0

Төрийн өмчид ганцхан байдаг “Хөтөл цемент шохой” үйлдвэрээрээ мөн ч их тоглуулж ирлээ. Дөч гаруй жилийн хугацаанд янз бүрийн л дарга нар тус айлыг удирдан унагааж босгож ирсэн төдийгүй бүлэглэлийн гарт ч алдаж байв. Гэхдээ энэ түүхэн хугацаанд арай ч тракторчнаар удирдуулж байгаагүй нь гарцаагүй үнэн билээ. Тэгвэл саяхан тус үйлдвэрийн захирлаар Лүүлүүгийн Ганбаатар гэгч тракторчныг томилжээ.
Стратегийн ч гэж болохуйц энэ үйлдвэрийг яагаад ийн дампууруулах гэж байгаа юм шиг ажилладаг юм бэ. Арван жил ургацын талбайд тракторын жолоо мушгисан, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч Л.Ганбаатар мэтийн нөхөд удирдах ажил биш ш дээ. Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн төдийгүй менежментийн асар өндөр туршлагатай нөхөр л энэ айлыг алдагдалгүй авч явна. Түүнээс бус Хөдөө аж ахуйн их сургуулийг Инженер механик мэргэжлээр төгссөн, сумын МАН-ын үүрийн дарга, сумын ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэх сэтэр төдий үтрэмийн талбайгаас өөр мэдэх зүйлгүй Л.Ганбаатар нарын удирдах бүү хэл зүглэх ч айл биш. Маш эмзэг салбар.
Тэгэхээр тракторчнаар удирдуулж байгаа эмзэг айл маргааш дампуурна, дампуурахдаа алдагдал хүлээнэ. Энэ алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхнө. Улмаар хувийн хэвшлийн гурван цементийн үйлдвэртээ бүх зах зээлээ алдана. Ажилчид нь явна. Үйлдвэр дампууруулсан тракторчноо хараана зүхнэ гээд сөрөг нөлөөллүүд хөвөрнө. Энд нэг л учир байна. Тэр тойргийнхоо УИХ-ын гишүүнд төлж баршгүй том гавьяа байгуулсан нэгэн байж болох юм.
Л.Ганбаатар Төвийн бүсээс сонгогдсон Ч.Ундрамын бие төлөөлөгч юм. Харин Төвийн бүсээс сонгогдсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хувьд бол нэг үйлдвэрийн байтугай нэг хэсэг үйлдвэрийн дарга ч томилох эрх мэдэлтэй.
Гэхдээ гол хүчин зүтгэсэн хүн нь уул уурхайн 33 компанийг нэгтгэн, тэднээс татаас авч суудаг “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт гэдгийг эх сурвалж хэлж байна.
Тэгэхээр өнөөх тракторчнаа Ч.Ундрам, С.Наранцогт хоёр дамжлаад шидчихэж. Тэр тусмаа С.Наранцогтын цаад санаа Хөтөлийг хувьчлалд бэлдэж өгч байхыг үгүйсгэхгүй. Бүлэглэлийн хувьчлах захиалга бол хаанаас ч ирж мэднэ.
С.Наранцогтын энэ ашиг сонирхол нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай яв цав нийцэж байвал саальчин томилсон ч болж таарна. Тодотгож хэлбэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, “Эрдэнэс Монгол”-ын захирал С.Наранцогт нар бүлэглэлийн захиалгаар хувьчлалд бэлдэж өгч байхыг үгүйсгэхгүй. Түүнээс энэ үйлдвэрийг тракторчин удирдаж болохгүй гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Хэрвээ хувьчилж авах гээгүй бол ямар ч тэнэг толгой ийм эмзэг, өндөр ач холбогдол өгч ажилладаг айлыг нэг тракторчинд өгчихгүй. Маргааш дампуурна, хараарай.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.