dobu.mndobu

Н.Учрал: Худалдааны тарифын нөлөөллийг бууруулах 10 арга хэмжээг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Худалдааны тарифын нөлөөллийг бууруулах 10 арга хэмжээг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаан дөрөвдүгээр сарын 14-нд Хангайн бүсийн зөвлөгөөний үеэр Архангай аймагт болсон. Энэ хүрээнд Хангайн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн төлөөллүүд оролцсон. Хангайн бүсийг  аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг газар дээр нь шийдвэрлэсэн. Үүнд Хангайн бүсийн аялал жуулчлалын салбарын бичил жижиг ААН, байгууллагуудыг дэмжих, хөгжлийн гүүр төслийг хэрэгжүүлэхээр тогтсон байгаа. Мөн бүсийн нутаг дэвсгэрт үүлэн шилжилт хувьслыг өндөр нарийвчлалтай тогтоох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн.

УИХ-аар баталсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар зөвшөөрч хотын зөвлөлийг баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд тус хотын хөгжил, ерөнхий төлөвлөгөөг дэмжих чиглэлээр Хархорум хотод очиж ажилласан. Мөн Бага-Илэнх, Шивээхүрэн чиглэлийн 1073.79 км авто замын зураг төсөлгүй явж ирсэн Гурван булаг-Элсэн тасархай чиглэлийн 53 км автозам Богд сум-Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км автозамын зураг төслийг боловсруулахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ. Тус замын зураг төсөл гарсны дараа ирэх онд төсөвт шаардлагатай санхүүжилтийг нь тусгаж, зам барих ажлуудыг эхлүүлнэ.

Мөн Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн. Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан ажиллаж байна.

Мөн Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Байдрагийн УЦС-ын төслийн байгаль орчны нарийвчилсан судалгааг гаргах асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн.

Бүсийн аймаг тус бүрд 10 мвт-ын нар, 20 мвт/цаг батарей хуримтлуурын станцын төсөлд шаардлагатай ТЭЗҮ-г нь боловсруулж 2026 онд багтаан шаардлагатай санхүүжилтийг улсын төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг Монгол Улсын Сангийн сайдад даалгаж ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна.

Мөн Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс чиглэлийн автозам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Архангай аймгийн Булган сум чиглэлийн автозам, Арвайхээр, Тарагт, Уянга сум чиглэлийн төслийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилт Өвөрхангай аймгийн Арвайхээр, Мандалговь, Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх автозамын төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах асуудлыг Сангийн сайдад даалгалаа.

Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газар Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр бохир усны нэгдсэн шугамтай цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорум сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ТЭЗҮ-г боловсруулж батлуулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яаманд хариуцуулж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж ажиллуулахаар болсон.

Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж ХААИС болон шаардлагатай бусад их дээд сургуулиудын салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр зарим сургалтуудыг хангайн бүсэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэх, үржүүлгийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг бүсүүд дээр байгуулагдаж байгаа бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүс болгон дээр зөвлөл ажиллана. Сая хангайн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Дараагийн зөвлөгөөн Баянхонгор аймагт зохион байгуулагдана. Ингээд бид бүс болгонд очиж хуралдана. Бүсүүдийн зөвлөлийг хуулийн дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахалдаг. Бүсийн зөвлөлөөс шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газар хурдан хугацаанд шийдвэрлэж явна.

Ингэснээр Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого илүү амь орох, цаашлаад Улаанбаатарт үүсээд байгаа төвлөрлийг сааруулах ач холбогдолтой. Мөн энэ ажлын хүрээнд хөдөө орон нутагт олон жил гацсан ажлууд газар дээрээ шийдвэрлэгдэж байгаад иргэд талархалтай байгаагаа илэрхийлж байсан.

Мөн өнөөдрийн ээлжит хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цаашлаад олон улсын худалдааны тарифтай холбоотой манай эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулахаар багц 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулаад энэ долоо хонгийн баасан гарагт Засгийн газар хуралдаж тус арван арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагатай цаг хугацаа тулсан ажлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль орно. Ингэснээр цаашид хэлэлцээнүүд хийгдэнэ. Олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилтэй хэлэлцээ хийхдээ төлбөр хураамжийг нь зөвхөн иргэний хадгаламж руу оруулах мөн тодорхой хэсэг нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд зарцуулагдахаар бид хуульчилсан" гэв.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.