dobu.mndobu

Ж.Энхбаяр: 50 га автомат хүлэмж байгуулахад улсынхаа иргэдийг шинэ ургацын ногоогоор бүрэн хангана

Ж.Энхбаяр: 50 га автомат хүлэмж байгуулахад улсынхаа иргэдийг шинэ ургацын ногоогоор бүрэн хангана

"Төвийн бүсийн хөгжлийн чуулган" өнөөдөр /2024.11.28/ Дархан-Уул аймагт боллоо. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "2024 он монголчуудад гайхалтай үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрч байна. Монголын ард түмэн сонголтоо хийсэн. Тэр сонголт бол бүсчилсэн хөгжил юм. Бүсчилсэн хөгжлийн төрийн бодлого, хууль эрх зүйн орчин бүгд бүрдсэн. Одоо хэрэгжүүлэлт биднийг хүлээж байна. Төвийн бүс дэх ХХААХҮ-ийн салбарын талаар товчхон мэдээлэл өгье. 


Монгол Улсад гурван том сорилт байгаа. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгаа. Эдийн засгийн орлого, экспорт, импорт үндсэндээ 95, 96 хувь уул уурхайтай холбоотой явагдаж байгаа. Иймд бидний хувьд Монгол Улсынхаа эдийн засгийг төрөлжүүлэх олон тулгуурт болгох томоохон зорилт, зайлшгүй шаардлага бий болж байгаа. Үүний нэг том тулгуур бол өөрийн уламжлалт ХХАА-н салбар дээрээ тулгуурлаж хөнгөн аж үйлдвэрлэлийг бий болох, улмаар экспортод чиглэсэн эдийн засгийг бий болгох, нөгөө талаар Монгол Улсынхаа байгаль, түүхэн археологи, палентлогийн олон зүйл дээр тулгуурласан аялал жуулчлалыг бий болгох байгаа. 


Аялал жуулчлал болон хөдөө аж ахуй Монгол Улсын хоёр том эдийн засгийн тулгуур болгохоор ийм зорилт дэвшүүлээд Засгийн газар бодлогоо боловсруулаад явж байна. 


Нөгөө талаас төвлөрлийг сааруулахад үндэсний хэмжээний том сорилт болж байгаа. Төвлөрлийг сааруулах гол ажил өөрөө хөдөөгийн хөгжлөөс шууд хамаарна. Хөдөө хөгжиж байж хөдөө ажиллах, амьдрах бизнес эрхлэх таатай орчин бүрдэж байж төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжих учиртай. Энэ төвлөрлийг сааруулах томоохон бодлогыг хэрэгжүүлэхэд төвийн бүс шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ. 


Төвийн бүсэд гол найдлага байгаа. Төвийн бүс Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх потенциалтайг түрүүний мэдээллүүдээр та бүхэн авсан. 


Ковид цар тахал


Ковид цар тахал гэх айхтар өвчин эмгэгтэй хэдэн жилийн өмнө та бүхэн нүүр тулсан. Монгол Улсын хил гааль бүрэн хаагдсан. Монгол Улсын агаарын болон төмөр замын бүх боомтууд зогссон. Бид бүх нийтийн вакцинжуулалт, хөл хориог яаралтай хийж, авч хэрэгжүүлээгүй бол нэг сарын хугацаа алдахад Монгол Улсын бүх ард түмэнд 1990 оны картын бараа шиг хүнсээ граммаар хувааж карталж өгөхөөс аргагүй байдалтай нүүр тулж байсан. Эндээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал хэчнээн эмзэг байгаа нь тодорхой болсон. Үндсэндээ Монгол Улсын импортын хүнсний хамаарал 50 орчим хувь байсан. 


Ковидын цар тахалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зарлаж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах бодлогыг тодорхойлсон. 19 нэр төрлийн 50 гаруй зүйлийн барааг ямар ч үнээр хамаагүй эх орондоо ургуулдаг, тарьдаг, бүтээдэг, боловсруулдаг. Ямар ч нөхцөлд ард түмнээ энэ хүнсээр хангах зорилт дэвшүүлсэн. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгааг та бүгд мэдэж байгаа. 


