0

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр УИХ-ын дарга Н.Учралд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд аж ахуйн үйл ажиллагааны явцад төр болон аж ахуй эрхлэгчийн хооронд баримтлах, эдийн засгийн үйл ажиллагаа чөлөөтэй байх, тогтвортой байдлыг бий болгоход чиглэсэн ерөнхий зарчмуудыг тогтоож нэгтгэсэн хууль одоогоор байхгүй байна.
Олон улсын туршлагаас харахад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх чөлөөг хуульд тусгаж, төрийн оролцоог хязгаарлах нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлж, төр болон хувийн хэвшлийн албан ёсны зөвшилцлийн тогтолцоотой, бодлогын тодорхой зарчимтай байх нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын өсөлтийг хангаж, тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөөтэй гэж үзэж байна хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм.
Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.
Тус хуулийн төсөл батлагдсанаар төрийн оролцоог бууруулж, өрсөлдөөнт зах зээлийг бүрдүүлэх, аж ахуй эрхлэгчдийн эрхийг хамгаалах суурь зарчмыг тогтоохын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Хууль батлагдсанаар улсын төсөвт ачаалал үүсгэхгүй бөгөөд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчид төрийн үйлчилгээг шуурхай авах, санал хүсэлт, эрх ашгаа хамгаалуулах тогтолцоо бий болж, зардлаа хэмнэх, үйл ажиллагаагаа саадгүй явуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг сайд Ж.Энхбаяр онцлон тэмдэглэв.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.