dobu.mndobu

Ц.Элбэгдорж: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзах хамгийн оновчтой газар нь Монгол Улс байх болно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-28

Ц.Элбэгдорж: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзах хамгийн оновчтой газар нь Монгол Улс байх болно

БНСУ-ын Кёнжү хотод АПЕК (Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа)-ийн дээд хэмжээний уулзалт аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулагдах гэж буй билээ. Уулзалт болох ойртож буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын дарга Ким Жон Ун нар Панмунжомд (цэрэггүй бүс) уулзах эсэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

Зургаан жилийн өмнөх шиг гэнэтийн уулзалтыг үгүйсгэх аргагүй ч энэ удаад тэднийг уулзах боломжгүй гэсэн байр суурь давамгайлж буй аж.Харин зарим шинжээчид энэ удаад хоёр тал хэлэлцэх асуудлаа тохиролцож, дараа жил гурав дахь газраа уулзах магадлал өндөр гэж үзэж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Цаазын ялын эсрэг олон улсын комиссын (ICDP) гишүүнээр БНСУ-д айлчилж байхдаа энэ сарын 14-ний өдөр KBS телевизэд тусгай ярилцлага өгчээ. 

Ярилцлагадаа, Хойд Солонгос болон АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хамгийн оновчтой газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байх болно гэж онцолсон байна.

Мөн тэрбээр 2018 онд хоёр тал цөмийн зэвсгээс ангижрах талаар ярилцаж чадсан ч одоо эргэлзээтэй болсныг хэлж, Хойд Солонгосын тал цөмийн зэвсгээсээ татгалзах магадлал багатай гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн KBS телевизэд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе. 

Сэтгүүлч: Таныг Ким Ён Сам, Ким Дэ Жун, Ро Му Хён, Пак Гын Хэ, Мүн Жэ Ин, Юн Сок Ёол зэрэг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан бүх хүмүүстэй уулзаж байсан гэж сонссон. Энэ тухайгаа бидэнтэй хуваалцана уу?

Ц.Элбэгдорж: Тэд бүгд мундаг хүмүүс байсан. Би 1990 оноос өмнө Монголын улс төрд орж, коммунистыг эсэргүүцсэн залуучуудын хөдөлгөөн буюу ардчиллын хөдөлгөөний удирдагчдын нэг болж явсан хүн. Тэр хөдөлгөөн 70 жил үргэлжилсэн коммунист дэглэмийг зогсоосон юм. Үүний дараа би Үндсэн хуулийн төсөл боловсруулах хорооны хамтарсан ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ард түмний сонголтоор хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаанд би таны хэлсэн Өмнөд Солонгосын олон Ерөнхийлөгчтэй харилцаж, тэд бидэнд маш их тус хүргэсэн. Манай хоёр орны найрамдалт харилцааг би өндрөөр үнэлдэг.

Сэтгүүлч: Таныг Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод хэд хэдэн удаа айлчилж байсныг мэдэх юм. Тэр дундаа 2013 онд Ким Жон Уны дэглэм засгийн эрхэнд гарснаас хойш тус улсад айлчилсан анхны гадаадын удирдагч нь та байсан. Тэр үед Пёньян болон Ким Чен Ун даргын талаар ямар сэтгэгдэл төрж байв?

Ц.Элбэгдорж: Надад Хойд болон Өмнөд Солонгост хоёуланд нь айлчлах аз тохиож байлаа. Би Пёньянд Үндэсний Ассамблейн залуу гишүүний хувиар, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар айлчилсан. Тэр үед Хойд Солонгост хүний ​​эрх зөрчигдөж байгаа, иргэд нь зовлон зүдгүүртэй байгаа зэрэг асуудлыг хөндөх нь чухал гэж бодож байсан юм.

