0

Манай “Dobu.mn” сайтаас өнгөрөгч онд улс төрд өрнөсөн долоон бүтэлгүй үйл явдлыг түүвэрлэн танилцуулж байна. Улстөрчдийн хязгааргүй их шунал, эсвэл эрх мэдлийн төлөө хэтэрхий улайрах нь байнга бүтэлгүйтэл дагуулж байдаг. Үүний зэрэгцээ улстөрчдөд гэнэдэх гэж нэг аюул бий. Улиран одож буй 2025 он бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Төрийн өндөрлөгүүд болон сайд, дарга нарт ихээхэн халгаатай жил байлаа. Ингээд оны дордохын долоон бүтэлгүй үйл явдалтай танилц.
1.НЭГ МУУ ЦҮНХЭНД БҮДЭРЧИХ ЕРӨНХИЙ САЙД БАЙХ УУ
“Шударга тав” хэмээн хөхөө өвлийн хүйтэнд Төв талбайд түмнийг цуглуулж, Ах намын нэгэн лидерийг зайлуулж өгсөн шагналд хоёр сонгууль дамнан, таван жил Ерөнхий сайдаар ажилласан хүн Л.Оюун-Эрдэнээс өөр байхгүй гэхээр азтай гэж таарна. Гэтэл хүүгийнхээ найз охины цүнхнээс болоод бүдэрчихийг харахаар мөн ч бүтэлгүй нөхөр. Нэг муу цүнх бүү хэл уул уулаар нь идэж уусан нөхөд одоо ч албаа залгуулж явна. Цаад агуулгаараа бол ах нарынхаа тогоо руу өнгийсөн учраас бүтэлгүйтэж, унасан болов уу. Тухайн үед Л.Оюун-Эрдэнийг орд газартай холбоогүй, авлигад холбоогүй, албан тушаалын томоохон баримт сөхөөгүй, эрүүгийн шинжтэй ямар ч гэмт хэргийн баримт гаргаагүй. Нэг муу цүнх л дараад авсан. Үнэн хэрэгтээ өнөөдрийн нийгэмд 3500 ам.долларын үнэтэй цүнх үүрсэн бүсгүйчүүд олон бий. Энэ нь гайхаад шагшраад байх зүйл огт биш. Тэр тусмаа Ерөнхий сайдын суудлаас буух шалтгаан бүр ч биш. Ёстой бүтэлгүй нөхөр л нэг муу цүнхэнд тээглэж унана. Хамгийн гол нь улс төрд нэг бүтэлгүйтсэн нөхөр эргэж азын од шүүрнэ гэж бараг л үгүй. Уг нь Ерөнхий сайд болсон даруйд “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн дөвчигнөж, энэ нь цааш явах аргагүй болохоор “14 мега төсөл” хэмээн хуурах зэргээр болгоод байсан ч нэгэнт азын од харвачихаар яах билээ.

