dobu.mndobu

Хотын дарга “Хоолны сав” болсон хоёр орлогчоосоо салаач ээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-23

Хотын дарга “Хоолны сав” болсон хоёр орлогчоосоо салаач ээ

Хотын дарга Х.Нямбаатар энд тэндгүй бухимдаж явсных бас чиг чамгүй ажил нугалж байгааг нийслэлчүүд тэртээ тэргүй мэдэж байгаа учраас олон зүйл нуршаад яахав. Гагцхүү баруун, зүүн талаас нь бат түшиж байх ёстой хоёр орлогчийн хувьд туйлын хангалтгүй ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Т.Даваадалай, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдол хариуцсан орлогчоор А.Амартүвшинг тус тус томилсон цагаас хойш нэгэн жилийн хугацаа  өнгөрөөсөн ч тэд Хотын орлогч гэх албан тушаалыг улс төрийн шат гишгүүр, хувь улс төрийн пиар технологидоо ашиглан ажиллаж байна. Тэр ч бүү хэл ах дүү, амраг садангаа ажилд татах, гэр бүлийнхээ бизнесийг өргөжүүлэх хэмжээнд ажиллаж байгааг хаа хаанаа шүүмжлэх болжээ. Үнэнийг хэлэхэд Хотын хоёр орлогч Х.Нямбаатар даргынхаа хийж босгосон ажлыг энд тэнд ярьж, хийж босгох гэж байгаа ажлыг нь хольж хутган, өөрсдөө санаачилсан мэт чалчихаас хэтрэхгүй. Тун болохгүй бол ажил зохион ярьж, иргэдийг гүтгэж явна. Тиймээс Хотын дарга “Хоолны сав” болсон хоёр орлогчоосоо салаач ээ. Мэдээж хэрэг, Монгол Улсын хүн амын тал хувь нь аж төрж байгаа нийслэл хэмээх айлыг ганц Х.Нямбаатар орлогчгүй бол хүчрэхгүй байх. Гэхдээ ийм хоёр “Хоолны сав”-ыг явуулчхаад оронд нь ажил хийдэг хүн томилох шаардлага байгааг нийслэлчүүд ч хэлж байна. Ядахад ганц нэг ажил нугалчих Орлогч хэрэгтэй л байж таарна.

“БОДЬ”-ИЙН ТАГНУУЛ Т.ДАВААДАЛАЙ ХОТЫН ДАРГААСАА ТОМ ЗАГНАЖ БАЙГААГИЙН ЦААНА ХЭН БАЙНА

Т.Даваадалайн эзэмшсэн мэргэжил, ажилласан туршлага ч дүүрчээ. Нийслэлчүүд түүнээс ажиллая гэсэн чин сэтгэл хайгаад байгаа юм. ОХУ-ын Санкпетербург хотын Санкпетербургийн Зам харилцааны их сургуулийг Зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн гэхээр яв цав биш ч гэсэн Улаанбаатар хотод хэрэгтэй хүн. Ажлын туршлага гэвэл Төрд алба хашиж байгаагүй, хувийн хэвшилд л ажиллаж байж. Угсаа гарвал хөөвөл “Бодь” группийн Д.Баясгалантай салшгүй холбоотой. Тэр хотод иртлээ “Бодь интернэйшнл” компанийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн захирлаар ажиллаж байж. Улаанбаатар хот 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнээс 300 тэрбумыг нь “Бодь” группийн хэрэгжүүлж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станц руу оруулсан. Улаанбаатарыг эрчим хүчээр хангах гол эх үүсвэрүүдийн нэг учраас мөнгө оруулахаас өөр аргагүй төсөл. Гэхдээ энд Т.Даваадалайгийн хүчин зүтгэл ч байж таарна. Энэ ч яахав, Т.Даваадалай улс төрд хөл тавиад удаагүй ч асар богино хугацаанд буруу гарын туршлага сууж яваа хүн. Ер нь ингэхэд Т.Даваадалайг улс төрд богино хугацаанд өндөр авхуулсан хүн нь хэн юм бол гэдэг нь ч анхаарал татах болов. Өнгөрөгч 2024 онд НИТХ-ын төлөөлөгч, Хотын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч гээд өндөр авсан төдийгүй томоохон тендерт оролцож, төрсөн дүү Т.Мөнхдалайгаа “Улаанбаатар метро” төслийн гүйцэтгэх захирал, ерөнхий менежерийн албан тушаалд тавих зэргээр Хотын дарга Х.Нямбаатараасаа ч том загнаж байгаа харагдах. УИХ-ын гишүүн, сайдаасаа бууж, Хотын дарга болсон зангаргатай гэж болох Х.Нямбаатараас толгой дээгүүр байгаагийн цаана хэн байна. Дүүгээ албан тушаалд томилчхоод “Миний дүү Т.Мөнхдалай Улаанбаатар метро төслийн захирлаар томилогдсон нь хуулиараа ямар ч ашиг  сонирхлын зөрчилгүй” хэмээн эргүүтнэ лээ. Ийнхүү Т.Даваадалай хотын хөгжилд нэг ч хуруу нэмэрлээгүй байж юуны өмнө ашиг сонирхлын зөрчил цухалзуулна. Ганцхан жишээ татъя. Нийслэлээс “Шинэ тойрог авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ, Зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний гүйцэтгэгчээр, БНХАУ-ын Фужиан муж дахь Шиамэнь хотод байрладаг “ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” болон тус улсын “Си Эс Си И Си Айком Консалтантс” компанийг шалгаруулж, 2025 нэгдүгээр сарын 09-нд гэрээ байгуулжээ. Гэтэл Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нь тус хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаачаар 10 гаруй жил ажиллаж байгааг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, Т.Даваадалайг 2024 оны аравдугаар сард хотын орлогчоор томилогдсоны дараа эхнэр Б.Анхтуяагийнх нь ажилладаг БНХАУ-ын “ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” гэх байгууллага гэнэтхэн л Улаанбаатар хотын тендерт оролцож, 15.8 тэрбум төгрөгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан нь зүгээр ч нэг хэрэг биш. Ийм л нэг орлогч дарга хотын ажил гэхээсээ илүүтэй хэтэвчээ зузаалж, ах дүүсээ өөд нь татаж явна.

