0
Засгийн газрын өнөөдрийн (2025.04.02) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдөр экспортыг дэмжих, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ээлжит танилцуулгаа Засгийн газрын хуралдаанд хийлээ. Манай ажлын хэсэг байгуулагдаад гурав дахь долоо хоногтоо ажиллаж байна. Ажлын хэсгийн эцсийн зорилго валютын нөөц нэмэгдүүлэх.
Засгийн газрын дан нөөц эсвэл Төв банкны дан нөөц гэж байдаггүй. Төв банк дээр Монгол Улсын валютын нөөц л гэж байдаг. Тиймээс талууд бүгд уг асуудалд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа. Мөн Засгийн газар бүх боломжоо дайчлан ажиллаж байна. Засгийн газар санхүүгийн зах зээлийн бүх институтүүд хамтарч ажилладаг хуулийн дагуу үндсэн платформ байдаг. Тэр нь санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл. Төв банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, СЗХ-ны дарга нар хамтарч ажилладаг ийм институт байдаг. Бид долоо хоног бүрийн хоёр дахь өдөр буюу Засгийн газар хуралдахын өмнөх өдөр хуралддаг болсон. Ингээд өнгөрсөн хоёр долоо хувьд бид нөөцөө нэмэгдүүлэх ажлаа агуулгаар нь хоёр хэсэгт хуваан харж байгаа.
Нэгдүгээрт, Биет хэмжээ буюу экспортоо нэмэгдүүлэх, мөн санхүүгийн зах зээл дээрх нөөц боломжоо дайчилж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт санхүүгийн зах зээл дээрх нөөц нэмэгдүүлэх ямар боломжууд байна. Банкнууд гадна байгаа нөөцүүдээ татан авч ирэх, хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгох ямар боломжууд байна. Энэ дээр нь Засгийн газар хэрхэн дэмжих вэ зэрэг асуудлууд дээр ажиллаж, талууд ярилцлаа.
Мөн өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас хойш манай гол түүхий эдийг худалдан авагч талуудтай форум хийж уулзалт зохион байгууллаа. Мөн нэг бүрчлэн уулзах уулзалтуудыг хийлээ. Энэ хүрээнд талуудад бирж дээр гарч байгаа журмын зохицуулалтын өөрчлөлтүүдийг танилцууллаа. Мөн биржийн хуулийг өргөн бариад буйтай холбоотой ямар өөрчлөлт орж байгаа талаарх мэдээллийг өгч ажиллаа. Ингээд гуравдугаар сарын 11-нд ажлын хэсэг байгуулагдаж тодорхой арга хэмжээ авсны үр дүнд өчигдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум долларт хүрлээ.
Монгол Улсын валютын нөөц өмнө нь хоёр удаа 5 тэрбум долларт хүрч байсан. 2022 оны арваннэгдүгээр сард мөн өнгөрсөн оны жилийн эцсээр энэ хэмжээнд хүрч байсан. Иймд цаашид валютын нөөцөө тогтвортой барих, нөөцийг нэмэгдүүлэх чиглэл дээр бодлогыг төвлөрүүлж ажиллана.
Нэгдүгээр улиралд бид хэдийгээр нүүрсэн дээр цохилт авсан ч зэсийн хувьд сайн байлаа. Зэс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээний экспортоор 40 хувь нэмэгдсэн байна. Мөн татварт төвлөрүүлдэг орлого нь ч энэ дүнгээр нэмэгдсэн сайн үзүүлэлттэй байна. Ингэснээр нүүрсний алдагдлаа, зэсээр нөхсөн. Хоёрдугаар улирал бол эдийн засгийн идэвхжилийн үе байдаг. 4,5,6-р саруудад бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, орлого тодорхой хэмжээнд идэвхэждэг. Тиймээс бид энэ саруудад шууд төлөвлөж болох Засгийн газрын хөрөнгө оруулалт урсгал зардлууд дээр онцгой анхаарч ажиллах горимд шилжин ажиллаж байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.