0

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Төрийн өмчит компаниудад МАН, АН, ХҮН намаас бүтээмжийн болон хяналтын менежер гэх 128 хүнийг томилсон. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар 128 менежерийн албан тушаалыг татан буулгаж, 16 Дэд сайд томилох асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болжээ. Тиймээс МАН дотор Дэд сайдууд томилох сургаар ахиад л албан тушаалын уралдаан өрнөөд эхэлчхэж. Нэрс сонсож байхад гол төлөв ажил хийж үзээгүй цагаан захтнууд Дэд сайдын сунгааг өнгөлж байна. Ер нь бид сүүлийн 30 гаруй жил харь шүтэж, тэнд очиж сурсан нэр хэмээсэн нөхдөө бурханчлан шүтэж ирсний балгийг одоо ч эдэлж дуусаагүй. Өнөөдөр ажил хийж үзээгүй, онол ном ярьсан цагаан захтнууд Төрд улам л олширсон. Тэд нараас Дэд сайдын сунгааг өнгөлж байгаа зарим нөхдөөс дурдъя.
ТАНСАГЛАХААС ӨӨР ШИДГҮЙ Ж.ТАНАД ДЭД САЙДЫН СУУДАЛ ТОМДОНО
Саяхан л Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “халаас”-наас Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр тодорч байсан Ж.Тана гэх эмэгтэй Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайдын суудалд гэтэж эхэлжээ. Мөн их санаа шүү. Тэрбээр цуутай дуутай хурим, тансаглал, “Ерөнхий сайдын эмэгтэй” гэх зэргээр богино хугацаанд нэрд гарчихсан байж мэднэ. Гэхдээ түүний аав Ц.Жамбалдорж нь АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Албани, Мальта, Сан Марино улсад хавсран суух Элчин сайдаар давхар ажилласан намтартай хүн учраас нөмөр нөөлөг нь байж таарна. Ж.Тана дээр дурдсанчлан аанай л Харвард, Оксфордын их сургуулийг төгссөн ажил хийж үзээгүй цагаан захтан. Тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүртэл “Ж.Тана Монгол Улсын баялгийн сан, хөгжлийн сангуудын хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд мэдлэг туршлагаа зориулах зорилготой эх орондоо ирсэнд баяртай байна” хэмээн хөлөө хугалах шахам магтаж байсан бол Ж.Тана өөрөө “Засгийн газар, Ерөнхий сайдын урилгаар ирж, эх орондоо ажиллах болсондоо баяртай байна” хэмээн хөөрч байв даа. Мэдээж хэрэг харь шүтэж, түүндээ бүдэрч явдаг манай дарга нарт дэлхийд данстай хоёр их сургууль төгссөн хүн таалагдана. Нөгөө талаар аав нь насаараа Элчин сайдаас эхлээд өндөр алба хашчихсан, хөрөнгө чинээтэй айлын охин учраас төрд ажилласан туршлага, Монголын хөрсөнд буух эсэх нь огт хамаагүй байх. Өөрөө ч “Тана Глобал Солюшинс” гэх компани эзэмшдэг юм билээ. Ж.Танын хувьд Монгол Улсад 2023 онд ирээд богино хугацаанд өндөр авсан эмэгтэй. Одоо бүр ч өндөр дээр гарч суухаар зүтгэж байна. Гэтэл төрд насаараа ажилласан туршлагатай, чадвартай хүмүүс өндөр дээд албанд очиж чаддаггүй. Тэгээд ч эрдэс баялаг, уул уурхайн салбар гэдэг бол тансаглахаас өөр шидгүй Ж.Танад хэтэрхий томдоно.
