dobu.mndobu

АН-ынхан БНСУ дахь монголчуудтай уулзаж, виз, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ярилцжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-07

АН-ынхан БНСУ дахь монголчуудтай уулзаж, виз, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ярилцжээ

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Б.Түвшин, Д.Энхтуяа болон УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүдийн бүрэлдэхүүнтэй төлөөлөл энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Албан томилолтын хүрээнд БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн төлөөлтэй уулзжээ. Уулзалтаар БНСУ-д ажиллаж амьдрах, суралцах нөхцөл, зорчих виз, хөдөлмөр эрхлэх орчны талаар иргэдээс мэдээлэл сонсож, ярилцсан байна.

Мөн БНСУ-д ажиллах хугацаанд эх орондоо нийгмийн даатгал төлөх боломжийг бий болгох, эх орондоо ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөсөн иргэн илүү сайхан амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлд Ардчилсан намын баримталж буй бодлогын талаар Намын удирдлагууд болон УИХ-ын гишүүд танилцуулж, иргэдтэй халуун дотно яриа өрнүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 60 орчим мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байна. Элчин сайдын яамны мэдээлснээр 16 хүртэлх насны 6,800 орчим монгол хүүхэд оршин сууж байгаа бөгөөд үүнээс дөнгөж 300 орчим хүүхэд л Монгол сургуульд сурч байгаа аж. Тус улсад амьдарч буй иргэдийн тоо манай улсын нэг аймгийн иргэдийн тоотой тэнцэх хэмжээний байгаа учир Монголын төр заавал анхаарал хандуулах шаардлагатай хэмээн Намын удирдлагууд, УИХ-ын гишүүд яриандаа дурдаж байлаа.

Уулзалтад ирсэн иргэд УИХ-ын гишүүдээр дамжуулж өөрийн саналыг төрийн бодлогод тусгуулах, мөн БНСУ-ын төрийн бодлого, хууль эрх зүйн орчны бодлогод тусгуулж шийдвэрлүүлмээр саналуудаа уламжлав. Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзах үеэрээ та бүхний хэлж захисан, анхаарал хандуулах зарим асуудлыг уламжилж, шийдэх боломжийн талаар хөндөж ярина хэмээв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.