“Хүн эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл гэсэн гол философи дээр гол бодлого хэрэгжиж байгаа. Үндэсний хувьсгал бодлого маань хэрэгжээд 2.5 жил болж байна. Нийт 19 төрлийн 56 нэр төрлийн барааг бид дотооддоо үйлдвэрлээд, тарьж ургуулах зорилтыг тавьж хэрэгжүүлээд ажил ид өрнөж байна. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар төвийн бүсэд Монгол Улсын ХХААЯ хамгийн түрүүнд хөрс хамгааллын бодлогыг авч хэрэгжүүлнэ.


Газар тариалангийн гол үйлдвэрлэл төвийн бүсэд явагдаж байгаа. Нийт хөрсний бүтэц 60 гаруй хувь нь ялзмагийн доройтолд орсон. Иймд бид яаралтай хөрсөө хамгаалахгүй болбол хөрс нэлээд эрсдэлтэй болж хувирч байгаа. Иймд хөрс хамгааллын бодлогыг авч хэрэгжүүлнэ. 


Нэгдүгээрт, Хөрс хамгааллын технологи дээр эрс өөрчлөлт гаргана.


Хоёрдугаарт, Газар тариалангийн бүс нутгийг бүрэн ойжуулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбох ажлыг хийнэ. 


Зөвхөн газар тариалангийн бүс нутгийг бүрэн ойжуулснаар ургацын хэмжээ 25 хувиар нэмэгдэж байгаа тооцоо гарч байгаа. Тэгэхээр хоёр зорилт, үйл хэргийн төлөө хамтдаа нэгдэх юм. 


Хөрсний үржил шимийг сайжруулах, нөгөө талдаа бид байнга хөрснөөсөө шим тэжээлийг нь сорж байгаа. Яаралтай Монгол Улс органик болон эрдэс бордооны хангамжийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. 


Одоо Монгол Улс жилдээ 10,000 тонн эрдэс бордоо импортоор, дотооддоо 10,000 тонн органик бордооны үйлдвэрлэл явуулж байна. Гэтэл бидний хөрс, шороо маань биднээс 810 мянган тонн бордоог нэхэж байгаа. Тэгэхээр бодлого, дараагийн чиглэл дотооддоо бордоо үйлдвэрлэх, хөрсөө бордох томоохон ажлуудыг хэрэгжүүлнэ. 


Үр сортын таримлын асуудлыг үр сортын ажлуудыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Тэнд хэрэглэгддэг үрийн хэмжээнүүд гарч байгаа. Энэ үр ихэнх нь импортоос хамааралтай байгаа. 


Иймд бид үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногоо, төмснийхөө үр үйлдвэрлэлийг дотоодоосоо бүрэн хангах, үр сортын аж ахуй нэгжүүдийг бэхжүүлэх томоохон ажлуудыг хэрэгжүүлнэ. Усалгааг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор усалгаа ундаашил нэмэгдэж байгаа энэ цаг үед 30 мянган га талбайг усжуулах томоохон хөтөлбөрийг энэ хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 


Техникийн шинэчлэлийг эрс сайжруулах хэрэгтэй байна. Өнгөрсөн “Атрын гуравдугаар аян”, “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үр тарианы салбарын техникийн шинэчлэл амжилттай хэрэгжсэн. 60, 70 хувьд хүрч байна. Сүүлийн үед тэжээлийн шинэ ургамлууд, наранцэцэг, эрдэнэшиш, маалинга зэрэг шинэ таримлууд шинээр нэвтэрч байна. 


