0
Монголын хөлбөмбөгийн холбоо (МХХ)-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Цогт-Очирын Анандбазар сонгогдлоо. Үнэндээ Монголын хөлбөмбөгт хүнд цохилт өгсөн, холбооныхоо ялзарлыг дээд цэгт нь хүргэсэн үйл явц ийнхүү эхэллээ. Холбооны ерөнхийлөгчийн сонгууль бол ард түмний хүсэл, тамирчдын итгэл найдварын эсрэг хийсэн бохир тохироо боллоо гэж үзэж болох юм.
Гишүүн асан Ц.Анандбазарын нэр ард түмний дунд аль хэдийнэ зөрчил, зэвүүцлийн бэлгэ тэмдэг болчихсон гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тэр УИХ-ын гишүүн байхдаа бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой шуугианд орооцолдож, нийгмийн итгэлийг нэгэнт алдсан.
Гэтэл ийм сэвтэй, ёс суртахууны хар толботой хүнийг Монголын хамгийн том спорт холбооны удирдлагад мөнгөний хүчээр зүтгүүлэн суулгалаа. Мөнгөний хүчээр л суудаггүй юм бол шударга ёс, зарчим, ёс зүйгээрээ тэр хэзээ ч энэ суудалд тэнцэхгүй хүн юм.
Монголын хөлбөмбөгчдийн эсэргүүцлийг үл ойшоосон сонгууль болж, Монголын нэр хүндтэй тамирчид, шигшээ багийн тоглогчид хүртэл Ц.Анандбазарыг сонгож болохгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байв. Гэвч эцэст нь хэний мөнгө, хэний нөлөө илүү хүчтэйг бид харлаа. Ийнхүү цэвэр ёс суртахуун биш, харин бохир улс төр, мөнгөний зодоон хөлбөмбөгийн холбоог бүрэн атгалаа.
Монголын хөлбөмбөгийн холбоо мордохын хазгай гэгч болсон. Учир нь холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар “Тавантолгой түлш”-ийн экс босс М.Ганбаатарыг сонгосноос эхэлсэн гэж үзэж болно. “Утаагүй түлш” гэх үлгэрийн баатар ингэж л холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар М.Ганбаатар болсон юм. Тэрээр “Улаанбаатар хотыг утаагүй болгоно” гэж амалсан ч гахмал түлшний осол, үр дүнгүй бодлогоороо олон иргэний амь насыг эрсдэлд оруулж, “Тавантолгой түлш” компанийн төсвийг үр ашиггүй зарцуулсан талаар нүүрсний сонсгол дээр яригдаж байв. Ороо ороогоороо, жороо нь жороогоо нийлсэн энэ хоёр монголд хөлбөмбөг хөгжүүлнэ гэдэ. Энэ инээдэм биш, эмгэнэл.
Монголын шигшээ баг өнөөдөр дэлхийн чансаанд 187 дугаар байрт бичигдэж байна. Ийм ёс суртахууны доройтолтой, мэргэжлийн бус удирдлагын дор ажиллавал хэдэн байр хойш ухрах нь цаг хугацааны асуудал болов. Тамирчдын итгэл, хүсэл зориг, урам зоригоор тоглож байгаа эдгээр удирдлагын гараас ямар ч амжилт гарахгүй хэмээн шүүмжлэгчид олон байна.
Эмэгтэй шигшээ багийн зарим тамирчид Ц.Анандбазарыг байгаа цагт тэмцээн уралдаанд оролцохгүй гэж мэдэгдлээ. Энэ бол зүгээр нэг хувь хүний шийдвэр биш, ёс суртахууны доройтолтой тэмцэж буй шударга тэмцэл юм. Энэ удаа тамирчид дуугүй байгаагүй. Харамсалтай нь, эрх мэдэл, мөнгөний бохир тоглоом ялалт байгуулж, Монголын спортын ирээдүйг дахин үгүй хийх эхлэлийг тавилаа.
Ц.Анандбазарын мөнгөний сүүдэр, М.Ганбаатарын бүтэлгүй туршлага хоёр нийлээд Монголын хөлбөмбөгийн үлдсэн ганц цохилж байсан зүрхийг зогсоох нь. Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн хүчирхэг спорт. Гэвч Монголд өнөөдөр ёс суртахуунгүй, ашиг сонирхлын бүлэглэлийн тоглоом болсон гунигт талбар болж хувирлаа. Өнөөдрийн энэ сонголт бол зөвхөн холбооны асуудал биш, энэ бол Монголын спортын нэр хүнд, залуусын ирээдүйг дорд үзсэн увайгүй, гутамшигт явдал гэдэгтэй санал нийлэх хүмүүс олон байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр манай хөлбөмбөг зөвхөн тоглогчдын ур чадварын хувьд бус, удирдлагын ёс суртахуун, засаглалын хувьд ч мөхлийн ирмэг дээр ирээд байгааг мартаж болохгүй. Монголын хөлбөмбөг өнөөдөр зөвхөн дэлхийн чансааны хамгийн доод эгнээнд биш, ёс суртахууны хамгийн ёроолд уначихлаа.
Э.БОЛД
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.