Улс төрийн ийм эгзэгтэй үед ухаан зарж, мөрөн дээрх толгойгоо авч үлддэг болохоос УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шиг бусдын “илд”-ний дор аваачиж хаяад байдаггүй юм. Эртнээсээ л “Ноёнтой үзсэн хүн толгойгүй” гэдэг биз дээ. Тэр өчигдөрхөн УИХ дарга, улс төрийн нөлөөллөө МАН-д байтугай төрд тогтоочихсон Д.Амарбаясгалангийн өөдөөс босож байгаа нь олныг цочоосон байх. Түүний өөдөөс боссон нөхөд тогтоолтой, тогтоолгүй буруудаж яллуулсан нь ч бий. Янгиагаа арай гэж авч үлдсэн нь ч бий. Энэ тухай Спикер асны ус нутгийнх нь ах, УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд тодорхой хэлнэ лээ.
Тэгэхээр энэ ихээхэн тэнэг хүн байх. Эсвэл ясны тэмцэгч, муйхар зоригтой нөхөр байх. Аль нь ч бай Б.Энхбаяр гэх УИХ-ын гишүүн улс төрийн энэ адармаатай замд карьераа бусдын хөлд хаяж өгчхөөд үзээд байгааг нь харахаар ясны тэмцэгч нэгэн мэт. Гэтэл “Халдавч хар халзандаа” гэдэгчлэн УИХ-ын дарга руу ноцож байгааг нь харахаар муйхар, тэнэгдүү зоригтой хүн мэт. Хэн ч харсан хайран ирээдүй гэж халаглахаар зам туучиж байна.
Гэхдээ тэр зуны сүүл сараас эхлэн ноцож, намрын дунд сард УИХ-ын даргаа өөрийнх нь хүсэлтээр буулгаж авлаа. Цаадах нь гүтгэлээ хэмээж байгаа ч одоогийн байдлаар Б.Энхбаярыг ихэс дээдсээ гүтгэсэн хэргээр шийтгэж жанчаагүйг бодоход үнэн л хэлсэн бололтой. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын дарга нь өөрийн хүсэлтээр бууж байгаа нь Б.Энхбаярын гаргаж ирсэн баримт үнэн гэдгийг батгатгах мэт харагдана.
Үнэнийг хэлэхэд төр, төсвийн хулгай дээрэм хэрээс хэтэрсэн энэ үед Б.Энхбаяр шиг улстөрчид олон байгаасай. Хэрвээ улс төрийнхөө карьерыг бодоод ил гарч чадахгүй залуу улстөрчид байгаа бол олуулаа болоод тэмц гэж хэлмээр байна. Одоогийн парламентад шударга үнэний талд зогсох залуу улстөрчид бий.
Төсвийн орлого бүрдүүлж байгаа гол экспортын бүтээгдэхүүн нүүрсээ 44 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээнд хулгайлчхаад байхад хэн ч дуугараагүй. Харин Б.Энхбаяр “Нүүрсний сонсгол” зохион байгуулан, олон хүнийг улайлгасан, гагцхүү гол эх үүсвэрийн өмнө хүчин мөхөстөж байсан ч өдгөө гол эзнээ улайлгах зам дээр нэгэнт гаргачхав уу гэмээр харагдана. Хөгжлийн банкны дээрэм, тендерийн хулгай, албан тушаалын наймаа, авлигын асуудал хэрээс хэтэрчихсэн байхад УИХ-ын гишүүд, сайд нараас хэн нь хэзээ хаана юу гэж дуугарч байлаа. Сонссон ч дуулаагүй мэт, харсан ч хараагүй мэт чимээгүйхэн кнопоо худалдаад сууж байдаг нь нууц биш. Харин өнөөдөр Б.Энхбаяр энэ бугшсан асуудлын гүн рүү нэгэнт орчихлоо. Зогсож ухрах ч үгүй харагдана лээ. Түүнийг одоо харлуулж, элдвээр боорлож байхаар дэмжээд илүү олон хулгай дээрмийг ил болгох ёстой. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг дээ. Бүгдээрээ нийлээд илчлэх ёстой.
Б.Энхбаярыг гэнэт өнөөдөр улс төрийн дуулиан дундуур гарч ирээд эрх ашгийн төлөө гүйгээд байна гэж бичиж ярих болжээ. Шуудхан хэлэхэд сайдын төлөө зүтгэж байна гэх. Улс төрийн зорилгоор хэргээр бичүүлж яриулдаг ч байх. Үнэхээр харддаг ч байх.
Ямар ч тэнэг ийм эгзэгтэй үед зөнгөөрөө өсөж яваа карьераа дэнчинд тавиад сайдын төлөө гүйхгүй. Г.Занданшатар хулгайтай тэмцэхэд ганцаардсан учраас хань болж чадна гэдэг үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын санал тавьсан нь ийнхүү мушгигдан ойлгогдож байх шиг. Тэгээд ч Л.Мөнхбаатар шиг хаашаа л бол хаашаа өнхөрч байдаг бөөрөнхий нөхөр нүүрсний хулгай илрүүлэх нь бүү хэл нүднийхээ өмнө хулгай хийлгэх биз.
Түүний энэ тэнэгдүү зориг, ясны тэмцэгч чанар эртнээсээ байсан. Лавтай УИХ-д орж ирэхээс нь өмнө байж л байсан. Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ажиллаж байхдаа л жинхэнэ сайдынхаа өөдөөс цоролзож, ажлыг нь зааж байсан нөхөр. Тэр нь хэн бүхний халдахаас эмээдэг, болж өгвөл булзаж тойрдог Цэндийн Нямдорж шүү дээ. Тиймээс Ц.Нямдорж өөрийнх нь хамаг булайг дэлгэчих гээд байсан Дэд сайдаа хөөцөлдөж байж явуулж байсныг мэдэх байх. Саяхан даа, тэр Л.Оюун-Эрдэнийг “Бүхний эзэн” мандаж байхад буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард МАН-ын бүлгийн хуралдаан дээр “Ах дүү хоёр аятайхан байгаарай, ард түмэн та хоёрын жүжгийн тайз биш шүү. Женко та хоёр хэтрээд байгаа шүү” хэмээн сануулж л байсан.
Олон зүйл нуршаад яахав. Хулгай дээрэмтэй тэмцье гэвэл Б.Энхбаярыг харлуулж хардалгүй дэмж.
Их Мэдэгч