2.“БОР ТЭЭГ”-Т ТЭЭГЛЭЖ УНАСАН СПИКЕР
Уг нь хөөрхий “Би дайны бурхан, ялалтын стратегич байсан” хэмээн гуйж гувшиж байгаад УИХ-ын даргын суудалд дөч гаруйхан настай заларсан ч сэнтий нь өндөрдсөн байх. Тэр дор нь “бухчихлаа”. Түүнийг унахад ах нар ихэд нөлөөлсөн бөгөөд эр хүн хөрөнгө мөнгөний хүрээ хаяаг хязгааргүй тэлэх шуналдаа хөтлөгдсөн л байх. Тиймдээ ч “Бор тээг”-ийн уурхайтай холбогдож, Спикерын суудал бүү хэл УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа нь их юм болов. МАН-ын гал тогоог 2016 оноос хойш барихдаа олон ч хүний голыг нь гогодон гомдоосон лүд юм. Ядахад шазруун нөхөр, далаад оны ах нарынхаа өмнөөс “Намын дарга болно” хэмээн сөрөхөөр цаадуул нь “Бор тээг”-т тээглүүлээд унагаачихаа мэднэ л дээ. Нөхцөл байдал эвгүйтгэхээр өс санасан нөхөд нийлээд боорлочихож байна. Манайхан ч унахаар нь дэвсэж өгдөг жамтай. Ш.Раднаасэд, Б.Энхбаяр нарын олон нөхдийг гомдоож, өөрийгөө байнга өндөрт барина хэмээн төлөвлөж байсан ч хэдэн оймс илүү элээсэн ах нар дараад авахаа мэднэ. Эс тэгвэл Сталинаа байг гэхэд “хөөрхөн” дарангуйлагч нэгэнт төрчихсөн байсан шүү. Дарангуйлагчийн золиос болсон нөхдөөс өдгөө шоронд ч байна, шүүх, прокурорын шатанд ч тарчилж л байна. Залуу ч юм, гэнэдсэн байх. “Бор тээг”-т л тээглэчихлээ. Гэнэдсэн гэхээсээ илүүтэй бүтэлгүйтсэн гэж болно. Цэл залуухан байж улс төрд олон дайсан бэлдсэн хүн “Мэхт мэхэндээ” бололгүй дээ. Одоо “Бор тээг”-т тэр чигтээ тээглэж унах уу, тэсэж үлдэх үү гэдгийг түүний улс төрийн нүүдэл л мэдэх хэрэг.

3.УНАСАН Ч УДИРДСААР БАЙХ ЕРӨНХИЙ САЙД
“Мордохын хазгай” гэгчээр анхнаасаа УИХ-ын даргын суудал дээрээс сонгуульд бүдэрчихсэн бүтэлгүй нөхрийг зүтгүүлсээр байгаад Ерөнхий сайд болгосон. Болох ч гэж дээ, хүчээр суудал эзэгнэж байгаа нь худлаа биш. Улс төрд 30 жил явахдаа ихэнхэд нь өндөр суудалд заларсан далаад оны ах МАН-ын Бага хурлаар наяад оны дүү нарынхаа тоосонд нам дарагдаж, тоосон дундаас харагдахгүй байхад нь Ерөнхийлөгч татаж босгоод Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр залчихсан. Гэтэл цаад бүтэлгүй нь “шороотой” сайд гэдгээ мэдэхгүй тойрон хүрээлэгчдийнхээ аманд багтан, тэдний вакум орчинд орж суучихаад баруун солгойгүй томилгоо хийв. Тэр тусмаа Баянхонгор аймгийнх л бол банхар ч хамаагүй томилов. Сүүлдээ хэрээс хэтэрч, Дэд сайдууд томилсон нь олныг цочиролд оруулсан. Үүгээр нь далимдуулан, АН-ынхан Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоо тохиролцооны ширээний наана цаана эргэлзээнд орчихсон “бүгэж” байгаагаас биш Г.Занданшатар бол ахиад уначихсан Ерөнхий сайд. Хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр ч удаа хазайж байгаа “шороотой” Ерөнхий сайд айсуй 2026 онд тэсэж үлдэнэ гэж үгүй болов уу. Өнгөрөгч оны туйлын бүтэлгүй улстөрч бол тэр байлаа. Ямартай ч “шороотой” сайд маань шороогоо ч арилгаж амжилгүй 2026 онтой золгох нь тодорхой болов.

