dobu.mndobu

Төсөв түйвээсэн төрийн дайснууд ил болж, Сангийн сайд нь саалиа хаяад зугтав

Төсөв түйвээсэн төрийн дайснууд ил болж, Сангийн сайд нь саалиа хаяад зугтав

Монгол Улсын 2025 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусаж, гуравдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна. Парламентад олон суудал авсан Монгол ардын нам өөрийн хөнжилдөө Ардчилсан нам, ХҮН намыг татан оруулснаар сөрөг хүчингүй парламентад “хөөе” гэх хүнгүй туйлж эхэлсэн. Товчхондоо “Намайг хэн хэлж, нохойг хэн саахав” гэдэг шиг дур зоргоороо аашилж, аяглаж эхлэхтэй зэрэгцэн төсөв орж ирсэн юм. 

Дөргүй бух шиг аашилж явсан эрх баригчдад өнөө “Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл төсвөөр шүгэл үлээж, Ардчилсан намын Э.Одбаярын төрийн мөнгөөр Фукуок арал руу аяласан нислэгийн тийз, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн гадаад улсад “зугаалсан” 300 гаруй сая төгрөгийн тийзний төлбөрийг ил болгосноор төсвийг сонирхолтой болж эхэлсэн. Түүний араас Ардчилсан намын УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ч.Номин сайдын 18.3 тэрбумаар хүүхдүүдэд кино үзүүлэх ваучер нэрээр төсвийн мөнгийг цацах гэж байсныг илчилсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар төсвийн зарлага тартагтаа тулж, төсвийн мөнгөөр туйлж байгааг эсэргүүцэн мэдэгдэл хийж, 3.6 их наяд төгрөгөөр төсвийн зарлагыг бууруулах шаардлага хүргүүллээ. 

Хөнжил дотроосоо хамраа ч цухуйлгах дургүй байсан ч МАН, АН-ынхан ард түмний өмнө ам асуулгах болж байна. Гаднаас нь Б.Цогтгэрэл, дотроос нь Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн нар амар амгалангийн замаар саадгүй явж байсан төсөвт “гай” тарьж, гал өрдсөн. Хэлэлцэж тохирсон мэт МАН, АН-ын ийм чихгүй толгойнуудын “лай”-г хамтарсан Засгийн газар үүрч таарна. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг шувтарч байгаа үед төсвийг задлах зүрх зориг тэр бүр гишүүдээс гараад байдаггүй. Ийм үймээн ч төдийлөн их гарч ч байсангүй. Ингэж л төсөв түйвээсэн төрийн дайснууд ил болж, төсөв дагасан хулгай, нууцыг ил болгож байна. 

Засгийн газрынхаа төсвийг задлуулах хэмжээнд хүргэсэн Хяналтын сайд Э.Одбаяр, Соёлын сайд Ч.Номин нарын хувь заяа наашаа биш цаашаа эргэсэн. Цагийн салхи нь буруу эргэжээ гэсэн үг. Тиймээс энэ хоёр сайдаа “хөөж” явуулах нь цаг хугацааны асуудал болж үлдээд байна. 

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Цахим хөгжил, инновац, харилцааны сайд Ц.Баатархүү тэргүүтэй АН-ын сайд нар төсвөө хэлэлцүүлэхгүй алга болж, хамаг гал, хатуу ширүүн үгийг нь ЗГХЭГ-ын Н.Учрал шаварт унасан шарын эзэн гэгчээр үүрч байх шиг байна. Парламентын өмнө Н.Учрал сайд нуман тулгуурт орж байхад төсвөө хамгаалах ёстой хамгийн гол Сангийн сайд Б.Жавхлан нь харин зугтаад алга болчихсон. Нэрэндээ л хайртай болохоос нэг их улс орноо хайрлаж ирсэн нь юу л бол хэмээн яригддаг Сангийн сайд Б.Жавхлан гал тойрч зугтан төсвийнхөө ард гарах гэж үйлээ үзэж байгаа харагдах юм. Ч.Хүрэлбаатар шиг төсвөө цээжээрээ хамгаалж, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад долоон удаа хориг тавиулаад гандан буурахгүй яс үздэг улс төрийн эр зориг түүнээс харагддаггүй. Өндөр сайхан нуруутай, бие томтой л болохоос зориг зүрх нь яамны газрын дарга нарт хааяа нэг гар хүрчихдэг ааш шигээ л жижигхэн юм билээ. 

Төсөв ямартай ч  ингэс гээд гал дундуур дуучин Н.Учрал шиг муу хүнгүйгээр батлагдаад дуусах биз. Харин МАН, АН-ын хамтарсан Засгийн газар хэр хэврэг вэ гэдэг нь ганцхан төсөв дээрээс харагдаж байна. Ардчилсан намынхан нь зугтаж, МАН-ынхан нь мангайж байгаад эрчим хүчний реформ хийнэ гэдэг үлгэр шүү. Цаашлаад БНХАУ-ын “Чайна Энержи” групптэй хамтран Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих ажил гацаанд орохоор харагдаж байна. 

Оны дараа өргөн барьж, хэлэлцэхээр төлөвлөгдөөд байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал ч гацаанд орно. Гацаанд орж, галаас гаргах эр зориг энэ хүмүүст алга. Оронагийн хэлэлцээр, том төслүүд гараанаасаа хөдлөх эсэх нь ийм эр зориггүй, ийм эрч хүчгүй, ийм эрээ цээргүй сайд нарын үед явахгүй л дээ. Ганц Н.Учрал гал атгаад ч дааж давшгүй том ачаа ирнэ. “Шилэн Цогоо” нь гаднаас нь шараад МАН, АН-д ийм чихгүй толгойнууд сөрөг хүчин болсоор байвал хамтарсан Засгийн газрын хөг төд удалгүй дуусах байлгүй. 

Э.Одбаяр, Ч.Номингоос эхлээд бүтэл нь буруу зүгтээ эргэсэн сайд нараасаа салахгүй бол шударга ёс ярьсан Ерөнхий сайдаа ч татаж унагахад ойрхон байх шүү. 

Э.МӨНХЖИН

Хуваалцах:

|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

14 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

37 минутийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

8 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.