0

Улс төрийн чамгүй ээдрээтэй, хаашаа ч эргэж мэдэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын даргын өөдөөс сөрөн зогсож, түүнийг “Нүүрсний хулгайч, алуурчин ч байж магад, шалгуулна” хэмээн зоригтой дуугарсан нь олны гайхширлыг барж байв. Төд удалгүй Ерөнхий сайд Г.Занданшатар түүний итгэл үнэмшил, зоригийг нь үнэлсэн үү, улс төрийн тохироо байсан уу, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилчихсон. Ерөнхий сайд Хуулийн сайдаа томилохдоо “Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо” хэмээж байв.
Б.Энхбаяр ч томилогдсон даруйд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас эхлээд төрд үүрлэсэн хулгайч нарыг “хяргаад” өгнө хэмээн мэдэгдсэн цагаас хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. Ямартай ч Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас нь буулгаад авсан нь түүний тэмцлийн хүч байсан. Б.Энхбаяр баримттай хэдий ч поп талдаа мэдээлэл хийдэг улстөрч, тэр хэрээр ч ард түмэнд хүлээлт үүсгэдэг бололтой. Өнөөдөр түмэн олон Хууль зүй, дотоод хэргийн сайдаасаа үр дүн нэхэж байна. Өөрөөр хэлбэл, “Нүүрсний хулгайчаа илрүүлж хариуцлага тооцно гэсэн яасан. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг эргүүлэн татаж хариуцлага тооцох яав” гэх зэргээр нэхэж, зарим нь бүр шахаж шаардах болов. Энэ нь зүйн хэрэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө “Би Хуулийн хулгайтай тэмцэнэ. Нүүрсний хулгайч нартай тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн учраас үр дүн шаардаад байгаа хэрэг.
Төрд үүрлэж, аалзны тор шиг сүлжилдсэн авлига, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэнэ хэмээн олон ч Ерөнхий сайд ам шүдээ өгч томилогдсон, олон ч Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараглаж тунхаглаж томилогдсон. Бүгд л ам руугаа алгадуулаад буусан. Ард түмэн ч тэдэнд итгэхээ больсон. Харин Б.Энхбаяр өөрийнхөө толгой, улс төрийн карьераар дэнчин тавьж, авлига хулгайн эсрэг боссон учраас ард олон итгээд түүнийг “ташуурдаад” байгаа юм. Өөрөөр хэлбэл найдлага тавьж байгаа учраас Б.Энхбаяр сайд амласан ажилдаа ханцуй шуун яарах хэрэгтэй байна.
Гэхдээ төрд нүүрлэж олон жил бугшсан улс төр, бизнес бүлэглэлийн авлига хулгайн хэргийг илрүүлнэ гэдэг тийм ч ам гарах ажил биш. Илрүүлээд хариуцлага тооцно гэдэг бүр ч давах даваа биш. Хамгийн наад зах нь цаг хугацаа орж таарна. Ер нь бол иргэдийн итгэл нэгэнт алдраад байсан ч Б.Энхбаяр гарч ирснээр бас чиг найдварын гал сүүмэлзүүлэх болсон нь үнэн. Тэрбээр Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлыг хөндөж, уг асуудлаар сонсгол зохион байгуулахаас эхлээд шав сууриа бол тавьчихсан. Одоо энэ суурин дээрээ ажлаа гүйцэтгэхэд саад байхгүй болов уу.
Нөгөө талаар Б.Энхбаяр сайдад бүлэглэлтэй сүлэлдсэн бизнес алга, кнопоо худалдсан барьцаа алга, хууль ашигласан факт баримт алга, сайдын суудлаар барьцаалагдсан эрх ашиг алга гэхээр цааш ажлаа явуулахад төдийлөн саад үгүй. Өөрөөр хэлбэл түүнд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Мэдээж хэрэг, олон жил хүчтэй ноёрхсон улс төр, бизнес бүлэглэлийн хариу арга хэмжээ ирнэ. Эхнээсээ ч явж байгаа бололтой. Үүнийг даван гарах нь чухал. Тэгэхээр улс төр, бизнес бүлэглэлтэй улаан нүүрээрээ тулах гэж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаа дэмжих нь ард түмний чин хүсэл болсон. Дэмжиж байгаа учраас түүнээс шахаж шаардаад байгаа хэрэг шүү дээ. Бүлэглэл амиа авч үлдэхийн тулд юуны өмнө зайлуулах гэж оролдоно, харлуулна, гүтгэнэ, ганцаардуулна гээд олон арга хэрэглэх байх. Иймээс ядахад л ганцаардахгүй байх хэрэгтэй.
Мэдээж хэрэг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө “Хулгайтай тэмцэнэ” хэмээн томилогдсон. Тэмцэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хулгайтай тэмцэж чадах зоригтой тууштай, ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн Б.Энхбаярыг томилсноо ч хэлж байсан. Ерөнхий сайдын хувьд ч ашиг сонирхлын зөрчилгүй учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдтайгаа зүг чиг таарч, гар сэтгэл нийлэн ажиллана гэдгийг олон хүн харж сууна. Харж суухаасаа илүүтэй түмэн олон сануулж шахаж байгаа шигээ дахин дахин “ташуурдаад” байх хэрэгтэй.
Их Мэдэгч
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.