dobu.mndobu

Зургаан "ЖАРГАЛ"-тайгаа жаргал дүүрэн амьдардаг Н.БҮРЭНБАТЫНХ

Зургаан "ЖАРГАЛ"-тайгаа жаргал дүүрэн амьдардаг Н.БҮРЭНБАТЫНХ

“Жаргал” нэртэй зургаан хүүхэдтэйгээ жаргал дүүрэн амьдардаг Н.Бүрэнбатынд зочилж, ярилцлаа. Н.Бүрэнбат одоо 48 настай. Харин түүний гэргий Ж.Отгонтуул 39 настай. Тун сонирхолтой тохиолоор учирч, гэр бүл болоод тэд 16 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд таван хүү, нэг охины аав, ээж болсон байна. Есөн насны зөрүүтэй тэднийг зарим хүмүүс аав, охин хоёр гэж андуурах тохиолдол байдаг гэнэ. 

-Хүүхдүүдээ танилцуулахгүй юу?

Н.Бүрэнбат: Манай том хүүг маань Азжаргал гэдэг. 16 настай. Барилгын политехник коллежид сурдаг юм. Дараагийн хүүг Тэнүүнжаргал. Одоо есдүгээр анги. Дараагийн хүүг маань Дүүрэнжаргал гэдэг, зургаадугаар анги. Ганц охиныг маань Сайханжаргал гэдэг, гуравдугаар ангид сурдаг юм. Дүүг нь Түвшинжаргал. Хамгийн багыг маань Баяржаргал гэдэг. Саяхан нэг ой хүрсэн. Зургаан “жаргал”-тайгаа сайхан амьдарч байна даа. 

-Яагаад “Жаргал” гэдэг нэр өгсөн юм бэ?

Н.Буянбат: Анхны хүүхдээ 2009 онд өлгийдөж авсан юм. Тэр үед бид хоёр их аз жаргалтай байсан болохоор Ажзаргал гэдэг нэр өгсөн. Тэр цагаас хойш бүгдэд нь жаргал гэдэг үг орсон нэр өгөөд л явчихсан юм. 

-Олон хүүхэд төрүүлж, өсгөхөд эмэгтэй хүнд их ачаа ирдэг байх. Танд хүнд, хэцүү үе байв уу?

Ж.Отгонтуул: Хүүхдүүд маань хоорондоо 1-4 насны зөрүүтэй. Ээж маань надтай хамт байж, маш их тус дэм болж байгаа. Ээж байхгүй бол энэ олон хүүхдийг өсгөнө гэж хэцүү. 

Бид хоёр анх дөрвөн хүүхэдтэй болно гэж төлөвлөж байсан юм. Эрүүл хооллож, амьдралын хэв маягаа өөрчилснөөс хойш, дахиж хоёр хүүхэд төрүүлэх зориг төрсөн. Ямар ч зовуурьгүй, өвдөлтгүй төрөхөөр их сайхан юм билээ. 
Өмнө нь хооллолтын талаар мэдлэггүй байхад хүүхдүүд маань зэрэг өвдчихдөг байсан юм. Нэг нь ханиад хүрэхээр нөгөө нь дагаад л ханиад хүрчихдэг. Тэгээд л бүгдийг нь дагуулаад, жилд 2-3 удаа эмнэлэг явцгаадаг байлаа. Хүүхэд өвдөх хэцүү шүү дээ. 

Харин одоо бол тэс өөр болсон. Эмнэлэг оролгүй дөрвөн жил болж байна. Хүүхэд өсгөх ч асуудал биш болчихоод байна. 

-Та хоёр анх хэрхэн танилцаж байв?

Н.Бүрэнбат: Бид хоёрын танилцсан түүх гэж үлгэр шиг юм бий. 