ТӨРИЙН МӨНГӨӨР ТУЙЛСАН Б.ТЭМҮҮЛЭНД ДЭД САЙД ХОЛ БАЙНА
Манайд хэн нэгэнд байгуулж өгсөн юм шиг үр ашиггүй, хэн нэгэн даргыг эрхлүүлж байдаг Төрийн өмчит компаниуд, тонож байдаг сангууд олон бий. Түүний нэг бол "Чингис хаан баялгийн сан" гэж нэг Төрийн өмчит компани байдаг. Үүний захирлаар Б.Тэмүүлэн ажилладаг бөгөөд одоо Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд болохоор зүтгэж байгаа гэх. Б.Тэмүүлэн аанай л ажил хийж үзээгүй нэг цагаан захтан "Чингис хаан баялгийн сан" компанийн мөнгөөр туйлж байдгийг эх сурвалжууд эртнээсээ дэлгэсэн. Чухам хэнд зориулж байгуулж өгсөн компанийг мэдэхгүй ч “Эко пропертис тауэр”-т түрээс хэмээн сар бүр 19,000,000 төгрөг төлнө. Дээр нь тус оффистоо 11,000,000 төгрөгийн засвар хийж, 178,054,790 төгрөгийн тавилга авсан, 38,998,300 төгрөгийн тоног төхөөрөмж авсан гээд үргэлжилнэ. Зөвхөн Б.Тэмүүлэн захирал гадаад аялалд 22,700,000 төгрөг, 14,000.000 төгрөг тус тус зарцуулсан гээд цааш үргэлжилнэ. Мөн 2025 оны зургаадугаар сарын байдлаар 1,4 тэрбум төгрөг цалинд тавьсан, 26 ажилтан сард дунджаар 8,9 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Татвар төлөгчдийн мөнгөнд ийнхүү хайргүй гар дүрж байгаа хүн Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд болно гэдэг санаанд багтамгүй хэрэг. Төрд алба хашиж байгаа ч ажлаа мэдэхгүй, үр дүнгүй нөхөд байдгийн цаана ямар нэгэн эрх мэдэлтэн байдаг. Тэгвэл Б.Тэмүүлэн нь УИХ-ын гишүүн, олноо “Бидон” хэмээн нэрлэгдсэн Д.Ганбатын төрсөн эгчийн хүүхэд ажээ.
Б.СОЛОНГООГ СОХРООР МАГТААД БАЙСНААС ЮУ ХИЙСЭН ЮМ
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоог томилох сураг бий. Тэр өмнө нь ч богино хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ажиллаж байсан. Хувийн хэвшилд алба хашиж, төрийн албаны туршлагагүй Б.Солонгыг 2020 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилж, өнгөрөгч 2024 оны сонгуулиар МАН жагсаалтынхаа 22-т эрэмбэлж хоншоороо таслуулсан ч чухам л эрдмийн оргилд гарчихсан хэмээн шуугьж байсны цаана Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байсан болов уу. Энэ үеэр тэр Оюутолгойн гэрээний үр өгөөжийг сайжруулах Ажлын хэсэгт ажиллаж байсан. Өнөөдөр ч Оюутолгойн сонсголын гол дүрүүдийн нэг болчихсон сууж харагдана лээ. Гагцхүү ямар ч үр дүн гараагүй гэдгийг бултаараа мэдэх байх. Ингэхэд урьд өмнө Дэд сайд байхдаа юу хийсэн юм. МАН-ын өнөөх л хэдхэн хүнийг дарга, сайдаар томилдог арга барилаараа сургуулийнх нь намтрыг харж байгаад Дэд сайдаар томилчих магадлалтай. Түүнийг томилоход нэг асуудал байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай гар нийлж ажиллана гэдэг юу л бол. Б.Энхбаяр сайд дотооддоо МУИС төгссөн. Б.Солонго нь гадаадын гурван сургууль төгссөн. Хамгийн гол нь Б.Энхбаяр сайд 2000 он гэхэд УИХ-ын гишүүний туслахаар их улс төрд хөл тавьчихсан туршлагатай улстөрч. Яах аргагүй төрийн ажлын хүн. Харин Б.Солонго нь 2020 онд сохроор магтуулж байж их улс төрд хөл тавин, богино хугацаанд ажилласан, туршлага байхгүй цагаан захтан. Б.Солонго Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү, Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй ажил хэрэг, бизнесийн түншүүд гэх яриа байдаг нь оргүй зүйл биш бөгөөд Ерөнхий сайд асны дэмжлэгтэй байхыг ч үгүйсгэхгүй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.