0
Өлзийбүрэнгийн Үнэнбүрэн гэх залуу бий. Түүнийг азтай, одтой гээд тодорхойлоод хэлчихэд нэг их хол зөрөхгүй. Бизнес эрхэлж буй хэр баргийн залууст тохиохгүй ховорхон хувь заяа зөвхөн Ө.Үнэнбүрэнд бүрджээ.
Учир нь Ө.Үнэнбүрэн нь сайдын зөвлөх аав, сайд ээжийнхээ буянаар салбар бүрт бизнес нь өргөжиж гэрлийн хурдаар томорч байна.
Ө.Үнэнбүрэнгийн аавыг Г.Өлзийбүрэн гэдэг. Өлзий дэмбэрэл бүрдсэн Г.Өлзийбүрэнгийн хувьд МАН-д данстай ч АН-аас эхнэр С.Одонтуяа нь УИХ-ын гишүүн болж Газрын тосны газрын даргаар 2012-2015 оны хооронд ажиллаж байлаа. Өдгөө тэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зөвлөхөөр ажилладаг. Харин Ө.Үнэнбүрэнгийн ээжийг С.Одонтуяа гэдэг. Ардчилсан намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, УИХ-ын дэд даргын албыг голж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болж томорсон.
Тэгвэл Ө.Үнэнбүрэн нь сайдын зөвлөх аав, сайд ээжээрээ дулдуйдан бизнесээ өрсөлдөгчгүйгээр томруулж, аав ээж нь түүний бизнесийн замыг засаж явна.
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ Г.ӨЛЗИЙБҮРЭН ХҮҮГИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зөвлөх Г.Өлзийбүрэнг ашиг сонирхлын зөрчилтэй гэж тодотгож байна. Учир нь сайдын зөвлөх Г.Өлзийбүрэнгийн хүү, бэр хоёр нь газрын тосны импорт болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнестэй.
Тодруулбал, Г.Өлзийбүрэнгийн хүү Ө.Үнэнбүрэн, түүний эхнэр Б.Алтантариа нар “Веллком” гэх компанитай. Тус компани нь 2016 оноос газрын тосны бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Гэвч өрсөлдөөн ихтэй салбар учраас төдийлөн томорсонгүй. Одоо харин сайдын зөвлөх аавтай тул бизнесээ өргөжүүлэх сууриа бат бөх цутгаж эхэлжээ. Учир нь сайдын зөвлөх Г.Өлзийбүрэн хүүхдүүдийнхээ бизнесийн замыг засаж өрсөлдөгчдийг нь нэг нэгээр нь намнах, торгууль тавьж бойкотлох болжээ.
Санаж байгаа бол тэр жил Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн талаар хэвлэлийнхэний асуултад хариулахдаа “Эцэг хүний хувьд утсаар ярьсан” хэмээн ичихгүй хүүгээ өмөөрч байсантай агаар нэг байгаа юм.
С.ОДОНТУЯА БЭРДЭЭ 28.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГӨВ ҮҮ
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд 32 мянган ширхэг зуух тараах тендерт С.Одонтуяагийн бэр Б.Алтантариагийн хамаарал бүхий компани “Экоресурс” ХХК шалгарсан.
С.Одонтуяа нь өөрөө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга. Гэтэл агаарын бохирдлыг бууруулах хүрээнд зарлагдсан тендерт С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр Б.Алтантариагийн хамаарал бүхий компани шалгардаг нь ямар учиртай вэ. Энэ ашиг сонирхлын зөрчил биш үү гэх асуулт гарч ирнэ.
Суусан газар, очсон албан тушаалаа мөнгө гэж хардаг ийм нэгэн гэр бүл улс төрд утаа май суунаглатал бизнесээ өргөжүүлээд явж байна гээд бод.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМЫН ААВ, САЙД С.ОДОНТУЯАГИЙН БЭР НАР БИЗНЕС ХАМТРАГЧИД...
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд 32 мянган зуух тараах 28.2 тэрбум төгрөгийн тендерт 27.3 тэрбум төгрөгийн үнийн санал өгч шалгарсан “Экоресурс” компанийн хамаарлыг судалбал нэг тал нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн бэр Б.Алтантариа. Нөгөө тал нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат байх аж.
Тодруулбал, “Экоресурс” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээллийг харвал Паламын Баярцог гэх нэр анхаарал татна. Паламын Баярцогийг судалбал “Өсөх зоос”, “Баялаг энержи ресурс” “Элбэг-Орд” гэх зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг бөгөөд “Өсөх зоос”, “Баялаг энержи ресурс” гэх компаниудын эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат байх аж.
Магадгүй нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд тараах зуухны тендерт шалгарсан “Экоресурс” ХХК нэг талаас сайдын дэмжлэгтэй нөгөө талаас гишүүний дэмжлэгтэй байсан учраас тендерт ялсан байх гэсэн бодит хардлага байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.