0

Засгийн газар ганц хоёр сайдын сэлгээ хийсэн бол алдагдалтай ажилласан, Төсвийн мөнгө хумсалсан Төрийн өмчит компанийн захирлуудад хариуцлага тооцож эхэлсэн нь олны таалалд нийцэж байна. Харин хариуцлага алдсан зарим нэг захирлын оронд Төрийн мөнгөөр гараа угаасан, тендер будилуулсан зэрэг бараан намтартай нөхөд очих сураг байгаа нь олны талаалалд огтхон ч нийцсэнгүй. Уг нь Засгийн газраас “Хулгайтай тэмцэнэ” хэмээн эрсхэн дуугарсан шигээ “Хулгайч”-ийн оронд “Хулгайч”-ийг битгий томилоорой гэж захих байна.
“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС”-ААС “ЭРДЭНЭС МОНГОЛ”-Д САНААРХАЖ БУЙ Э.УУГАНБАЯР ГЭГЧ ХЭН БЭ
“Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр дэвшүүлэн зайлуулж, түүний оронд “Эрдэнэс алт ресурс” компанийн захирал Э.Ууганбаяр гэх нөхөр томилогдоно гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ мэтээр Төрийн өмчит компаниудын захирлыг солих юм бол “Сахил хүртээд шал дордов” гэгч болно гэдгийг дахин хэлье. Учир нь “Эрдэнэс Монгол” компанийн захирлын суудалд гэтэж байгаа Э.Ууганбаяр “Эрдэнэс алт ресурс” компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирлаар ажиллаж байхаас эхлэн хууль бус асуудалтай хутгалдаж ирсэн. Тэгэхээр Э.Ууганбаяр “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар томилогдоно гэдэг хууль бус асуудлынх нь цар хүрээ өргөжин томорно гэсэн үг. Яагаад гэхээр “Эрдэнэс Монгол” менежмент хийх нэрээр уул уурхайн 31 компаниас татаас авч, ихэс дээдсээс эхлэн хэдэн зүгт мөнгө “гулгуулж” хийх ч ажилгүй сууж байдаг хөрөнгөлөг компани.
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ДАРГА БАЙХААС БУДИЛААН ХУТГАСАН
Хөрөнгөлөг компанийн захирлын суудалд гэтэж байгаа Э.Ууганбаярын тухайд цухасхан дурдахад хангалттай. Тэрбээр “Эрдэнэс алт ресурс” компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирлаар ажиллаж байхдаа У.Соёл-Эрдэнэтэй үгсэн хуйвалдаж, тендер будилуулсан. Тухайлбал, “Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших салхитын мөнгө, алтны үндсэн ордын хүдэр баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн багтаамж нэмэгдүүлэх өөрчлөлт”-ийн зургийн ажил. Зургийн дагуу хийгдэх 10.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Хаягдлын сангийн өртгөл”-ийн ажилд тендер зарласан болж У.Соёл-Эрдэнэд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, У.Соёл-Эрдэнэ нэг компаниараа зургийн ажлыг нь хийж, нөгөө компаниараа “Хаягдлын сангийн өргөтгөл”-ийн ажлыг авсан гэсэн үг.
НАРГИАН ЦЭНГЭЭНЭЭС ЭХЛЭЭД БҮХ ЗҮЙЛД ТӨРИЙН МӨНГӨ ЗАРЦУУЛНА
Э.Ууганбаяр энэ мэтээр төсвийн мөнгө илүү харж, ширүүн ханддаг нөхөр гэдгийг юунаас ч харж болно. Хамгийн энгийн жишээ гэхэд “Эрдэнэс алт ресурс” компанийн удирдлагын багийн тансаглал, хууль бус худалдан авалт, төлөвлөөгүй хөрөнгө оруулалт, төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөл хөтөлбөрүүд гэх мэт хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрснийг удаа дараа мэдээлж байсан. Тодотговол “Эрдэнэс алт ресурс” компани 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Хужирт тур” компантай ХАГ/24/19 дугаартай “Эмчилгээ, сувилгааны үйлчилгээ”-ний гэрээг байгуулжээ. Улмаар 2024 оны наймдугаар сарын 26-ны өдөр 19,800,000 төгрөгийг шилжүүлжээ. “Эрдэнэс алт ресурс” компанийнхан Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хан хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборт амарчээ. Мөн 2024 оны наймдугаар сарын 13-ны өдөр “Шинэ Хужирт” компанитай 2024/02 дугаартай “Эмчилгээ, сувилгааны үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, 2024 оны наймдугаар сарын 26-ны өдөр 10 сая төгрөгийн төлбөр төлсөн байна. Хамгийн гол нь дээрх зардлын зарцуулалт тодорхойгүй, ямар зорилгоор амралт, сувилал, эмнэлгийн үйлчилгээ авсан гэх хэрэгцээ шаардлага тодорхойгүй байдаг. Э.Ууганбаяр захирал наргиж цэнгэхээс эхлээд бүхий л зүйлд Төрийн мөнгө зарцуулна. Тухайлбал, “Эрдэнэс алт ресурс” компанийн нэр дээр “Мини бар”-ны нэхэмжлэх хүртэл ирэх, бусад бар, цэнгээний газраас ч нэхэмжлэл ирэх зэргээр жижиг атугай ч зүйл дээр Төрийн мөнгө зарцуулдаг нөхөр “Эрдэнэс Монгол”-ыг хэрхэн сүйтгэх бол.
Э.УУГАНБАЯРЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭС ....
Хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал өөрийн орлогоо 235 сая төгрөг, гэр бүлийнхээ орлогыг 48 сая төгрөг гэж мэдүүлсэн бол орон сууц нэг, Зуслангийн байшин нэг, авто зогсоол хоёр, үйлчилгээний зориулалттай талбай нэг нийт 2.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн мэдүүлсэн байна. Мөн хурдан удмын адуу 10, адуу 20, үхэр тав, хонь 33, ямаа тав нийт 352 сая төгрөгийн малтай бол 130 сая төгрөгийн 07, 699 метр квадрат эзэмших эрхийн хоёр газартай, 304 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламждаа 652 сая төгрөгтэй, авлaга 40 сая төгрөг, зээл 256 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.