dobu.mndobu

“Роснефть”-ийн төлөөлөл Г.Номинг Эрүүл мэндийн бус Эрдэс баялгийн сайд болгох байж 

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-22

“Роснефть”-ийн төлөөлөл Г.Номинг Эрүүл мэндийн бус Эрдэс баялгийн сайд болгох байж 

Эрүүл мэндийн Дэд сайд Г.Номин томилогдсон өдрөө шууд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд ажиллаж, нэлээд “дөвчигнөөд” авлаа. Учир нь өвчтөний урсгал, цагийн зохион байгуулалт, үйлчилгээний дарааллын нарийвчилсан зураглал гаргаж, хүлээгдэл бууруулах шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэх санал солилцон, “үүрэгдэж”, сайд Ж.Чинбүрэнгийнхээ үүрэгдэж чадаагүйг хийчихэв үү, яав. 

Ингэхэд ийм Дэд сайдтай байхад Ж.Чинбүрэн сайдад ажил хийх хэрэг байна уу. Энэ нь өөртөө итгэл дүүрэн байгаагаа харуулж байж болох ч гагцхүү салбарын акулууд Дэд сайддаа ихээхэн дургүй байгаа нь чухам юуных юм бол. Хэтэрхий поп байгаа учраас салбарын акулууд ийн ундууцдаг байх. 

Лавтай Ж.Чинбүрэн сайд “Дэд сайдтай болъё” гээд Г.Номинг томилчхоогүй. Хэн нэгний, аль нэг фракц бүлэглэлийн шахаа. Олны салхинаас сонсоход УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы дэмжлэгтэй аж. Тиймээс Т.Мөнхсайхан СДМЗХ-ны удирдлагуудтай тус холбооны квотыг ярилцаж, мөн Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн зөвлөх Б.Бадамцэцэг найз нь өргөж байж Дэд сайдын суудалд залжээ. 

Нөгөө талаас Дэд сайд Г.Номин нь “Роснефть Монголия” компанийн захирал Д.Ганбаатарын охин аж. “Роснефть Монголия” компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд Доржийн Ганбаатар тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч юм. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтай компанийн захирлын охин Дэд сайдын суудалд ямар ч хэмжээний дэнчин тавьж чадах байх. Шатахуун, түлш ховор цагт эрүүл мэндийн салбарынхан л лав айлтгүй болж байна. Уг нь хүнд хэцүү цагт Г.Номинг Эрүүл мэндийн Дэд сайд биш Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайдаар томилох байсан юм. МАН-ын Удирдах зөвлөл, Г.Занданшатар гэж мэдрэмжгүй нөхөд. Тэртээ тэргүй Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайдаар нэг Тaтварын байцаагч очоо биз дээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайдаар нэг уяач очоо биз дээ. Улс орны эрх ашгийн төлөө эрдэс баялгийн салбарт нэг эмч сайд очоо л биз. “Роснефть”-ийн төлөөлөл салбарын Дэд сайд байна гэдэг ядахад л шатахуун, түлшээр тасрахгүй амьдарч чадах байв.  

Тэр бол эрүүл мэндийн салбар, анагаахын шинжлэх ухааны ертөнцөд бэлтгэгдэж байгаа боловсон хүчин огт биш. Их улс төрд бэлтгэгдэж байгаа МАН-ын хойч үеийн нэгэн дүр гэдгийг бүхий л зүйлээс харагдана. Дэд сайдууд сандал, ширээн доогуур орон ядан байхад Г.Номин “Хамгийн залуу Дэд сайд томилогдлоо” хэмээн цахим орчинг залхааж байгаагаас харахад, “Би төдөн ном, төдөн судалгааны бүтээл бичсэн” гэж байгаагаас харахад, дөнгөж томилогдсон өдрөө Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд ажиллаж, “үүрэгдэж” байгааг харахад, салбарын акулуудын унтууцлыг төрүүлж байгаа зэргээс харахад тэр айсуй 2028 онд МАН-ын жагсаалтад аль эрт багтчихсан хүн. Эсвэл дуртай тойрогтоо мандатаа өвөртөлчихсөн эмэгтэй. Эрүүл мэндийн Дэд сайдын суудал бол яахав, дамжин өнгөрүүлэх бааз л юм. Ийм бодолтой, жагсаалт болон мандатаа өвөртөлчихсөн яваа Дэд сайдад нэг асуудал бий. Тэр нь Ж.Чинбүрэн сайдад төвөг удна. Өмнөөс нь гүйнэ, болох болохгүй мэдээлэл хийнэ, Эрүүл мэндийн яамыг төлөөлөх гэж үзэхээс эхлээд сайдынхаа бухимдлыг барах байх даа.  

Салбарын акулууд яагаад дургүй байгаа вэ гэхээр дөнгөж 29 настай, 2017 онд Анагаахын шинжлэх ухааны их сургууль төгссөн эмэгтэй судалгааны 100 гаруй өгүүлэл бичсэн, ном бичсэн, анагаах ухааны магистрын зэрэгтэй, докторантур гэх мэтээр цахим орчинд “сэвэлзээд” байхаар чагнуур барихаас эхлээд нэгэн насаараа анагаахын салбарт зүтгэсэн эмч эрдэмтдийн хувьд инээдтэй санагддаг биз. Тэгээд ч Г.Номин 2015 оноос “Mongolian Health Initiative” байгууллагад туслах судлаач, Анагаахын Шинжлэх Ухааны  Үндэсний Их Сургуульд багш, Нүүр ам судлалын Төв эмнэлгийн гэрээт эмч, өнгөрөгч жилээс Эрүүл мэндийн яамны мэргэжилтнээр тус тус ажилласан гэхээр 20,30 жил үхэлтэй нүүр тулчихсан аваргуудад балчирхан санагдана.

Боловсролын хувьд ч өнөөх акулуудынхаа дэргэд зиндаархах аргагүй балчирхан юм билээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Шүдний их эмч мэргэжлээр 2017 онд төгсөөд тэндээ Анагаах ухааны магистр хамгаалсан. Мөн Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй л эмэгтэй. Илүүрхэж харагдаад байх зүйл өчүүхэн ч байхгүй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.