dobu.mndobu

Бүтэлгүй Я.Содбаатар МАН-ыг бүү хэл Монголыг хуваачихлаа

Бүтэлгүй Я.Содбаатар МАН-ыг бүү хэл Монголыг хуваачихлаа

Төрийн эрх барьж буй ууган нам дотор эргэж эвлэхэд хүндхэн хагарал бий боллоо. Энэхүү хагарал нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцрохтой зуузай холбон өрнөж, намрын сард улам ч хурцдав. Намынхаа даргыг байнга 90-ээс дээш хувийн саналаар сонгож ирсэн МАН-ынхан түүхэндээ анх удаа даргын төлөө ширүүхэн тэмцэл өрнүүлж, нэгэндээ гав дөнгө зүүхдээ тулчхаад байна. Энэ нь өнгөрөгч 2024 оны долоодугаар сараас хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Я.Содбаатарын үнэн нүүр царай. МАН-ын гал тогоог барьж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар эв нэгдлийг эрхэмлэж, туг нь болж ирсэн бол Я.Содбаатар туг бүү хэл тугал ч байж чадсангүй. Үнэн хэрэгтээ эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх “бүтлээ бүлээн усаар угаачихсан” нөхөр намаа хагалж, нийгмийг ч талцуулж, хэзээ зогсох нь мэдэхгүй тэмцэл өрнүүлчихлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын босгож ирсэн МАН-ын энэ зовлон Монголын зовлон болчихлоо. Эцэст нь энэ зовлонг ард түмэн л нуруундаа үүрч үлдэнэ.

МАН-ЫН ГЕНСЕКЭЭР Я.СОДБААТАР БИШ Д.АМАРБАЯСГАЛАН АЖИЛЛАДАГ

Бага хурлын 100 гишүүн ч багцалж чадахгүй байгаа Ерөнхий нарийн бичгийн даргатай ирэх 2028 оны сонгуульд орох юм бол ёстой л амаараа шороо үмхэж таарна. Шуудхан хэлэхэд Я.Содбаатар шиг нөхөр цаашид ажиллавал МАН элгээрээ хэвтэнэ гэсэн үг. Өнгөрөгч бямба гаригт болсон Бага хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатар дотны найз Генсектээ ихээхэн итгэж, бардамхан өрсөлдсөн байх. Гэтэл өнөөх нь найзынхаа төлөө Бага хурлын хэдхэн гишүүн ч багцалж чадаагүйд бухимдсан байлгүй. Үнэн хэрэгтээ өдгөө Засгийн газарт байгаа Бага хурлын хэдэн гишүүн сайд нарын нөлөөлөлд байдаг цөөн тооны хүн л Г.Занданшатарыг дэмжээд уналаа. Түүнд Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс ямар ч дэмжлэг байгаагүй, Ерөнхий сайд өөрийнхөө бор зүрхээр яваад унасан. Гэтэл МАН-ын Генсекийн ажлыг өгөөд нэг жил гаруй хугацаа өнгөрсөн Д.Амарбаясгалан үнэмлэхүй гэж болохуйц ялалт байгуулж байгаа нь МАН-ын Генсекийг Я.Содбаатар биш УИХ-ын дарга Д.Амарбаясгалан давхар хашиж ирсэн гэж болохоор байлаа. Я.Содбаатар намын бүтэц бүрэлдэхүүнд ч өөрийн хүмүүсээ, багаа шургуулж чадаагүй арчаагүй дарга гэдэг нь харагдана. Үүний зэрэгцээ Б.Энхбаярыг Хяналтын хорооны гишүүдийн саналаар намаас хөөчхөж байгаа нь ч энд Ерөнхий нарийн бичгийн даргын нэг ч хүн байхгүй байгааг давхар илтгэнэ. Өнөөдөр нэр бүхий гишүүд МАН-аас гарах тухай мэдэгдэл хийж байгаа Я.Содбаатарын ажлын нэгээхэн үзүүлэлт юм. 

