dobu.mndobu

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр аа Ц.Чулуунзагдаас уучлалт гуйгаач ээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-16

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр аа Ц.Чулуунзагдаас уучлалт гуйгаач ээ

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг өдгөө дуулиан болоод байгаа “Бор тээг”-ийн ордтой холбогдуулан, баривчлан шалгаж байгаа билээ. Тэр одоогоор сэжигтнээр шалгагдаж байгаа бөгөөд уг асуудлыг тойрсон янз бүрийн мэдээлэл ихээхэн тарж байгаа. Тэр тусмаа УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын албан тушаалтны зүгээс шүүхээр нотлогдоогүй байхад нь ямар нэгэн байдлаар хамаатуулан, хэргийн материалтай танилцсан мэтээр гүтгэн мэдээлж байгаа нь харамсалтай.

 

Тиймээс түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг Ц.Чулуунзагд нарыг “Бор тээг”-ийн орд газартай холбоотой хэмээн анх шүгэл үлээж, баримттай мэт ярьж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандан мэдэгдэл, хүсэлтийг хүргүүлжээ.

 

Тэрбээр мэдэгдэлд дурдахдаа “УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан, манай үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын талаар ор үндэслэлгүй, илт худал мэдээллээр гүтгэж, түүний нэр төрийг гутаах, нийгэмд шүүхийн бус журмаар иргэнийг яллах ноцтой үйлдлийг удаа дараа гаргалаа”

 

Мөн “Талийгаач Хасбаатарын гарын үсгийн дардас Ц.Чулуунзагдаас гарч ирсэн. Тэр хүний санхүүгийн гүйлгээ хийж байсан эсэхийг АТГ шалгаж байгаа. Өмгөөлөгч нь тийм зүйл байхгүй гэж байгаа ч Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах процессын хуулиар хавтаст хэргээ шалгасны дараа өмгөөлөгчид танилцуулдаг гэх мэт илтэд худлаа мэдээллийн төлөөлөл бүхий сэтгүүлчид өгсөн нь телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар гарсан билээ. Б.Энхбаяр хэргийн материалтай танилцсан талаарх баримт мэдээлэл одоогоор байхгүй болно” хэмээжээ.

 

Өмгөөлөгч мэдэгдэл хүсэлтэд дурдахдаа Б.Энхбаяр нь тус хэргийн оролцогч биш. Энэ бүх зүйлийг ярихдаа Б.Энхбаяр хэргийн материалтай танилцсан хүний дүр эсгэж, хуурамч хэргийн зохиол гарган, миний үйлчлүүлэгчийг хүн амины хэрэгт гүтгэн нэр төрд нь хууль бусаар халдан, илт худал мэдээллийг нийгэмд тараан, шударга хүний дүр эсгэж байгаад харамсаж байна. Түүнчлэн аливаа банк санхүүгийн байгууллага иргэний харьяалал үл хамааран хувь хүний гарын үсгийн дардсаар гүйлгээ хийдэггүй болно. Ц.Чулуунзагдын ажлын байр болон гэрт нэгжлэг хийх, хурааж авсан эд зүйлд нотлох баримтын үзлэг хийх үед өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар байлцсаны хувьд түүний гэрт болон ажлын байрнаас ямар нэгэн гарын үсгийн дардас олдоогүйг урьд мэдэгдэлд дурдсан болно.

 

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйна гэдэгт итгэж байна.

 

Шаардлагатай бол бид шүүхэд хандаж Ц.Чулуунзагдыг удаа дараа гүтгэснийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах болно гэжээ.

 

Ц.Чулуунзагд бол гэмт хэрэгтэн биш. Яагаад гэхээр түүнийг гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй, шалгагдаж буй сэжигтэн. Гэтэл Хууль тогтоох дээд байгууллагын Түшээ ийнхүү баримттай юм шиг ярьсныг олон нийт улстөрийн зорилгоор гэж харж байгаа. Нөгөө талаар түүнээс “Танд нотлох баримт бий юу, түүнийгээ харуул” гэхээр байдаггүй, булзаж бултаж байгаагаас харахад баримт байхгүй нь илт. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ц.Чулуунзагдаас уучлал гуйх шаардлагатай.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.