dobu.mndobu

Байнгын хороодын дарга нараа ёс зүйтэй гишүүдээр сольё

Байнгын хороодын дарга нараа ёс зүйтэй гишүүдээр сольё

Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн парламент Ерөнхийлөгчөөс анхны хоригоо авч, дээр дооргүй л хөл, толгойгүй юм болж байна. Төрийн тэргүүн 2025 оны Монгол Улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн байнгын хороон дээр асуудлаа цэгцлээд явах боломж байсан ч байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хангалтгүй ажилласан талаар гишүүдийн шүүмжлэл огт тасарсангүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, П.Сайнзориг нарын тэргүүтэй гишүүд түүнийг Байнгын хорооны даргаас “зайлуулах” ёстой хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Байнгын хороод гэдэг бол УИХ-ын хууль, тогтоомж, шийдвэрийг парламент батлахаас өмнө “нэгжиж” байж цааш нь явуулах эсэхийг шийддэг. Тиймээс Байнгын хороодын дарга нар нэр хүндтэй, мэдлэг боловсролтой, хүлээн зөвшөөрөгдсөн, салбараа 10 хуруу шигээ мэддэг хүн байх ёстой. Гэтэл хамтарсан гэдэг малгайн доор хаа хамаагүй хүмүүс Байнгын хорооны дарга болж ёстой элэг, бөөрөөр нь эргүүлж байна. 

126 гишүүнтэй энэ удаагийн парламент 11 байнгын хороотой үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хороог Б.Баярмагнай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог Б.Бейсен, Инновац, цахим бодлогын байнгын хороог Ж.Золжаргал, Эдийн засгийн байнгын хороог Р.Сэддорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хороог Ц.Даваасүрэн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог С.Ганбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Ч.Ундрам, Хууль зүйн байнгын хороог Д.Цогтбаатар, Нийгмийн бодлогын байнгын хороог Л.Энхнасан нар даргалж байгаа юм. 

Тэдний дунд олны дунд нэр хүнд муутай, үл бүтэх хүмүүс Байнгын хороог даргалж байгаад сэтгэл дундуур хүмүүс олон байна. Тухайлбал, 2025 оны төсвийг холион бантан болгосон гэгдэж байгаа Ц.Даваасүрэн гишүүнийг нэрлэж байна. Тойрогтоо 20 тэрбум төгрөгөөр бяслагны үйлдвэр барих төсвөөс эхлээд хэл ам дагуулж байсан ч төсвийн тодотголоор буцааж татах нөхцөл байдал үүсэж магадгүй юм. Түмэн олон түүнийг муу хэлсэн ч тойрогтоо 20 тэрбум төгрөгөөр бяслагны үйлдвэр барина гэхэд түүнийг нутгийнхан нь лав муулахгүй байх. Гэсэн ч Ц.Даваасүрэн гишүүнийг Байнгын хорооны даргаас буулгах хөдөлгөөн эхэлж, ил цагаан хэвлэлээр түүнийг огцрохыг шаардаж эхэллээ. 

Монгол Улсын хоолтой, мөнгөгүй байх бүх асуудлыг баздаг Эдийн засгийн байнгын хорооны даргаар Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддоржийг АН томилуулсан. Дуулиант нүүрсний хэргийн яллагдагч, хэзээ мөдгүй дээлээ нөмрөх нь хэмээн яригдаж байсан цуурай нь ч намдаагүй байхад парламентын гишүүн болоод ороод ирсэн. Хуулийн байгууллагаар шалгуулж, үүдэнд нь чулуу нясалж суусан Р.Сэддоржийг хүмүүс нүүрсний хулгайгаар шоронд явна гэж байсан ч Эдийн засгийн байнгын хорооны дарга болон дэвшиж “жаалсан”. Орон нутгийн Таван толгой ХК-ийг хувийн компани мэт аашилсан түүнийг АТГ-аас нүүрсний хулгайчаар зарласан ч Төрийн ордонд залраад авсан. Ийм зам мөртэй хүнээр Эдийн засгийн байнгын хороогоо итгэж өгнө гэдэг их л том зүрх, зориг шаардсан ажил. Тиймээс учир мэдэх хүмүүс нь улсаараа тоглуулах нь хэмээн учирлаж байна. 

УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдож байж Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга болсон хүн С.Ганбаатар гишүүн. Ард түмний хувьд хайртай төлөөлөгч мэт харагддаг ч түүнийг таалдаг түшээд тийм ч их биш. Түшээд биш түмэн олон таалж байгааг харуулан тэрбээр гишүүн болоод ороод ирсэн. Монгол Улсын өнгөтэй өөдтэй төсөл бүрийг гацаадаг хэмээн шүүмжлүүлдэг түүний хувьд парламент доторх хамгийн том байнгын хороог даргалж байна. С.Ганбаатар таалахгүй бол Засгийн газрын зарлаад буй том төслүүд хөдлөхөд ч бэрх юм. Болдог байнгын хороон дээрээ болдог хүнийг нь тавьсан даа хэмээн Төрийн ордонд шивэр авир хийцгээх болж. 

Төгссөн сургууль, мэдлэг, боловсролоороо парламентад имижээ бүрдүүлсэн Ч.Ундрам гишүүн улам дээшээ явах боломж байсан ч түүний экс нөхөр Б.Наранцацралтын цахимд оруулсан мэдээллүүд ёстой хуурай өвсөнд шүдэнз зурах шиг л түүний карьерыг унагасан. Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг гэр бүлээс гадуурх харилцаатай хэмээн нийтэд ил тод зарлан, МУИС-ийн нэр бүхий албан тушаалтны гэрт нь мартсан гутлын зургийг хүртэл ил болгож байсан юм. Түүнчлэн гэртээ байрлуулсан камерын бичлэгээ ил болгож охин хүүхэддээ хэрхэн хандаж байгааг улс даяараа харж байсан цаг саяхан. 
УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээнд УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэн, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхын зэрэгцээ биеэ зөв авч явж, шударга байдлаараа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой талаар тусгасан байдаг. Ч.Ундрам гишүүний асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор тухайн үед хэлэлцэнэ гэж байсан ч тэгс гээд намжсан. Харин одоо тэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог даргалж, ёс зүй, сахилга хариуцлага яриад явж байгаа нь хэр зөв бэ. 

Энэ мэтчилэн ард түмэнд таалагдахгүй хүмүүс төрд байгаагийн жишээ энэ буюу. Тэр бүү хэл Байнгын хорооны дарга болцгоосон нь парламентын гишүүдийн тоо 126 болоод ч огт дээрдээгүй гэж харагдаж байна. Тиймээс ёс зүйтэй, гацаадаг биш бүтээхийг дэмждэг, ард түмнээ биш юмаа гэхэд ар гэрээ хайрлаж, үр хүүхдээ энэрдэг ийм л хүмүүсээр Байнгын хорооны дарга тавимаар байгаа юм. 

Р.ЖАРГАЛ

Хуваалцах:

|
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

10 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.