Тэжээлийн техник технологийн шинэчлэлийг яаралтай эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай төвийн бүс маань хүнсний ногоо, төмс үйлдвэрлэлийн гол хувийг гүйцэтгэдэг механикжуулах зайлшгүй шаардлага үүссэн. Асар их гар ажиллагаатай. Жилийн жилд цэрэг, оюутны хүчээр ажлыг нугалж байгаа. Ийм маягаар бид цаашаа хол явахгүй. Нэгэнт Монгол Улсад, дэлхий нийтэд ажиллах хүчний хомсдол бий болж байгаа энэ цаг үед хүнсний ногоо, төмс тариалалтыг 100 хувь механикжуулах томоохон ажлыг хийж гүйцэтгэнэ. Нөгөө талаас механикжсан автомат үтрэмийн аж ахуйнуудыг олон арваар байгуулах хэрэгтэй. Эндээс үрийн чанар, үйлдвэрлэлийн түхий эдийн асуудал бий болно. 


Жишээлбэл, “Бүтлийн ундарга” гээд компанийн үтрэм дээр 30 хүн ажиллаж байсан энэ ажил механикжсан үтрэм хийснээр хоёр хүн ажилладаг болсон буюу ажиллах хүчийг хэмнэж дээрээс нь бүтээгдэхүүний чанарт эрс өөрчлөлт гарч байгаа жишээ байна. 


Хүнсний ногоо


Хүнсний ногоо дээр гэхэд энэ жил 208 мянган тонн төмс, хүнсний ногоо хурааж авсан. Төмс, хүнсний ногоо маань өнгөрсөн оны мөн үеэс 30 гаруй хувиар илүү ургац авч дээд рекорд тогтоогдсон. Гэсэн хэдий ч импортоор бид 90 мянган тонн хүнсний ногоо олон сая доллар, олон тэрбум доллар импорт хийсэн хэвээр байна. Нийт 69,7 хувийн хангамжийг бид нэмэгдүүлэх 62 мянган тонн төмс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Энийг хэрэгжүүлэх боломж, потенциал байна. 


Дэлхийн цаг уурын томоохон өөрчлөлттэй холбоотойгоор манай төвийн бүсэд жимс, жимсгэнийн аж ахуй хөгжүүлэх цаг уурын таатай микро орчин үүсэж байгаа. Алим, лийр, чавга гэх мэтийн жимс, жимсгэнүүд бүрэн боловсорч болцоо өгөх бололцоо бүрдэж байгаа. Иймд төвийн бүсэд жимс, жимсгэнийн ажлыг эхлүүлэх бололцоог хөгжүүлнэ. 


Манай жимс, жимсгэнийн импорт жилдээ 163 төгрөг буюу 96,3 хувиа бид импортоор хангаж байгаа. Ийм өндөр импортоос хамааралтай байдал байгаа. 


Хүлэмжийн аж ахуй


Бид олон жил өрхийн түвшинд хэрэглэдэг гялгар хүлэмжийг тарааж, үүгээр хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх гэж нэлээд олон жил явсан. Энэ дээр яам бодлогын хувьд өөрчлөлт оруулна. Тооцоо гарсан. Бидэнд 50 га өвөл, зуны, дөрвөн улирлын, орчин үеийн автомат хүлэмжийг байгуулахад Монгол Улсынхаа 3,5 сая хүнийг жилийн турш шинэ ургацын ногоогоор бүрэн хангана. Энийгээ л хийх зорилт тавина. Тэгэхээр энийг мөн бүсчлэн хөгжүүлнэ. Энэ дээр төвийн бүс гол ачааллыг үүрнэ. 


Бидэнд хүнсний бүх төрлийн автомат, механикжсан олон зориулалтын агуулах зоорины аж ахуйнууд хэрэгтэй байна. Тооцоо гарсан. 170 мянган тонн хүнсний нөөц бүрдүүлэлт шаардлагатай байгаа. Иймд зоорины аж ахуйнуудыг бид бүсчилсэн байдлаар орон нутгуудад байгуулахаар төлөвлөж байна.

