dobu.mndobu

Х.Ганчулуун нар дүрэм зөрчин Хулд суманд трансформатор шатааснаа нуусан уу

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-21

Х.Ганчулуун нар дүрэм зөрчин Хулд суманд трансформатор шатааснаа нуусан уу

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит компанийн захирал Х.Ганчулууны хууль бус үйлдлийн талаар бид урьд өмнө мэдээлж байсан билээ. Үүний өмнө ч Х.Ганчулуун захирлын эхнэрийн нэр дээр байдаг “Ар хөв энерги” компанийн авсан тендерүүдийн жагсаалтыг ч мөн хүргэж байсан. 

Тэгвэл Х.Ганчулуун “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит компанийн захирлаар томилогдон очихдоо ч эхнэрийнхээ “Ар хөв энерги” компаниа мартсангүй. Тэрбээр тус компаниараа дамжуулан, тендер авч долоон дэд станц холбожээ. Гэтэл хариуцлагагүй компани, ажилтнуудаас үүдэж, Дундговь аймгийн Хулд суманд техникийн комиссын даалгавар биелүүлээгүй 35/15 кВ-ын 1600 кВА трансформатор захиалгагүйгээр шууд холбон шатаасан ноцтой үйлдэл гаргаад нам дарсан аж. Үүний төлбөр болох 15 сая төгрөгийг “Түмэн шонхор” компаниар төлүүлсэн гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ бол ноцтой асуудал. Төлбөр мөнгөндөө ч биш аюулгүй ажиллагааны дүрэм журам талаасаа байж боломгүй зүйл. Харин уг асуудалтай холбогдуулан, Түгээх үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтсийн дарга н.Мөнхбатыг ажлаас нь халж, өөрсдөө уснаас хуурай гарчээ. н.Мөнхбат нь тус албанд очоод нэг сар орчим болж байсан бололтой. Мөнхүү 2025 оны долоодугаар сарын 11-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт дэд станцын 10 кВа Дэрэн гаргалгаанаас 630 кВа дэд станцыг техникийн комисс ажиллаагүй, захиалгагүйгээр шууд холбож техникийн дүрэм зөрчжээ. 

Энэ тухай Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргаас лавлахад “Зун гэмтлийн улмаас цахилгаан тасарлаа гэж байсан. Дараа нь засагдлаа гээд цахилгаан ирсэн. Сайн мэдэхгүй байна” гэх хариултыг өглөө. Тэгэхээр Хулд сумын иргэдэд гэмтэл гарсан гэж ойлгуулж. Дүрэм журмаараа бол энэ мэт цахилгааны ослыг төв рүү мэдэгдэж арга хэмжээ авч байх ёстой ч нуусан нь илт байна. Нуусан ч учраас хаа хамаагүй “Түмэн шонхор” гэх компаниас төлбөр авсан болов уу. Түүнээс нуух шаардлагагүй бол ажил гүйцэтгэж байсан “Ар хөв энерги” компани хохирлыг барагдуулж, холбогдох инженер техникийн ажилтнууд арга хэмжээ авхуулах зэргээр бүх зүйл нээлттэй байх ёстой болов уу. 

Гэтэл энэ бүхэнд хяналт тавьж ажиллах ёстой АН-аас томилогдсон Хяналтын менежер Н.Мөнгөншагай гэж нөхөр байдаг ч хянах байтугай үгсэн хуйвалдсан байж болзошгүй байна. Арга ч үгүй, Хяналтын менежер Н.Мөнгөншагайн эхнэр Б.Шинэтуяа тус компани, захирлын Хуулийн зөвлөхөөр олон жил ажиллаж байгаа учраас хянах ямар ч боломжгүй л дээ. Нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө хамгаалж таарна. Тийм ч учраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа бол тухайн этгээдийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна” гэж заасан. 

Тэгэхээр юуны өмнө 15 сая төгрөгийн төлбөр төлсөн “Түмэн шонхор” компани тендерт шалгарч захиалга аваагүй гэхээр Х.Ганчулуун захиралтай чухам ямар холбоотойг ч тодруулах хэрэг гарч таарна. Өнөө холбоогүй ч маргааш ямар холбоотой болохыг ажиглах нь зүйн хэрэг байх. 

Албан ёсны бүртгэлээс харвал “Түмэн шонхор” компани нь 2015 оны зургаадугаар сарын 26-ны өдөр О.Мөнхжаргал Д.Ганболд нарын өмчлөлтэй байгуулагджээ. Чамгүй олон тендерт оролцож, зарим нэгэнд нь ялалт байгуулж байж. Тухайлбал, 1,4,5 дугаар хорооны цахилгааны тулгуур солих, сумын төвийн Булган хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам шинэчлэлийн гэх мэт ажил гүйцэтгэж байжээ. Энэ утгаараа “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компаниас тус ажлыг гүйцэтгэх тендер аваагүй, өөрт нь хамаагүй төлбөр төлж байгаагийн цаана ямар нэгэн холбоо байж таарна. 

Харин “Ар хөв энерги” компани бол алдартай. Тус компани нь Х.Ганчулуун захирлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид ирж байх үе буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 14-нд байгуулагджээ. Гүйцэтгэх захирлаар нь А.Хонгорзул ажилладаг аж. Мэдээллээс харахад “Ар хөв энерги” нь 16 тендерт оролцож, 11-ийг нь авчээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан дамжуулах шугамын өргөтгөлийн ажил, тус нутаг дэвсгэрт цахилгаан хангамжийн шинэчлэл, дэд станц барих, дулааны цахилгаан хангамжийн дэд бүтэц, гэрэлтүүлэг гэх мэт ажлуудыг гүйцэтгэж байсныг харж болно.  


С.Данзан 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.