Би Дорноговь аймгийн Айраг суманд аравдугаар ангиа төгсөөд, Улаанбаатар хотод оюутан болж ирсэн юм. Сурч байтал зуд болоод, сургуулиа орхиод буцаад нутаг руугаа явсан. Ингээд сургуулиа хаячихсан учраас 1995 оноос ганзагын наймаа хийж эхэлсэн. Арав гаруй жил ганзагын наймаа хийж байгаад 2007 онд Оросоос ирсэн юм. Нас гуч гарчихсан, ганц бие эр. Эхнэртэй болох гэхээр нэг л болж өгөхгүй байлаа. Ээж маань хамгийн бага хүү маань эхнэртэй болохгүй байна гээд байнга л ярьж байгаа юм. 

Нэг өдөр ээж маань Чулуун овооны тэнд байдаг бөө дээр очихоор болоод, намайг дагуулаад явлаа. 30 гарчихсан надад хань ижил олж өгөх гээд ээж минь аргаа барж байгаа нь тэр. Нөгөө бөө нь хэнгэргээ цохиод л байсан. Тэгснээ “Чамд бар жилтэй найз эмэгтэй байгаа юу” гэж асуусан.  Надад тэр үед юу ч санаанд ороогүй. “Мэдэхгүй” гэж хэлчихээд дараа нь бодоод л байсан. 

Түүнээс өмнө би эхнэртэйгээ танилцаад, утасны дугаарыг нь авчихсан байсан юм. Манай нэг найз Америкаас ирээд, оймс авахаар болж, бид хоёр хамт шөнийн зах орсон. Тэнд эхнэр маань нэг хүний лангуун дээр оймс зараад зогсож байсан. Тэгээд л би танилцъя гэж хоргоож, утсыг нь асуусан. Тухайн үед эхнэр маань утсаа өгөхгүй гээд болдоггүй. Манай найз ч “Айлын жаахан охины утсыг авах гэлээ. Яах гээд байгаа юм, чи” гээд загнаад байсан. Гэсэн ч би гуйсаар байгаад утсыг нь аваад, явсан. 

Нөгөө бөө бар жилтэй хүн гэсэн болохоор нь эхнэр рүүгээ залгаж, жилийг нь асуулаа. “Чи ямар жилтэй юм бэ” гэтэл “Бар” гэж байна. Тэгээд л би “Чи миний эхнэр болох юм байна шүү” гээд хэлчихсэн. Түүнээс хойш хоёр сар орчим болоод бэр гуйсан даа.  

Ж.Отгонтуул: Тэр үед нөхөр маань 32 настай, би 23 настай байсан юм. Жаахан охин юу ч мэдэхгүй шүү дээ. Утасны дугаараа өгөхгүй гээд байхад хоргоосоор байгаад л аваад явсан. “Чи надтай гэрлэх үү” гэж асуухгүй хэрнээ “Би чамайг авч сууна” гээд л яваад байсан. Хоёр сар орчмын дараа нэг гэрт орчихсон. Болох юм амархан болдог гэдэг нь л тэр байх. 

Н.Бүрэнбат: Тэрнээс хойш нэг л мэдэхэд зургаан хүүхэдтэй болчихсон. 

-Та хоёр есөн насны зөрүүтэй юм байна. Насны зөрүүтэй холбоотой ямар нэгэн асуудал гарч байсан уу?

Н.Бүрэнбат: Хүмүүстэй уулзахаар “Дүү чинь юм уу” гээд байдаг юм. Саяхан ажил дээр зочин ирээд, эхнэр цай аягалж байтал “Энэ танай том охин уу” гэж авдаг юм даа. (инээв)  Эхнэрээсээ хэт хөгшин харагдахгүйг хичээж, жингээ хасаж, өөрийгөө арчлаад л байдаг юм.

-Одоо цагт хосууд цөөн хүүхэдтэй байхыг илүүд үздэг болчихсон байна. Харин танайх зургаан сайхан үртэй, өнөр өтгөн айл болжээ. Олуулаа байх хэр байдаг вэ?

