0
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд сургуулийн анги танхимын хүртээмжийн асуудал хөндөгддөг билээ. Нэг ангид 50, 60 сурагч сурч байгаа нь хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн шижир байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “2026 оны Улсын төсвийг хараад, дүгнэлт хийгээд сууж байхад зөвхөн боловсролын салбарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн болон өргөтгөл барилгын 2-5 жил баригдаж буй төсөл 91 ширхэг, 5-с дээш жил баригдаж байгаа төсөл 4 ширхэг тус тус байна. Эдгээр төслүүд нь нийт дүнгээр анхны төсөвт өртөг 639.9 тэрбум байсан бол сүүлийн төсөвт өртөг нь 732.3 тэрбум болж 92.5 тэрбум төгрөгөөр өссөн харагдаж байна.
Улсын хэмжээнд нийт 33,180 хүүхдийн багтаамжтай 95 сургууль, цэцэрлэгийн барилга 2-с дээш жилдээ ашиглалтад орж чадахгүй хүлээгдэж байна. Ирэх жил орно гэж тооцвол 3-аас дээш жил гэсэн үг.
Задалбал Улаанбаатар хотод нийт ЕБС-ийн 6940 хүүхдийн багтаамжтай 10 сургууль 3.3 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй хүлээгдэж байна. Ирэх жил орно гэж тооцвол 4.3 жил. Орон нутагт 20,540 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэг дунджаар 2.4 жилийн барилгажилтын хугацаатай ч ашиглалтад ороогүй ирэх жилийг хүртэл хүлээгдэж байна. Мөн л ирэх жил орно гэж тооцвол 3.4 жил. Цэцэрлэгийн хувьд Улаанбаатарт нийт 540 хүүхдийн ортой 2 цэцэрлэг 3 дахь жилдээ барилгажилт, орон нутагт 5160 хүүхдийн ортой 37 төсөл 3.2 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй тус тус хүлээгдэж байна. Ашиглалтад орох хугацааг мөн л ирэх жил гэж тооцвол 4.2 дахь жилдээ ашиглалтад орох нь.
Энэ хугацаанд төсвийн алдагдал, бүүр цаашлаад ашиглалтад ордоггүй сургууль, цэцэрлэгээ хүлээж хэчнээн хүүхэд сурах орчноор хохирч байна вэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Хүүхэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн хуулийн заалт хаачив...
320-хон хүүхдийн багтаамжтай Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн өргөтгөл барилга 2018 онд анх 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эхэлж байсан бол нийт 8 жилийн хугацаанд батлагдсан төсөвт 5.1 тэрбум болсон байх жишээ байна.
Ердөө 1-2 жилд барьж дуусгах боломжтой сургуулийн барилгыг бүтэн 8 жилээр чирэгдүүлж, төсөвт өртгийг гурав дахин өсгөж байна.
Энэ мэт төсвөөс салбар салбарын үргэлжилсэн, сунжирсан, төсөв урсгасан, үнэг турж үхтэл хүлээлгэсэн төслүүд дээр дүгнэлтүүд хийж сууна.
Ядаж л эхлээд сургууль, цэцэрлэгийг барилгыг 1-2 жилд барьж дуусгадаг улс болъё. 2000 айлын хотхоныг ганц, хоёрхон жил барьчихдаг сайд танхимд чинь сууж байхад үлгэр жишээ ав л даа.
Бүгдийг биш чухлыг... Амсуулж тавьсаар байтал аль ч үгүй болоод байна энэ улсын төсөв жил бүр" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.