0

Шинээр томилгоод буй дэд сайд нарыг хэн нь хэн бэ гэдгийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайдаар томилогдсон Г.Дашнямыг онцлов.
Төр, засаг ч ичихгүй юм, томилогдож байгаа нөхөд ч ичихгүй юм. Монголын Төр сүүлийн 30 гаруй жил улс төр, бизнес бүлэглэлийн зодоон дунд өрнөж ирсэн ч арай ч өнөөдрийнх шиг ийм сул дорой байгаагүйг Дэд сайдуудын томилгооноос харж болно. Тэр дундаа Дэд сайдуудаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайдаар томилогдсон Г.Дашням гэж нэг дүүрчихсэн нөхөр байна. Төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй байж “Надад туршлага бий” гээд дайраад байх тэнэг юм. “Жи мобайл”, “Магнай трейд”-ийн үүдээр цухуйж үзээгүй хөрөнгөтний хүү хэзээ хаана ямар туршлага цуглуулчихав аа.
Ерөөсөө ажиллаж байсан газар нь дээрх хоёр компани атал “Надад гадаадад олон найз бий. Би аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гээд дайрч байдаг шүү. Далайн эрэг дээр эрхэлж явахдаа хамт зургаа татуулсан аялагчидтай хамт хөгжүүлэх гээгүй бол өөр юу ч байхгүйг нь мэднэ. Бас болоогүй, “Надад спортын салбарт туршлага бий. Би сүүлийн 10 гаруй жил Жүдо бөхийн, Чөлөөт бөхийн, Хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байсан, одоо Жүцүгийн холбоог аваад явж байна” гэнэ үү. Аялал жуулчлал гэдэг маш том цогц бодлогоор “балбаж” байж наашилна уу гэхээс далай эрэгт зугаацсан хэдэн гадаад нөхрийн зураг харуулаад хөгжихгүй. Спорт гэдэг зүйл бүр шинжлэх ухааны өндөр түвшинд хүрчихсэн зүйл. Хэдэн холбоодын Удирдах зөвлөлд хөрөнгө оруулж байсан нэг бацаан хөгжүүлчихгүй. Тэгээд ч хөрөнгөтний хүү болохоор спортын акулууд сонирхлыг нь дагуулан, хэдэн холбоодын Удирдах зөвлөлд нэрийг нь оруулснаас өөр юу байв гэж. Г.Дашнямаас чухам юуг нь ашиглах гэж спортын зүтгэлтнүүд эгнээндээ авчрах юм, ойлгомжтой. Үүн лугаа МАН ч санхүүжилтээ л зузаатгах гэсэн хэрэг байх даа.
Тэр хөрөнгө мөнгө босгох гэж зовсонгүй, аавынхаа хөрөнгөн дээр туйлж яваа хүүхэд. Төрийн албанд нэг өдөр ажиллаж зовлон жаргалыг нь үзсэнгүй. Амьдрах гэж зүдэрсэнгүй. Бүх зүйлийг эцгийнхээ мөнгөөр шийдэж ирсэн баян эцгийн эрхийн тэнэг хүү гэдгээ сүүлийн өдрүүдэд ярьж байгаагаараа баталгаажууллаа.
Түүний амьдралдаа гардан гүйцэтгэсэн ганц ажил нь скүүтэр хэмээх зүйл оруулж ирээд хориглолтод хийчихсэн. Ажил хийж үзээгүй, сурч боловсроогүй, бодлогогүй хүний л ажил. Скүүтэр бүү хэл явган хүн явах төлөвлөгөөнд шахагдсан Улаанбаатарт скүүтэр оруулж ирнэ гэж Г.Дашнямын толгойноос л гарна. Тиймдээ ч “Магнай трейд”-ийн өв залгамжлагчийн хар гайгаар олон ч хүүхэд залуус гэмтэж бэртсэн. Түүний хийсэн ажил гэвэл ердөө л энэ.
Энд нэг зүйлийг дурдахад МАН-ын удирдлагууд энэ мэт нөхдийг тооноороо оруулаад дээш залаад байвал олон жил та нөхдийг Төрийн өндөрлөгт байлгах гэж зүтгэсэн гишүүд чинь гомдоно шүү. Тэднийг гомдоох юм бол хэдэн мянган Г.Дашням байгаад ч намыг чинь аврахгүй. Г.Дашням дөнгөж 2021 оны намар гэнэт МАН-ын Бага хурлын гишүүн, залуучуудын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд Ерөнхийлөгч болж байсан улс төрд баруун зүүнээ ч мэдэхгүй яваа нөхөр. Ийм л нөхрийг бүр 2024 онд МАН-ынхан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшүүлж байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй цахим орчинд хэрүүл хийж, “Та намайг харлуулж чадахгүй шүү. Ганзоригийн Дашнямыг энэ дэлхийн нарнаас өөр юу ч харлуулж чаддаггүй юм. Би төрөөс төрсөн тэрбумтан биш. Ариун цагаан хөдөлмөрөөрөө, бизнесээрээ энэ бүхнийг бий болгосон” гэж согтуу томорч байгаад унасан. Томорсон томроогүй унана л даа. Энэ нөхөр ямар ариун цагаан буян, хөдөлмөрөөрөө юу босгох вэ. Эцгийнхээ бэлэн хөрөнгийг үрж ядахдаа сонгуульдаж явааг эрх биш сонгогчид мэдэж таарна.
Ядахад хар багаасаа бараан намтартай болж. Тухайлбал, 2018 онд тэр аав Р.Ганзоригтойгоо “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү баривчлагдсан даа. Энэ үеэр 16 аймагт салбар ШТС-тай “Жаст ойл” компаниа Р.Ганзоригт өгсөн, харин Р.Ганзориг “Жаст ойл” компанийг нь хүү Г.Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн гэх асуудлаар ийнхүү баривчлагдан, 48 цаг саатуулагдаж байв. Боловсорсон намтрыг сөхөхөд ОХУ, Монгол Улс, Швейцар улсуудад Бүрэн дунд боловсрол эзэмшиж, Лондон хот дахь Америкийн Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн хүн юм. Ийм нэг эрхийн балайг тооноороо оруулж ирсэн МАН-ынхан амаа барина даа.
Үргэлжлэл бий...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.