Тухайлбал, намайг Ким Ир Сений их сургуульд лекц уншихыг хүсэхэд хойд солонгосчууд ардчилал, хүний ​​эрх, зах зээлийн эдийн засагтай холбоотой үг битгий хэлээрэй гэж захисан. Тиймээс тэр гурван үгийг би хэлээгүй. Гэтэл лекцийн маань гарчиг нь “Үүрд дарангуйлал үгүй” гэсэн байсан. Үүнээс болоод Ким Жон Ун даргатай хийсэн уулзалт маань бүтэлгүйтсэн байх гэж боддог. Харин би Шадар сайд Ким Ён Нам зэрэг хүмүүстэй уулзсан. Тэр үед "Монгол Улс Хойд Солонгосынхтой тун төстэй тогтолцоотой байсан ч бид үүнийг өөрчилсөн. Үр дүнд нь манай иргэд чөлөөтэй зорчиж, ярьж, хэвлэн нийтэлж, бизнес эрхэлж байна" гэх агуулгыг би тэдэнд хэлсэн юм. Энэ үзэл санаа, туршлагаа Хойд Солонгосынхонтой хуваалцахыг хичээсэн.

Сэтгүүлч: Тухайн үеийнхтэй (2013) харьцуулахад Хойд Солонгосын нөхцөл байдал одоо өөрчлөгдсөн гэж бодож байна уу?

Ц.Элбэгдорж: Мэдээлэл маш хязгаарлагдмал боловч Хойд Солонгосчууд гадаад ертөнцөөс зарим мессежийг хүлээн авч байна. Ким Ир Сений их сургуульд миний уншсан лекцийг Өмнөд Солонгосын иргэний бүлэг сүүлд солонгос хэл рүү орчуулж, хэвлээд, агаарын баллоноор Хойд Солонгос руу явуулсан гэж сонссон.

Сэтгүүлч: Хойд Солонгос ирээдүйд одоогийн тогтолцоогоо өөрчлөх боломж бий болов уу?

Ц.Элбэгдорж: Хойд Солонгосын ард түмэн хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэй болно гэдэгт би бат итгэдэг.

Хойд Солонгос хэзээ нэгэн цагт чөлөөт орон болж, Өмнөд Солонгос нэгдмэл болно гэдэгт ч мөн бат итгэлтэй байна.

Бид Германы тухай байнга ярьдаг. Зүүн болон Баруун Германыг нэгтгэх нь тухайн үед туйлын боломжгүй гэж үзэж байсан ч эцэст нь нэгдсэн. Хүмүүс илүү олон төрлийн мэдлэг олж авснаар ийм өөрчлөлт боломжтой болно.

Сэтгүүлч: Монгол Улс Хойд болон Өмнөд Солонгостой хоёулантай нь дипломат харилцаатай. Энэ утгаар Монгол Улс хоёр Солонгосын хооронд “гүүр” боломжтой гэж та бодож байна уу?

Ц.Элбэгдорж: Тийм ээ. Би ерөнхийлөгч байхдаа хэд хэдэн санаачилга гаргасан. Үүний нэг нь “Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” байсан юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй энэхүү хурал нь Хойд болон Өмнөд Солонгосын аль алинд нь нээлттэй форум байсан. Бид Хойд Солонгос, Өмнөд Солонгос болон АНУ, Европын төлөөлөгчдийг урьсан.

Сэтгүүлч: Хойд Солонгосчууд эдийн засгийн тусламж авахын тулд цөмийн зэвсгээсээ татгалзаж боломжтой гэж харж байна уу. Тэд өөрсдийгөө “цөмийн зэвсэгтэй улс” гэж зарладаг шүү дээ...

