0

Шатахууны нийлүүлэлтийн саатал бүрэн шийдэгдэж, улс орон даяар шатахууны хангамж хэвийн болсон талаар Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.
Тэрбээр "Өглөөний 08:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 86 вагон шатахуун бууж, гол өртөөнүүд болох Толгойтод 16, Дарханд 10, Эрдэнэтэд 10, Сүхбаатарт 34 вагон буулгалт, түгээлтийн ажил үргэлжилж байна.
Улаанбаатар хот дахь томоохон импортлогчдын агуулахад нийт 2,824 тонн АИ-92 автобензиний нөөц бүрдэж, үүн дээр нэмэгдэн 30 вагон буюу 1,800 тонн шатахуун буусан бөгөөд эдгээрээс нийслэлийн 115 шатахуун түгээх станц руу 1,169 тонн, орон нутаг руу 592 тонн шатахуун тээвэрлэгдэн, нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинд тавьсан хүсэлтийн маань дагуу ОХУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд П. Ю. Сорокин, “Роснефть” тэргүүтэй компанийн төлөөлөл Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай цахим уулзалт хийж, манай улсын нефтийн бүтээгдэхүүний импортыг тогтвортой нэмэгдүүлэх, тэргүүн ээлжийн ачилтыг нэн яаралтай хийхээр тохиролцсон нь асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Ийнхүү холбогдох байгууллагуудын шуурхай хамтын ажиллагааны үр дүнд шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд шатахуун авахад ямар нэгэн хүндрэлгүй болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцуудад АИ-92 автобензин ямар нэгэн хязгаарлалтгүй олгож байна.
Цаашид тогтвортой нийлүүлэлтийг хангах, үүсэж болзошгүй аливаа саатлыг урьдчилан шийдвэрлэх хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" хэмээлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.