтад геомембран, геотекстил материал нийлүүлэх” гэрээ байгуулжээ. Гэрээний нийт дүн 1 тэрбум 364 сая төгрөг бөгөөд гэрээний тусгай нөхцөлд нийт үнийн дүнгийн 5 хувийг гүйцэтгэлийн баталгаа хэлбэрээр суутган авахаар тусгасан байна. Гэвч гүйцэтгэлийн баталгааг авалгүйгээр кассаас  2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр нийт 446.400 ам.долларыг 100 хувь шилжүүлжээ.

Ямартай ч У.Соёл-Эрдэнэ Салхит уурхайн “Хаягдлын сангийн зураг”-ийн ажлыг яаж авснаа, дараа нь хяналт тавьж ажиллах ёстой 10 тэрбум төгрөгийн тендерт хэрхэн шалгарснаа АТГ-т очиж тайлбарлах ёстой. Харин С.Баярмөнх, Э.Ууганбаяр нар У.Соёл-Эрдэнэд яагаад давуу байдал олгосноо АТГ-т очиж нэг нэгэнгүй өчих нь зүйн хэрэг биз ээ.

Dobu.mn редакцийн зүгээс 10 тэрбум төгрөгийн тендерийн асуудлаар С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нарыг АТГ-т өгч шалгуулна гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.