Ц.Элбэгдорж: АНУ-ын Ерөнхийлөгч Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд ийм боломж байсан. Харин одоо бол үүнд би эргэлзэж байна. Тэр ч байтугай дээд хэмжээний уулзалтаас өмнө цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг хангалттай хэлэлцсэн бол ямар нэгэн байдлаар хэлэлцээр хийх боломжтой байсан. Гэсэн хэдий ч дээд хэмжээний уулзалтыг ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр хийсэн. Энэ тийм ч сайхан санаа байгаагүй. Миний бодлоор одоо нэн тэршүүнд шийдэх ёстой зүйл бол "Хойд Солонгосын ард түмний зовлон" юм. Хойд Солонгост хөдөлмөрийн лагерь гэх мэт байгууллагууд байсаар байгаа. Энэ нь хүний ​​эрхийг ноцтой зөрчиж байна. Харамсалтай нь, энэ нь Хойд Солонгосын удирдагчдын хэлэлцэхээс хамгийн их зайлсхийдэг асуудлуудын нэг.

Сэтгүүлч: Хойд Солонгос, АНУ-ын хооронд дээд хэмжээний уулзалт хийх боломж дахин яригдаж байна. Кёнжүд болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзалт хийх тухай яригдаж эхэлсэн. Уулзалт болох газраар гуравдагч орон болох Монгол, тэр дундаа Улаанбаатар ч яригдаж байна.

Ц.Элбэгдорж: Энэ зөв. Уг нь би 2018 онд болсон Трамп, Ким нарын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсыг уулзалтын газар болгохыг санал болгож байсан. Тэр үед энэ санаагаа бичиж байсан, одоо ч хүчинтэй гэдэгт итгэж байна.

Ким Ир Сен Монголд хоёр удаа айлчилсан. Хоёр улс олон жилийн дипломат харилцаатай бөгөөд шууд харилцаа холбоо тогтоодог улс юм. Монгол Улс бол 1950-иад оноос хойш Хойд болон Өмнөд Солонгостой дипломат харилцаатай байгаа цөөхөн орны нэг.

Бидэнд улс төрийн том амбиц байхгүй. Бид зүгээр л Хойд, Өмнөд Солонгос болон Хойд Солонгос, АНУ-ын хоорондын уулзалт, яриа хэлэлцээ, хэлэлцээрийг хөнгөвчлөхийг хүсэж байна.

Тийм ч учраас Улаанбаатар хот улс төрийн зорилгоос илүүтэй энх тайвныг эрхэмлэдэг орон зайн төгс байршил байж болох юм.

Сэтгүүлч: Үнэндээ 2018 онд АНУ, Хойд Солонгос хоёр Монголыг "Хойд Солонгос, АНУ-ын дээд хэмжээний уулзалтад нэр дэвшигч орон" гэж нухацтай авч үзсэн...

Ц.Элбэгдорж: Тийм ээ. Монгол Улс үнэхээр тухайн үед дээд хэмжээний уулзалтад нэр дэвшигчдийн нэг байсан. БНАСАУ-ын зүгээс галт тэргээр зорчих боломжтой учир Улаанбаатар хотыг нэр дэвшигчээр санал болгосон боловч аюулгүй байдал болон бусад шаардлагын улмаас АНУ-ын тал татгалзсан. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсамж номондоо "Монгол Улс Хойд Солонгосын хувьд сонголт байж болох байсан ч АНУ-ын тал илүү нарийн ширийн зүйлийг шаардсан. Уг нь тэд Хойд Солонгос, АНУ-ын дээд хэмжээний уулзалтын зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадна" гэж бичсэн байдаг.

Сэтгүүлч: Тэгвэл, ноён Ерөнхийлөгч та Хойд Солонгос, АНУ-ын уулзалтын газрыг шууд зохицуулах үүргийг гүйцэтгэж чадах уу?

Ц.Элбэгдорж: Бүрэн боломжтой. Ийм боломж олдвол манай Засгийн газар, Гадаад харилцааны яам, дипломатууд маш их баяртай байх болно.

Ирэх 2026 онд Хойд Солонгос, АНУ-ын удирдагчид Монголд дээд хэмжээний уулзалт хийвэл онцгой ач холбогдолтой байх болно.

