dobu.mndobu

Ажлын хэсэг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-21

Ажлын хэсэг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын даргын захирамжаар “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр байгуулсан.

Энэ хүрээнд ажлын хэсэг өнөөдөр /2026.01.21/ эхний хуралдаанаа хийж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн яамдын удирдлагуудаас улс орны эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, гишүүд асуулт асууж, санал солилцов.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, У.Отгонбаяр нар оролцов.

Хуралдааны эхэнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван эдийн засагт үзүүлэх эрсдэл, валютын эрэлт, нийлүүлэлт, хэлбэлзлийн талаар мэдээлэл өгсөн бол Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэглээний зээлийн хэт их өсөлт, өрийн дарамт, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй талаараа танилцуулав. Тухайлбал, тэрбээр уг асуудалтай холбоотой хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй зохицуулалтыг хүчингүй болгох, банк бус санхүүгийн байгууллагууд харилцан хамаарал бүхий этгээдээр дамжуулан лизинг, мөнгөн зээлийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж байгааг зогсоох арга хэмжээ авна гэв.

Үргэлжлүүлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан нар эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгч, гишүүд байр сууриа илэрхийлэв. Гишүүд үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх, төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, үе шаттай чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.