 
Малын тэжээлийн тариалалт дээр онцгой анхаарч байгаа. Учир нь юу вэ гэвэл манай уламжлалт нүүдлийн мал аж ахуй маань байгаль, цаг уурын бэрхшээлийг даван туулах чадвар нь нэлээн хүндэрч байгаа. Малын тоо толгой хэт хэтэрсэн. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац хэтэрсэн. Мал бэлчээрээс авах тэжээлийн хангалт дутмаг болсон. Тарга тэвээрэг бүтэн авч чадахгүйтэй холбоотойгоор малын дархлаа, тэсвэрлэх чанарт нэлээн өөрчлөлт орж байгаа. Сүүлийн 30 жил гэхэд бод мал 30-40 хэл, бог мал 6-8 хэл давжаарчхаад байгаа юм. Байнгын тэжээлийн дутагдалтай холбоотойгоор мал биеэ хумьж байна гэсэн үг.


Тэгэхээр нэгдүгээрт, бид нүүдлийн мал аж ахуйгаа эрсдэлээс хамгаалах, хоёрдугаарт, эрчимжсэн аж ахуйгаар төв суурин газрыг байнгын тогтмол хүнсээр хангахын тулд тэжээлийн тариалалтыг эрс нэмэгдүүлэх, энэ дээр тулгуурласан гахай, тахиа, сүү, махны эрчимжсэн аж ахуйнуудыг олон арваар энэ бүс нутагт байгуулах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор вандуй, эрдэнэшиш, наранцэцэг гээд шинэ төрлийн таримлуудыг бид олон мянган гагаар тарьж, талбайн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа юм. 


Эргэлтийн талбай


Өнөөдрийн байдлаар нийт 962 мянган га талбайг бид ашиглаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр 1,5 сая км.кв буюу 150 сая гаруй га газар нутагтай. Үүний 962 мянган га буюу 0,6 хувьд л Монгол Улсад газар тариалан эрхэлж байгаа. Нөгөө талаас газар тариалан эрхлэх байгаль, цаг уурын хязгаарлагдмал улс орон. Тэгэхээр энэ 0.6 хувийг нүдний цөцгий мэт хайрлах ёстой. Ийм хөрсийг хайрлах ёстой.

Монгол Улсын хүн ам 3.5 сая, 2030 он гэхэд 4 сая хүрнэ. Өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангахад, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн газар тариаланг хөгжүүлэхэд одоо ашиглаж байгаа газар тариалангийн талбай хүрэлцэхгүй гэсэн судалгаа бий. Тиймээс Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн оролцуулан 200 мянган га талбайгаар эргэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж ажиллаж байна.

Мөн Төвийн бүсийг төрөлжсөн, эрчимжсэн байдлаар хөгжүүлнэ. Үүн дотор монгол үхэр сүргийн чанарт онцгой анхаарал хандуулна. 200 мянган толгойгоор үхэр сүргийн ген фондыг сайжруулна. 50 мянган сүүний чиглэлийн, 150 мянган махны чиглэлийн аж ахуйдад сайжруулагчийг нийлүүлэх зайлшгүй шаардлагатай. Батсүмбэр, Борнуур, Мандал зэрэг сумд сүүний төрлийн аж ахуйгаар сумаараа төрөлжиж байгаа. нэг саалийн үнээнээс жилдээ 2500 литр сүү авч байна. Гэтэл дэлхийн дундаж сааль 10,000 литр болсон байна. Бид дэлхийн бүтээмжээс 4-5 дахин бага байна.  Яагаад гэвэл нэгдүгээрт, үхэр сүргийн үйлдвэрлэг байдал алдагдсан.Сүүлийн гучин жилд малын ген сайжруулах ажил орхигдсон нь тодорхой байна.