COP (НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын бага хурал) 2026 оны наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ уулзалтыг ашиглах нь сайхан боломж байх болно.

Сэтгүүлч: Та өмнө нь Хойд Солонгосын дүрвэгсдэд бас тусалж байсан шүү дээ...

Ц.Элбэгдорж: Тийм ээ, үнэн. Гэхдээ тэр үеийн явдлыг би нэг их ярьдаггүй. 2000-аад оны эхээр байсан юм. Хойд Солонгосын олон мянган иргэн Монголоор дамжин Өмнөд Солонгост ирсэн. Тухайн үед би сөрөг хүчний намд эрх чөлөөний төлөө тэмцэгчээр ажиллаж байсан бөгөөд Хойд Солонгосоос дүрвэгчдийг хилийн бүсээс барьж аваад Хятад руу буцаадаг гэж сонссон. Тиймээс бид "Тэднийг буцааж битгий явуул. Тэд тамаас зугтсан хүмүүс. Бид тэдэнд туслах ёстой" гэж хэлж байлаа. Тиймээс бид хилийн бүсэд болон Улаанбаатарт түр бааз байгуулж, хүлээж авсан. Өнгөрсөн жил би тэдний тавтай нь уулзсан юм. Тэд бүгдээрээ Монголоор дамжин Өмнөд Солонгост ирсэн. Тэдний түүхийг сонсоод нүдэнд нулимс цийлэгнэсэн дээ. Гайхалтай нь, эдгээр залуучуудын дийлэнх нь барууны их дээд сургуульд суралцаж, англиар чөлөөтэй ярьж, Өмнөд Солонгост бизнес эрхэлж, амжилттай амьдарч байна. Тэднийг хараад үнэхээр их баярласан шүү.

Сэтгүүлч: Та одоо Цаазын ялын эсрэг олон улсын комисст (ICDP) ажиллаж байна. ICDP-ийн төлөөлөгчийн хувьд Өмнөд Солонгосчуудад хэлэх зүйл байна уу?

Ц.Элбэгдорж:  ICDP нь цаазаар авах ялын эсрэг олон улсын хороог төлөөлдөг. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болсон эхний өдрөө л цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн. Монгол Улс цаазаар авах ялыг удаан хугацаанд хэрэгжүүлсэн ч би зогсоосон. Би цаазаар авах ялыг "төрийн аллага" гэж үздэг. Ард түмнээсээ сонгогдож Ерөнхийлөгч болчхоод яаж өөрийнхөө ард түмнээ алж чадах билээ дээ. Хүн бүр амьд явах эрхтэй. Гэмгүй хүнийг цаазалсан бол эргээд амьдралыг нь сэргээж чадахгүй. Тийм учраас цаазын ялаас татгалзах ёстой гэж би үздэг.

Сэтгүүлч: Өмнөд Солонгост цаазаар авах ялыг гүйцэтгэдэггүй ч хуульдаа байсаар байна...

Ц.Элбэгдорж: Би Солонгосын ард түмэнд гүн хүндэтгэлтэй ханддаг. Солонгос бол эдийн засгийн хүчин чадал, техник технологи, цаашлаад цэргийн хүчин чадлаараа дэлхийд эхний аравт жагсдаг, дэлхийн сайн сайхан, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг өндөр хөгжилтэй улс. Гэсэн ч цаазын ялтай холбоотой нэг асуудал хэвээр байна. Солонгос улс 30 орчим жилийн турш цаазын ял гүйцэтгэсэнгүй. Үнэн хэрэгтээ энэ нь хүчингүй болгох үзэл баримтлал мөн. Үүнийг хууль ёсны дагуу баталгаажуулах цаг болсон гэж бодож байна. Энэ засаг захиргаа, одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үүнийг хийх боломжтой. Хэрэв цаазыг ялын хуулиа цуцалбал энэ шийдвэр нь мөнхийн өв болон үлдэх болно.

Эх сурвалж: KBS

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.