Н.Бүрэнбат: Гэр бүл, үр хүүхэд л хүнд маш их аз жаргалыг авч ирдэг гэдгийг ойлгосон. Оройхон гараад, ширүүхэн дайрч байна гээд найзууд, ах дүү нар ярьж л байдаг юм. Зарим нь “Одоо болно. Дөрвөн хүүхэд хангалттай” гэх мэтээр бид хоёрын өмнөөс хүүхэд гаргаж, тэжээх гэж байгаа мэт аашилна. Эрүүл саруул өсгөж байвал хэдэн ч хүүхэд гаргасан яах вэ дээ. Хүүхэд олон байх тусмаа л хэрэгтэй. Хэцүү зүйл гэж юу ч байхгүй. Энэ хэдийгээ харахаар ажлаа мартаад л сайхан болчихдог. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж байгаа үедээ утсаа ч авдаггүй. 

Бас “Танай эхнэр ямар сургууль төгссөн юм бэ” гэж олон хүн асуудаг. Дээд сургууль төгссөнөөс илүү зургаан хүүхэд өсгөж, ээж гэдэг мэргэжлийг эзэмшлээ. Хань минь миний хийсэн болгоныг дэмждэг. 16 жил хамт амьдрахад алдсан, оносон зүйл бидэнд олон бий байх. Гэхдээ тэр бүртээ хамт байж, суралцаад явж байгаа. 

Манай монголчууд гэр бүлдээ цаг гаргахаа больчихсон. Завгүй, завгүй л гээд байдаг. Хүн өвдсөн хойноо л ухаардаг юм билээ. 

-Танд өвчинтэй тэмцсэн үе байсан уу?

Н.Бүрэнбат: Оросод наймаа хийгээд явж байхад гэрийн хоол барагтаа идэхгүй. Дандаа л замын хоол, бэлэн бүтээгдэхүүн иднэ. Архи дарс, газтай ундаа, чихэр, печень гэх мэт. Үүнээс болоод таргалж, 2000 он гэхэд 130 кг жинтэй болчихсон байсан. Түүнийгээ ч нэг их тоохгүй яваад байлаа. Гэтэл 2019 онд бие маш их өвдөж эхэлсэн. Нойр булчирхай хүнд цочирчихсон, цөс сувгаа бөглөсөн гээд олон онош зэрэг гарч ирсэн. Түргэний тэргээр гурван ч удаа эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Эмнэлгүүд найдлагагүй л гээд байсан. Тэр хариуг эхнэр маань сонсоод, эмнэлгийн гадна хүүхдүүдтэйгээ уйлаад хүлээж байгаа юм. Тэр үед л би “Яагаад ихэнх цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөгөөгүй юм бэ” гэж бодож, намайг босгох юм бол дахиж хэзээ ч архи уухгүй, хүн шиг амьдарна гэж залбирсан. Тэгээд л босоод ирсэн. Тэр үеэс хойш дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллоод 50 кг жин хассан. Бас 20 гаруй жил тэмцсэн сахарын өвчнөөсөө бүрэн салсан. Одоо надад уудаг тариа, эм юу ч байхгүй. 

Өвдөөд хэвтсэн эхний долоо хоногт ах дүү нар, найз нөхөд эргэж ирнэ. Арав дахь хоногоос эхнэр хүүхэд л үлдэнэ. Өөр хэн ч үлдэхгүй. Яг тэр үед гэр бүлийн үнэ цэнийг мэдэрдэг юм билээ.

Хүүхдүүд нас биед хүрээд тусдаа гараад явчихна. Эцсийн эцэст чиний хажууд хань чинь л үлдэнэ. Тийм учраас ханиа гомдоож болохгүй. Ийм сайхан эмэгтэйтэй учирсандаа би баярлаж явдаг юм. 

Ж.Отгонтуул: Гэр бүлтэй болсны дараа хүний тавилан өөрчлөгддөг гэдэг. Сайн ханьтай учирвал тавилан чинь орвонгоороо эргэж, маш сайхан амьдрах боломжтой. Надад яг тийм зүйл тохиолдсон. Ийм сайн ханьтай болсондоо маш их талархаж явдаг даа. 


 

Хуваалцах:

|
Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Dobu хөтөч: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

ЦАГ АГААР: Дорнодын тал нутгаар цасан шуурга шуурна

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Уланбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

10 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.