ЯНГУГ ОВОГТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НҮҮРИЙГ ХӨӨДӨӨД ЗОГСОХГҮЙ НАМАА САМАРЧИХЛАА

Янгуг овогт бол ард түмэнд бүү хэл Ардын намд ч гавьяа байгуулаагүй, хаа очсон газраа гай тарьж, өрмийг нь хүртэж ирсэн хүн. Намын удирдлагуудаас удаа дараа дэмжлэг авдаг ч түүнийгээ байнга нурааж ирсэн. Анх 1999 онд өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн даргаар их улс төрд хөл тавьж байсан урагшгүй нөхрийг Мэргэжлийн хяналтын газрын дарга хүртэл дэвшүүлсэн ч ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй шалтгаанаар чөлөөлөгдөж байв. Аанай л намынх нь удирдлагууд залуу боловсон хүчин хэмээн үзэж, МАН-ын орон тооны Нарийн бичгийн даргаар томилж, улмаар Үйлдвэр худалдааны сайдын Зөвлөх, Дэд сайдын албан тушаалаар дамжуулан, 2012 онд УИХ-ын гишүүн болгосон. Үнэхээр дэмжээд явдаггүй хүн бол Я.Содбаатар. Тэр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа санаачилж, батлуулсан хууль ч гэх юм байхгүй. Зүгээр нэг кнопчин, ашиг хонжоо хайгч байсан нь олон зүйлээр батлагдана. Түүний нөхцөл байдал хэдий ийм байлаа ч МАН-ын удирдлагууд ахин дахин дэмжин, 2018 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар итгэл хүлээлгэн томилсон ч тэр давуу байдлаа ашиглан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас ихээхэн хэмжээний зээл хоёр ч удаа авсан асуудлаар сайдын суудлаас хөөгдсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн арав гаруй жил намын удирдах алба хашиж, Төрийн өндөр дээд албан тушаалд байгаагийн хувиар түүнд чамгүй дэмжлэг үзүүлсэн байх. Олон нийт ч ийн хардаг. Энэ ч утгаараа Я.Содбаатар томилогдсон албан тушаал бүрдээ балаг тарьж явсаар Ерөнхийлөгчийн нүүрийг хөөдөж, нэрийг нь барлаа. Одоо бүр дэмжлэгийн хариуд бүхэл бүтэн намыг нь самарчихлаа.

ШАДАР САЙД БОЛГООД Ч ШАЛБААГААСАА ГАРЧ ЧАДААГҮЙ

У.Хүрэлсүх 2020 онд Засгийн газраа байгуулахдаа дэмжиж, Шадар сайдаар томилсон ч цар тахлын хүнд хэцүү үед Шадар сайдын хувиар Улсын онцгой комиссыг тэргүүлж ажилласан ч ажлаа хийж чадаагүй. Тийм учраас бусад улс төрийн хүчин, ард түмний шахалтаар түүнийг огцруулсан. Янгуг овогтыг огцруулах санал мянга мянган иргэдээс ирж байсан учраас яах ч аргагүй буулгасан. Тухайн хүнд үед хүний эрхийг уландаа гишгэж цаг үеэ мэдэрч чадаагүй, зохион байгуулалтгүй ажилласан гэх үндэслэлүүдийг гаргаж тавьж байсан юм. Харин Шадар сайд Я.Содбаатар “Шийдвэр дээрээ зөв, доороо гүйцэтгэл дээр алдаа гарсан, хариуцлага тооцох чиглэл өгсөн байгаа” хэмээн өөрөөсөө зайлуулж суусан бүтэлгүй сайд байв. Ийнхүү У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдон, дахин түүнд итгэл үзүүлэн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар сонгож, улмаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон нь өнөөдөр ууган намыг хагалж бутлаад зогсохгүй Монгол Улсыг ч дунд нь хуваачихлаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ИХ МЭДЭГЧ

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.