dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сард 148 иргэн 967 сая төгрөгөө залилуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сард 148 иргэн 967 сая төгрөгөө залилуулжээ

Өнгөрөгч 2024 онд цагдаагийн байгууллагад нийт 44.673 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 15.889 нэгж буюу 35.5% хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Үүний 11.711 буюу 89.7% нь цахимаар залилах гэмт хэрэг байна.

Харин энэ оны эхний нэгдүгээр сард цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ төрлийн гэмт хэрэг 191 бүртгэгдэж, 148 иргэнд 967,814,885 төгрөгийн хохирол учирсанаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсээс 692,213,293 төгрөгийг ажилжааны банкуудтай хамтран шилжилт хөдөлгөөнийг шуурхай хязгаарлаж, тухайн залилагч этгээдийн дансанд барилт хийсэн байна.

Дээрх гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл телеграм апп ашиглан 28, романс залилан 2, автомашин худалдаж авах 7, зээлийн эрх нэмэгдүүлэх 5, онлайн бараа захиалах 9, виз гаргуулах 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд хоногт дунджаар 10 бүртгэгдэж байна.

Телеграм орчин ашиглан үйлдэж буй гэмт хэргийг дараах төрлөөр үйлдэгдэж байна. Тухайлбал:

  • Романс залилан “Хохирогчтой удаан хугацаанд харилцаа үүсгэж итгэлийг нь олж аван хөрөнгийг залилах”
  • Хуурамч зар “Өндөр цалинтай ажилд авна гэх хуурамч зар, сурталчилгаа явуулж, иргэдийн эд хөрөнгийг залилах”
  • Бэлгийн сүрдүүлэг “Хохирогчдыг мөнгөн өгөөшөөр урхидан нүцгэн зураг, бичлэгийг авч, шаардлага биелүүлэхгүй бол цахим орчинд түгээнэ гэж заналхийлдэг”
  • Copycat “Ижил нэртэй групп хаягуудыг хуулбарлаж, доторх мэдээлэл, үйлчлүүлэгч нараас мөнгө татах.
  • Pump and dump “Хөрөнгө оруулалт /Хувьцаа, Криптовальют, Койн/-ын ханшийг цаашид өсөх талаар хуурамч мэдээлэл өгч өөрийн дансанд мөнгө татан авах”
  • Даалгавар өгөх “Даалгавар биелүүлж мөнгө авахыг санал болгох, шагналт судалгаа бөглүүлэх нэрийдлээр хувийн мэдээллийг олж авах” зэрэг гэмт хэргүүд үйлдэгдэж байна.

Эдгээрээс хуурамч зарын дагуу даалгавар биелүүлэх зарчмаар үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.

Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг вэ?

Залилагч “Цагийн ажил хийгээд, гэрээсээ орлоготой болоорой" гэх зарыг сошиал орчинд нийтлэнэ. Иргэд тухайн зарын дагуу холбогдож,  явуулсан линк дээр дарахад телеграм группт нэгдэж, даалгаврыг биелүүлэх ажлыг санал болгодог байна. Та телеграм аппликейшн хэрэглэдэггүй байсан ч дээрх зар мэдээллийг харах боломжтой.

Групп чатад нэгдсэнээр залилагчийн зүгээс танд ажил санал болгож буй мэтээр анкет бөглүүлж, хувийн мэдээллийг тань авч бүртгэлээ баталгаажуулдаг байна. Даалгавар биелүүлэх ажлыг хуурамч сайтаар дамжуулан үйлддэг ба ажил олгогч байгууллагын нэр, логогүй /тодорхойгүй/ байдаг.

Хуурамч сайтруу орох үед таны нэр болон холбоотой мэдээллүүд гарч ирэн нэвтрэхэд хялбар, яг л бодит сайтруу нэвтэрч буй мэт итгэл төрүүлдэг. Цаашлаад залилагч этгээд телеграм чатаар дамжуулж “Та 10 мянган төгрөг байршуулаад даалгавраа эхлүүлэх боломжтой” гэж хэлсний дагуу иргэд тухайн дансанд мөнгө байршуулснаар даалгавар эхэлдэг.

Ингээд тухайн хуурамч сайтаар дамжуулж биелүүлэхэд хялбар цөөн тооны даалгавар гүйцэтгэсний хариуд “даалгавар амжилттай биелэгдлээ, таны дансанд 30 мянган төгрөг нэмэгдэж орлоо” гэж дансанд эхний бага хэмжээний цалин, урамшуулал шилжин орно.

Улмаар мөнгө авсан иргэд амархан байдлаар мөнгөө өсгөх боломжтой юм байна хэмээн бодож их хэмжээний мөнгөө байршуулснаар хохирогч болдог байна.  

Дээрх залилах гэмт хэргийг бага хэмжээний мөнгөн дүнгээр бусдад итгэл төрүүлсэний дараа байршуулсан мөнгөн дүнгээс хамаарч мөнгөө өсгөх боломжтой гэж ятгаж, таатай санал тавьдаг. Үүнтэй холбоотойгоор иргэд “Мөнгөө хурдан хугацаанд амар хялбар аргаар өсгөх гэж танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлээд залилуулчихлаа” гэсэн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсээр байна.

Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Шаардлагагүй тохиолдолд “Телеграм аппликейшн”-ийг гар утсандаа суулгахгүй байх, ашигладаггүй бол устгах, хамгаалалтын тохиргоо хийх, танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй байх, интернэт банкаа бусдад ашиглуулахгүй байх, Телеграм группт элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

Хуваалцах:

|
Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

16 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар

ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар

9 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.