4.ОЮУТОЛГОЙГ ТӨНХӨХ ГЭЭД “ХЭРГИЙН ЭЗЭН”-ИЙГ ОД БОЛГОЧИХОВ
Уг нь О.Батнайрамдал гэх нөхөр хөмсөг зангидаж, хүн зандарч байгаад өөрийгөө од болгочих санаатай Оюутолгойн гэрээг шалгах Түр хорооны даргаар ажилласан. Гэтэл эсрэгээрээ “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” С.Баярцогтыг од болгон гялалзуулсандаа уурсаж явна. Монгол Улс өнөөдрийг хүртэл ашиг хүртэж чадалгүй 16 жил болж, хойшид ч ашиг хүртэхгүй, өрөнд орж үлдэх гэрээг байгуулсан нөхөр бараг л “Үндэсний баатар” болчихов. Харин олон нийт О.Батнайрамдалыг тээр шаах маягтай болж байгааг харахад тэр үнэхээр бүтэлгүй нөхөр. С.Баярцогт нь яасан ч ой сайтай юм, ямар ч их баримттай юм. Гэтэл С.Баярцогт болон олон хүнийг түмний өмнө номхоруулж үнэлгээ авах гэсэн О.Батнайрамдалд баримт бүү хэл санаж сэдэх ой ухаан ч байхгүй учраас гэмтэн болгож тодруулах гэсэн дүр нь од болчихож байна. Үнэхээр бүтэлгүй нөхөр. Сүүлдээ бараг С.Баярцогтын захиалгаар Түр хороо байгуулж даргалсан хэрэгт ч орж мэдэхээр байгаагаас харахад яаж бүтэлтэй гэх юм. Оюутолгойн сонсгол дуусаад удаж байгаа ч С.Баярцогтыг магтсан мэдээ мэдээлэл, цахим орчны жиргээ өдгөө ч хөвөрсөөр байна. Харин О.Батнайрамдал гэж нэг шоучин гэх мэтээр харааж байх жишээтэй. Анх удаа парламентад сонгогдсон, анх удаа Түр хороо даргалахдаа ийнхүү бүтэлгүйтэж байгаагаас харахад түүний улс төрийн зам ингэсхийгээд төгсөх байх. Өөрийгөө ёроолд шидснээ мэдэхгүй одоо болтол “Амаргүй юм байна, хэцүү юм байна” хэмээн олноос үнэлгээ авах гээд гонгинож байгаа нь өөрийг нь улам бүр бүдгэрүүлж байгааг ч мэдэж байгаа юм алга. Сүүлдээ бүр уйлаад авав.

5.АМ РУУГАА АЛГАДУУЛЖ ХАНАДАГГҮЙ ДАРГА
АН-ын дарга О.Цогтгэрэл ах намын зодоон дундуур “дайны олз” шүүрэхээр гүйж ороод Г.Занданшатарыг дэмжээд хулхидуулав. Хулхидуулсан уурандаа Татварыг өршөөх тухай хууль санаачлан, Засгийн газрыг хохироох гээд ард түмэнд алгадуулаад авав. Ийнхүү О.Цогтгэрэл даргын уур бухимдал дундуур Засгийн газраас АН-аас томилогдсон Бүтээмжийн менежерүүдийг төрхөмд нь буцаан, Дэд сайдуудын томилгоо хийсэн нь бүр шатааж орхив. Улаан галтай нөхөр Ерөнхий сайдад “Дэд сайдуудынхаа томилгоог эргэн хар үгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина” хэмээн ундууцав. Гэтэл Г.Занданшатар “Засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна гэж заасан. Та нар УИХ-аар энэ хуулиа хүчингүй болгоод ир” хэмээн ам руугаа алгадуулав. Тиймээс дахин алгадуулсан АН-ын дарга өөрийн албан бланк дээр засгийг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлтэл Засгийн газраас “Ерөнхий чиг үүргийн яамны дөрвөн Дэд сайдаа авч үлдээд бусдыг нь явуулах” тухай ярив. Мөн АН дотор ажиллагаа явуулж эхэлсэн учраас цуглуулж байгаа гарын үсэг 32 гишүүнд ч хүрэхгүй замхарч, ахиад л ам руугаа алгадуулав. Ийм л бүтэлгүй дарга. Уг нь Г.Занданшатарт ямар ч мэх хэрэггүй цочооход л унахад бэлэн болчихсон. Анх Л.Гантөмөр УИХ-д 42 суудалтай АН-ыг түүнд ам бардам хүлээлгэж өгсөн. Удаан хугацаанд ялагдлын ёроолд тамга тэмдгийн хэрүүлтэй арван зүгтээ харчихсан үзэж байсан намыг эвлүүлж өгнө гэдэг амар зүйл биш. Гэтэл парламентад хүчтэй сөрөг хүчний дарга болчихоод байнга ам ругаа алгадуулж бүтэлгүйтсээр л байх юм даа.