Ингээд харахаар нөгөө талд дэлхийн зах зээл монгол малын махыг маш их сонирхоод байгаа юм. Төвийн бүсэд нийслэл хот оршиж байна. Хүн амын 53 хувь, үр тарианы үйлдвэрлэлийн 68.2 хувь, хүнсний ногооны 71.7, хүлэмжийн аж ахуйн 99 хувь, хөнгөн хүнсний үйлдвэрийн 90 хувь, тэжээлийн үйлдвэрийн 99 хувь зөвхөн Төвийн бүсэд л явагдаж байна. Иймд Төвийн бүсийн хөгжил, эрчимжилт өөрөө Монгол Лусын ирээдүйн хувь заяаг шууд шийдвэрлэнэ. Төвийн бүс хэрхэн хөгжсөнөөс Монгол Улсын цаашдын нүүр царай тодорно. Иймээс Төвийн бүсийн аж ахуй тэр дундаа мал бордох аж ахуйг яаралтай олноор бий болгох шаардлагатай. Газар тариалангийн нөөц, тэжээл үйлдвэрлэлийн бааз дээр тулгуурласан "Мал бордох ажахуй"-г олон арваар нь байгуулна. Өнгөрсөн хугацаанд нэлээд олон газар махны экспортын хөгжилд хувь нэмрээ оруулж, гэрээ контакт хийсэн. Арабын орнуудад жишээ нь бүх шинжилгээ, бичиг баримт зөвшөөрөгдөж худалдаалагдаж байх жишээтэй.  Сая гэхэд Вьетнамд ямааны махыг амжилттай нийлүүлж эхэлсэн гэх мэт нэлээд олон газар мах нийлүүлэлтийн гэрээг амжилттай хийж байна. Гэтэл энэ бүх хэрэгцээг тасралтгүй үргэлжлүүлж чадах уу гэдэг асуудал ургаж байна. Жилдээ нэг удаа тарга аваад нэг удаа эргэлтэд орох чадвартай бусад улиралд тарга тэвээргэ хуримтлуулах малчдын нөр их хөдөлмөр л яваад байна. Тиймээс жилийн дөрвөн улирал тасралтгүй мал бордох үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг бий болгох хэрэгтэй. Ингэснээр газар тариалан болон мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлт гарна. Мөн малчид тогтмол орлоготой болох нөхцөл бүрдэх буюу нүүдлийн мал ахуй үр ашигтай байх боломж бий болно.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар жилдээ 980 орчим сая долларын экспорт, хийж хөдөө аж ахуйн гаралтай 1.3 тэрбум долларын импортын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Өнгөрсөн хугацаанд явуулсан бодлогын үр дүнд манай салбарын экспорт өмнөх оныхоос нэг их наядаар нэмэгдэж, гаднаас авч хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн 250 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байна.

Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дараах дөрвөн бодлогыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ. Үүнд: Хүнсний хувьсгал хөдөлгөөн, Шинэ хоршоо хөдөлгөөн, Цагаан алт хөдөлгөөн, Атрын Дөрөвдүгээр аян. Эдгээрт нийт 601.4 тэрбум төгрөг орно. Гэхдээ энэ төсөв зээлийн урамшуулалд зарцуулагдах буюу 601 тэрбум төгрөгөөр Хүнс хөдөө аж ахуйн салбарт  Монгол Улсын ДНБ-ийн 30.8 хувийг хүнс хөдөө аж ахуйн салбар бий болгож, орон нутгийн эдийн засгийн 85 хувийг бүтээж, экспортын орлогын 6.4 хувийг бүрдүүлж, ХАА-н эдэлбэр газрын 73 хувийг тус тус эзэлж байна. Мөн монгол хоёр хүн тутмын нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нийт ажиллах хүчинд ХХААХҮ-ийн эзлэх хувь 46.7, ХХААХҮ-ийн салбарын нийт ажиллах хүч 600 мянга байна.  Энэ юу гэсэн үг юу гэвэл, монголын нийгмийн баялаг хамгийн зөв хуваарилагдаж байгаа, хамгийн олон хүний оролцоотой, монгол хүн эх орондоо амар тайван аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж буй салбар бол ХХААХҮ-ийн салбар юм. Эдийн засгаас илүү нийгмийн тогтвортой байдлыг хангаж байна" хэмээв. 

Хуваалцах:

|
Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо

Т.Дүүрэнг нэг сар цагдан хорилоо

1 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.