ХӨДӨӨГИЙНХӨН ИЛЧГҮЙ, ХОРТОЙ ТҮЛШИЙГ ХУЛГАЙЛАХ НЬ БҮҮ ХЭЛ ҮНЭГҮЙ ӨГСӨН Ч АВАХГҮЙ ШҮҮ, А.АМАРТҮВШИН ДАРГАНЦАР АА

Хот хэмээх аварга том айлын удирдлагад улс төрийн албан тушаалтан, тэр тусмаа улс төрд ахих нэгэн шат гишгүүрээ болгохыг зорьсон хүмүүсээ явуулахгүй бол ажил урагшаа явахгүй шүү, Х.Нямбаатар дарга,аа. Тэдний нэг бол Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин гэж ёстой нэг худлын туйл, улс төрийн донтон байна,аа. Ийн хэлэхийн шалтгаан нь хэн ч итгэхгүй ажиллагаа зохион байгуулж, худлаа мэдээлэл өгнө. Байнга ажил хийсэн дүр эсгэж, хэвлэл мэдээллээр цацуулна. Саяхан даа, А.Амартүвшин “Эмээлтийн пост дээр 46 шуудай буюу 2100 тонн түлш хотоос гаргах гэж байгааг илрүүлж, үйлдлийг зогсоосон. Өнгөрсөн шөнө 95 шуудай буюу зургаан тонн хагас кокс болон сайжруулсан түлш Улаанбаатар хотоос гаргах гэж байгааг илрүүлсэн” хэмээн Цагдаагийн газраас мэдээлэл өгч байгаа мөрдөгч шиг зогсож харагдана лээ. Үүнийг ажил хийсэн болж харагдах гэсэн зохион байгуулалттай ажиллагаа гэж хэлэхээс өөр аргагүй. Үнэнийг хэлэхэд та нарын үйлдвэрлэж байсан, өдгөө оруулж ирж байгаа илчгүй, хортой, асдаггүй түлшийг орон нутгаас хэн ч тоож авахгүй гэдгийг мэдмээр юм. Орон нутагт түүхий нүүрсээ түлсэн ч бэлэн байж байна. Бусад монголын уламжлалт түлшээ түлсэн ч байж байхад Улаанбаатараас түлш хулгайлж яваад А.Амартүвшинд баригдах юм гэнэ. Үүн шиг худлаа зүйл байхгүй. Түүнд төлөвлөж, хийж чадах ажил нэгээхэн ч үгүйг алхам тутамдаа батална. Ахиад л “Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглан, түлш худалдан авч их хэмжээгээр хадгалан орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн. Сайжруулсан шахмал түлшийг ачааны машинаар нууцлан тээвэрлэж байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт ил болсон” гэх зэргээр худлаа ярина. Энэ бол хийх ажилгүй дарганцарын арга ядсан ажиллагаа. Түүнийг ОБЕГ, Замын цагдаа, ШШГЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаатарын хүү гэдгийг мэдэх байх. Уг нь 2016 оноос хойш Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай гэж Хотын орлогч бараадуулсан байх. Гэтэл нөхөр анхан шатнаасаа улс төр хөөсөн. Ажилласан туршлага, цаг хугацаанаас харахад тэр чигээрээ улс төр. УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагчаар 2008 онд хөл тавьсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл улс төрийн албан тушаал хашиж ирсэн. Түүнийхээ төлөө л явдаг нөхөр гэдгийг юу юунаас харж болно. Эцэст нь хэлэхэд А.Амартүвшин “нүүрс хулгайлсан” хэмээн орон нутгийн иргэдийг гүтгэж байгаадаа уучлал гуйх шаардлагатай. Орон нутгийн иргэд Улаанбаатарын утаатай, илчгүй, хортой нүүрсийг хулгайлах нь бүү хэл зүгээр өгсөн ч авахгүй шүү, А.Амартүвшин дарганцар аа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.