6.БАГААРАА БАЗАХ ГЭЭД БАГААРАА БАЗУУЛЧИХЛАА
Удаан үргэлжилсэн МАН-ын үймээнд цэг хатгаж, багаараа өндөр дээд сэнтийд залрах хүслээр жигүүрлэсэн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарын залуус УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг дэмжсэн. Тэр тусмаа П.Сайнзориг хэмээх нөхөр хэвлэл мэдээллийн индрийг эзэгнэж байв даа. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас эхлээд УИХ-ын индэр хүртэл хууль зөрчин хуралдаад Х.Булгантуяаг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” хэмээн яллагдагчаар татуулчихав. Ёстой л багаараа базах гээд нэгнээ хэрэгт хийчихсэн бүтэлгүй тохиолдол. Ингэхдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод байгаа Д.Амарбаясгаланд "Зохион байгуулалттай бүлэг байгуулсан" гэх зүйл анги нэмүүлж хөлдөө чирсэн нь бүр ч бүтэлгүй хэрэг. Мөн УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандорж хүртэл яллагдагчаар татагдав. МАН дотор эдгээр нөхдийн ирээдүй ихээхэн бүрхэг болсон төдийгүй зарим нь “дээлээ нөмөрч” магадгүй болчихлоо. Улс төрийн намын, улстөрчдийн туйлын зорилго бол сонгуульд ялах, эрх мэдлийг авах байдаг. Үүнийхээ төлөө ч тэмцэлдэж ирсэн. Харин энэ баг шиг бултаараа шахам яллагдагчаар татагдсан бүтэлгүй тохиолдол үгүй.

7.”ДҮЛИЙДЭЭ НАЙДАЖ УНГАРАГ” ГЭГЧ БОЛОВ
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн сар ажилласан Л.Мөнхбаатар танхимынхаа тэргүүн Г.Занданшатарын “Нүүрсний хэргийг шалга, хариуцлага тооц” хэмээн үүрэгдсэний хариуд “Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хэрэг ярихгүй” хэмээсэн. Улс төрийн гал дунд аж төрж, нам, улс төрийн томилгоо авчихсан сайд байж танхимынхаа тэргүүний өөдөөс ийм зүйл хэлэхээр хөөгдөхгүй яах юм. Бүтэлгүй дээрээ тэнэг лүд. Л.Мөнхбаатар шударга дүрд тоглон, “Дүлийдээ найдаж унгараг” гэгчээр явж байхад нь Г.Занданшатар шуудхан гарч ирээд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилчихсон. Л.Мөнхбаатарын сайдаар ажиллах боломж ердөө энэ байсан байх. Хойшид ч ийм “дүлий” нөхөрт сайдын тамга атгах боломж олдохгүй. Харин ч боломж олгосон Г.Занданшатарт баярлах ёстой атал өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлдэггүй ёстой л бүтэлгүй нөхөр. Тэгээд ч тэр дөрвөн сар сайдын тамга атгахдаа чухам Хууль зүй, дотоод хэргийн яам байгаа юу гэмээр нам гүмхэн ажилласан. Б.Энхбаяр танхимынхаа тэргүүний үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж л сайд болсон байж таарна. Тэр тэгээд хэрэг хянан шийдвэрлэж, яллахыг нь яллаад яваад байна уу. Үгүй. Б.Энхбаяр сайд болчихсны дараа “Би хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй учраас яах ч аргагүй байна” гээд явж байгаагаас хэнийг очиж баривчлаад яллаад байгаа юм. Ёстой бүтэлгүй, тэнэг лүд.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.