dobu.mndobu

Ерөнхий сайд тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов

Ерөнхий сайд тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.08/-нд Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна.

"Бүтлийн Ундарга” ХХК нь сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг байна.  Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хураажээ.

Тус компани нь “Атрын-4” аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.

Улаанбуудайн үрийн шинэчлэлд анхаарч Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская сортын улаан буудай импортлон амжилттай нутагшуулсан байна.

Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийжээ.

Урьдчилсан балансаар Орхон аймаг 8958 тн улаанбуудай, 1457 тн төмс, 5760 тн хүнсний ногоо, 1076 тн малын тэжээл, 1393 тн тосны ургамал хураан авна. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцжээ.

Энэ жил Орхон аймгийн нутгаар олон жилийн дунджаас 21.7 мм-ээр ахиу хур тунадас орсон нь ургацад эерээгээр нөлөөлсөн байна.

Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тонны багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-аар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.