dobu.mndobu

Цахим зээлийн тэлэлт: Түр зуурын хялбар шийдлээс урт хугацааны өрийн хавх руу

Цахим зээлийн тэлэлт: Түр зуурын хялбар шийдлээс урт хугацааны өрийн хавх руу

ЦАХИМ ЗЭЭЛИЙН АППЛИКЕЙШН ХЯЛБАР ГАРЦ УУ, ЭСВЭЛ ӨРИЙН ХАВХ УУ

Санхүүгийн үйлчилгээ технологитой хослон хөгжсөнөөр “гар утасны зээл” гэх ойлголт түгэн дэлгэрч, зээлийн аппликейшнүүд сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг шиг олширлоо. Хэдхэн товч дараад л мөнгөний хэрэгцээгээ шийдэх боломжтой энэхүү үйлчилгээ нь хурд, хүртээмжийн хувьд томоохон дэвшил боловч монголчуудыг өрнөөс өрийн хооронд амьдрах эрсдэл рүү түлхэж буйг үгүйсгэх аргагүй юм.

ЗЭЭЛИЙН АПП – ШИНЭ ҮЕИЙН “АТМ НАЙЗ”

Сүүлийн үед хүмүүс нэгнээсээ Апп-ын зээлээ төлөх гээд түр мөнгө зээлээч” гэж чатаар асуух нь түгээмэл болсон. Ихэнх зээлийн аппликейшнүүд хэрэглэгчээс олон төрлийн бичиг баримт шаардахгүй, автомат алгоритм болон сэтгэл зүйн тестэд үндэслэн богино хугацаанд зээл олгодог болсон. Энэ нь санхүүгийн түүх, өр орлогын харьцаа зэрэг чухал шалгууруудыг үл харгалзан иргэдийг өөрийн орлогоос давсан зээл авах эрсдэл рүү хөтөлж байна.

Энэ нь нэг талаараа хүний богино хугацааны хэрэгцээг хангаж буй мэт боловч урт хугацаанд өрийн дарамтад оруулж, санхүүгийн тогтворгүй байдалд өртөх нь нэмэгдэж байна.

АНХНЫ ЦАХИМ ЗЭЭЛ: ХАРИУЦЛАГАТАЙ БАЙСАН ЦАГ

2017-2018 онд Монголд анхны цахим зээлийн аппликейшнүүд гарч ирэхдээ түр зуурын санхүүгийн хэрэгцээг хурдан шийдэх зорилготой байв. Тухайн үед хэрэглэгчид бага дүнтэй зээлийг зөвхөн цалин буух өдөр хүртэл “мөргөцөг” болгон ашиглаж, өрийн дарамтад бага өртдөг байв.

Харин сүүлийн жилүүдэд уламжлалт барьцаат зээлийн систем болох ломбардуудын орон зайг цахим зээлүүд шахан гарч ирснээр иргэд өндөр үнэтэй зүйлсээ барьцаалахгүйгээр гар утсаараа шууд зээл авахыг илүүд үзэх болсон.

1.9 САЯ ХЭРЭГЛЭГЧИЙН 5.1 ИХ НАЯДЫН ӨР

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны эхний улирлын судалгаагаар Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 1.9 сая орчим нь цахим зээлийн үйлчилгээ ашиглаж, нийт 5.1 их наяд төгрөгийн өр үүрч байгааг харуулжээ. Энэ нь улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 25%-тай тэнцэх хэмжээ юм.

Монгол банкнаас мэдээлснээр, “итгэлцлийн мэдээллийн сан” буюу хар жагсаалтад бүртгэлтэй иргэдийн тоо 580,000-д хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 50,000 хүнээр өссөн үзүүлэлт аж. Тэдний дийлэнх нь ердөө 100-500 мянган төгрөгийн зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс болж, санхүүгийн салбарын голлох үйлчилгээнүүдээс хасагджээ.

СЭТГЭЛ ЗҮЙ БА ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАН ТӨЛӨВИЙН ӨӨРЧЛӨЛТ

Эдийн засагчид энэ үзэгдлийг зөвхөн санхүүгийн асуудал биш, сэтгэл зүйн суурьтай хэрэглээний хандлагын өөрчлөлт гэж тайлбарлаж байна. Иргэд зээл авахдаа логик тооцоолол биш, түр зуурын сэтгэлзүйн тайвшрал мэдрэхээр шийдвэр гаргах болсон нь өрийн гинжин хэлхээний эхлэл болдог.

Зарим зээлийн аппликейшнүүд сэтгэл зүйн оношилогоонд тулгуурлан зээл олгож эхэлсэн. Тухайлбал, Zeely апп хэрэглэгчийн төлбөрийн хандлага, хариуцлагатай зан төлөвийг үнэлдэг систем нэвтрүүлж байгаа нь ирээдүйн зээлийн системийн өөрчлөлтийг илтгэж байна.

Б.ТЭЛМҮҮНИЙ ТҮҮХ – ТҮР ЗУУРЫН ШИЙДЭЛ ХЭРХЭН УРТ ХУГАЦААНЫ ДАРАМТ БОЛСОН НЬ

Б.Тэлмүүн гэх залуу өөрийн болон гэр бүлийнхний нэр дээр цахим зээл авснаар эхэндээ амьдралын түр зуурын асуудлаа шийдэж чаджээ. Гэвч удалгүй өрийн дарамтад автсан байна. Түүнд эхнийх нь зээл амархан олдсон шиг дараагийн зээлийн хүү нь бага, тавигдах нөхцөл нь ч буурчээ. Улмаар энэ нь түүнийг дахин дахин зээл авахад хүргэж, санхүүгийн чадамжгүй байдалд хүргэсэн байгаа юм.

Энэ нь зөвхөн нэг хүний асуудал биш, харин цахим зээлийн системийн сул талыг харуулж буй эмгэнэлтэй жишээ юм.

ЗӨВХӨН ИРГЭДИЙН АСУУДАЛ БИШ — ТОГТОЛЦООНЫ ДОГОЛДОЛ

Цахим зээлтэй холбоотой асуудал нь зөвхөн хэрэглэгчийн зан төлөв бус, зээл олгогч байгууллагуудын ил тод бус нөхцөл, өндөр хүү, хүүгийн хүүгийн дарамт зэрэг олон асуудалтай салшгүй холбоотой. Түүнчлэн, хууль эрх зүйн орчин, хяналт зохицуулалтын тогтолцоо гүнзгийрүүлэн сайжруулах шаардлагатай байна.

ТҮР ЗУУРЫН ХЯЛБАР ХЭРЭГЛЭЭ, УРТ ХУГАЦААНЫ ХҮНД ДАРАМТ

Цахим зээлийн хэт хүртээмжтэй байдал нь нэг талаас санхүүгийн дэвшил мэт харагдавч бодлогын зохицуулалтгүй, иргэдийн санхүүгийн мэдлэггүй байдалтай огтлолцож нийгмийн эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. “Хялбар хэрэглээ” нэрийн дор өрийн дарамттай амьдрах ирээдүйг иргэд өөрсдөө ч мэдэлгүйгээр сонгож буй нь эмгэнэл биш гэж үү...

Иймд иргэн бүр санхүүгийн боловсролтой байж, зээл авах шийдвэрийг хариуцлагатайгаар гаргах шаардлагатай бөгөөд төр, хувийн хэвшлийн аль аль талд ил тод байдал, хариуцлага, шинэчлэл шаардагдаж байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.