Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргаа өөрийнх нь хүсэлтээр буулгаж авсан бол Ерөнхий сайдаа ямар ч үндэслэлгүйгээр Үндсэн хууль зөрчин байж буулгаад авсан. Харин ард олонд хүлээлт үүсгээд байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарч ирээд “Энэ Монгол Улс чинь Үндсэн хуультай орон шүү” гэдгийг харуулан, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьчихлаа.
Үүнээс өмнө Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдыг огцруулсан нь хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан. Харин улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан, Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаан хийхгүйгээр асуудлыг шууд Их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Тэгэхээр хуралдаанаас гарсан шийдвэрийг ирэх лхагва гаригт танилцуулна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэдэг бол Их суудлын хуралдааныг хэлэлцэхгүй, эцсийн шийдвэр байна.
Нөгөө талд ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдөр МАН-ын Их хурал зарлагдсан. Үүний бэлтгэл ажлыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хангуулан ажиллаж, намын анхан дунд шатанд үүрэгжүүлсэн бол Д.Амарбаясгалангийн тал намын Их хурлын наана Бага хуралдааныг зарлан хуралдуулахаар ажиллаж байгаа аж. Тэдний хувьд Ерөнхий сайд Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга С.Амарсайхан гэх мэт томилгоо хийхээр яарч байгаа нь ойлгомжтой. Гэвч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр хоёрхон хоногийн дараа гарах учраас Бага хурал зохион байгуулах нь худлаа л болов уу. Тэгээд ч хоёр талцан үзэж байгаа нөхцөлд Бага хурлын гишүүдийн ирц бүрдэх ч үгүй биз.
Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийх, Үндсэн хуулийн цэц ч ийм шийдвэр гаргах болов уу. Харин Ерөнхий сайдыг огцруулахад өндөр оролцоотой байсан АН-ын бүлгийнхэн чухам ямар улс төр бэлдэж байгааг одоогоор мэдэх юм алга. Ерөнхийлөгчийн хориг дээр өөрсдийнхөөрөө зүтгэж болох ч Их суудлын хуралдааны шийдвэрийг тэд яаж ч чадахгүй. Их суудлын дээр АН биш зөвхөн мөнх хөх тэнгэр л байдгийг санах хэрэгтэй.
Тэгэхээр улс төрийн өнөөгийн нөхцөл байдал МАН-ын Их хурал хүртэл өрсөлдсөн хэвээр байна. Харин Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ямар гарахаас шалтгаалж, улс төрийн нөхцөл байдал өөрөөр эргэнэ. Хэрэв Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл яах юм. Ахиад Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх юм уу. Үндсэн хуульд нийцүүллээ гээд гомдол гаргасан Г.Занданшатар нь ялж чадах уу. Эсвэл Байнгын хороо,чуулганы хуралдаанаар оролгүй шууд Цэцийн шийдвэрээ тэврээд МАН-ын Их хуралд оролцох юм уу.
Мөн Бага хурлаар ялалт байгуулсан Д.Амарбаясгалангийн ялалтыг бататгах юм уу, хууль зөрчсөн гэж үзэх юм уу. Хэрэв хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Их хурлаар дахин даргын “тулаан” өрнүүлэх юм уу.
Нөгөө бол ялж ч чадахгүй, ялагдаж ч чадахгүй төрийн ажил гацааж байгаа нөхдөө орхиод тэс өөр дүр тодрох юм уу гээд олон эргэлзээтэй асуудал энэ долоо хоногт өрнөнө. Энэ бүх эргэлзээг тайлах өрсөлдөөн болно. Гагцхүү хуулийн дагуу өрнөж гэмээнэ ялагч тодорч, төр улс эмхлэгдэх биз ээ.
Их Мэдэгч