dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Лангууны түрээс хэт өндөр учир гадна талбайд наймаа хийх нь ихсэж байна

СУРВАЛЖИЛГА: Лангууны түрээс хэт өндөр учир гадна талбайд наймаа хийх нь ихсэж байна

Амьжиргааны түвшнээ дээшлүүлэхийн тулд нэмэлт орлого олох зорилгоор жижиглэнгийн бараа худалдаалж буй иргэдийн талаар болон үзэсгэлэн худалдаанд лангуу түрээслэн оролцож буй худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. 
Гадна, талбай, машины зогсоол, явган хүний замаар үргэлжлүүлэн өрсөн жижиглэн худалдааны  хамгийн урт цуваа 3, 4-р хороололд бий. Бид өргөө кино театраас, “1000 нэрийн бараа” хүртэл алхахад эдгээр лангуу огт тасраагүй юм. Энд бэлэн хувцас, бэлэг сэлт, хүнс, жимс, цагаан идээ гээд “байхгүй зүйл” байхгүй. 


Тус жижиглэн худалдааг эрхлэгчид “ойролцоо худалдааны төвүүдэд лангуу түрээслэх боломжтой ч түрээс нь өндөр учраас аргагүй эрхэнд гадна сууж байна” гэдгийг хэлж байлаа.  Тодруулбал, нэгэн жижиг буланд үнэртэй ус, гоёл чимэглэл зардаг иргэн, “Миний хувьд гадаа ч гэсэн зөвшөөрөлтэй зогсож байгаа, харалдаа байрлах дэлгүүрээс зөвшөөрөл авдаг. Өдрийн 20 мянган төгрөгийн хураамж төлдөг” гэлээ. Учир нь ойролцоох худалдааны төвийнх нь лангууны түрээс багадаа 800 мянган төгрөг гэнэ. Гэтэл өдрийн орлого муу үед энэ байтугайг ч олоход бэрх.


Бид цааш алхсаар чацаргана, аньс зарж байсан иргэн дээр очвол “Дэлгүүрт лангуу түрээслэхээр үнэтэй. Өдөртөө бүтээгдэхүүн зарагдах ч үе байна, зарагдахгүй ч үе бий. Ер нь орлого маань амьдралын түвшинд хүрэлцээ маш бага байдаг” гэв.  Эдгээр иргэдийн задгайгаар худалдаалж буй бараа бүтээгдэхүүний үнэ, дотор лангуунд байгаагаас тодорхой хэмжээнд хямд байсан юм. 


Тэгвэл яг адилхан бүтээгдэхүүнийг лангуун дээрээс худалдаалахад хэр их төлбөр төлдгийг мөн тодрууллаа. Ингээд  UB Palace-д болж буй “Ерөөлтэй цагаан сар-2025” үзэсгэлэн худалдааг зорилоо. Үүнд оролцож буй худалдаа эрхлэгч лангууны түрээсийн үнэ, зарж буй барааны өртөг тодорхой хэмжээнд өссөн талаар хуваалцаж байв. 


Энэ үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэн: 
- “Энэ жилийн үзэсгэлэн худалдаа өргөн хэмжээнд зохиогдож байгаа, бараа бүтээгдэхүүний үнэ өмнө жилийнхээс бага зэрэг өссөн санагдаж байна. Манай худалдаалж байгаа бүтээгдэхүүн 500 төгрөгөөр нэмэгдсэн. Түрээсэлж байгаа лангууны нийт үнэ сарын 6 сая таван зуун мянга болсон” гэлээ.


Эдгээр худалдаа эрхлэгчид өөрсдийн худалдаалж буй бараа бүтээгдэхүүнээрээ ашигтай хэмжээнд орлого олж чадвал, өрхийн орлого сайжрах боломжтой ч татвар болон түрээсийн үнэ  өндөр байна гэдгийг онцоллоо.  Худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ ашигтай хэмжээнд борлууллаа гэхэд түрээсээ өгөөд үлдэх үлдэх ашиг хэр хэмжээнд байх вэ гэдэг нь  таашгүй хэмжээнд байна. 


Түрээс өндөр байгаагаас хамаарч худалдаачид барааны үнийг өсгөж зах зээлд өндөр ханш тогтох эрсдэлийг ч мөн нэмэгдүүлдэг.
Энэхүү нөхцөл байдалд, иргэд болон худалдаачид адил түвшинд урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөж явсаар байгаа нь ард иргэд үнийн хөөргөдлийг удаан хугацаанд тэвчсээр байгааг харуулж байна.  Лангуу түрээслэлээ гэхэд барааны үнээ нэмэхээс аргагүй, лангуу түрээслэхгүй байлаа гэхэд “гадна” зарж буй гээд орлого муутай. Ингээд ямар ч байсан хоосон хонохгүйн тулд худалдаагаа үргэлжлүүлж, худалдан авч “дээс томж найзыгаа аврах” аятай л амьдарч байна. 

Ц.Анужин, Б.Сарнай

Хуваалцах:

|
"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ

"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЭМГЭНЭЛ I ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР

ЭМГЭНЭЛ I ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР

8 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.