0
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр болсноо албан ёсоор зарлаж, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хороонд нэр дэвших хүсэлтээ өглөө.
Энэ үеэрээ тэрбээр "Миний бие өнөөдөр Ардчилсан намын даргыг сонгох журмын дагуу Үндэсний бодлогын хорооны байгуулсан Дотоод сонгуулийн хороонд намын даргад нэр дэвших хүсэлтээ хүргүүллээ.
1992 онд АН-д элсэн, батламжаа авч, сумандаа ухуулагч хийж эхэлснээс хойш энэ намд зүтгэх сайхан боломж гарч ирсэн. Улс төрд идэвхтэй оролцож эхэлсэн 2009-2012 оны хооронд Ховд аймгийн АН-ын даргаар ажиллаж, энэ намыг анх удаагаа Ховд аймагт ялалт байгуулах үүдийг нээсэн. 2012-2015 оны хооронд Гадаадын иргэний харьяатын асуудал эрхлэх газар, Иргэний харьяат шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын даргаар ажиллаж, монголчуудын сайхан амьдрах боломжийн төлөө ажиллаж байлаа.
2016 оноос хойш өнөөдрийг хүртэл гурван сонгууль дараалан ялж, ард иргэдийнхээ хэлж дамжуулсан захиасыг Монгол төрийнхөө хууль тогтоомж, бодлого болгохоор ажиллаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд өнөөдрийн эрх баригчдын буруу шийдвэртэй байнга тэмцэж ирлээ.
АН-ын дарга болбол би гурван зүйлд голлон анхаарч ажиллана. Үүнд,
Нэгдүгээрт, Чөлөөт зах зээлийг шинэ шатанд гаргах, баруун төвийн үзэл баримтлалаар ажиллах боломжийг нь бий болгоно.
Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо хэт их болсон. Нийт эдийн засгийн 40 хувь нь төсвөөр дамжиж хэрэгжиж байна, 30 хувь нь төрийн өмчит компаниар дамжиж хэрэгжиж байна. 10 хувь нь дарга нарын голцуу төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийдэг 5000 компани гээд Монгол Улсын нийт эдийн засгийн 75 хувь нь төсөв, төрийн өмчийн компани, дарга нарын компанитай холбоотой болчихоод байгаа юм. 25-хан хувь дээр монголын эдийн засаг явж байгаа. Энэ бол иргэдийн амьдрах боломжийг төр лүүгээ авсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу шилжсэн орон болсныг харуулж байна. Төр өнгө ороод гялалзаад байх тусам, иргэдийн амьдрал муудаж, аж ахуй нэгжүүдийн орлого багасдаг. Тиймээс төрийн оролцоог бага байлгах тал дээр илүү сайн ажиллана.
Хоёрдугаарт, хариуцлага. Өнгөрсөн 9 жилийн турш МАН үнэмлэхүй олонхоор засаглахдаа монголчуудад ирэх ёстой байсан бүх боломжийг хулгайлсан. Төсвийн хулгай, ковидын хулгай, ногоон автобусны хулгай, ЖДҮ-ийн хулгай, нүүрсний хулгай гээд маш их хулгайг өнгөрсөн хугацаанд хийсэн. Энэ бүхэндээ хариуцлага тооцож байгаа юм алга. 2028 онд АН ялалт байгуулснаар төрийн нэрээр хулгай хийсэн хулгайч нарт маш хатуу хариуцлага тооцох болно. Хулгайн мөр жимтэй, хулгайлсан мөнгө мөртэй.
Гуравдугаарт, Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг бүрэн авчрахын төлөө хамтарч ажиллах болно" хэмээн хэллээ.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ардчилсан нам хагаралтай удаан явлаа. Намын дарга болбол та үүнд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-2012-2016 онд АН асар их бүтээн байгуулалтын ажил хийснийг монголчууд бүгд мэдэж байгаа. Гэхдээ 2016 онд АН-аас есхөн УИХ-ын гишүүн гарсан. Үүнд голлон нөлөөлсөн зүйл бол бидний эв нэгдэлгүй байдал, Засгийн газраа унагаасан асуудал. Тиймээс биднийг эв нэгдлээ хангаад ир гэж ард түмэн бидэнд дүн тавьсан. Гэтэл энэ эв нэгдэл 2020, 2024 оны сонгуулиар ч бий болж чадсангүй. АН-ын эв нэгдлийг бий болгох нь ялалтын хамгийн чухал зүйл. Тиймээс эв нэгдлийг хангах тал дээр анхаарч ажиллана.
-Сөрөг хүчний тал дээр цаашдаа хэрхэн анхаарах вэ?
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хамгийн их шүүмжлэл хэлж байсан хүн нь би. Түүний Засгийн газрыг унагахыг ч би дэмжиж байсан. Мэдээж дэмжиж байсан зүйл ч бий.
-2028 онд АН ялах найдвар байна уу?
-2028 оны сонгуульд АН ялах нь хулгайч нарт хариуцлага тооцох хамгийн том боломж байх болно. Үүнд манлайлж ажиллана.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.