dobu.mndobu

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хид хахуулийн хэргээр хорих ял оноожээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-28

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хид хахуулийн хэргээр хорих ял оноожээ

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гон Хи-ийн шүүх хурлын гол цөм нь тансаг зэрэглэлийн Chanel брэндийн хоёр гар цүнх, Өмнөд Солонгосын BMW автомашины дилер Deutsch Motors компанийн хувьцаа, мөн маргаантай Нэгдлийн сүмтэй холбоотой хахуулийн асуудал байв.

Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл-ын эхнэр Ким Гын Хиг наймдугаар сард авлига, хувьцааны үнийн луйвар, улс төрийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсон зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдан баривчлагдсан бөгөөд тэрээр эдгээр бүх буруутгалыг үгүйсгэж ирсэн юм.

Прокурорууд 52 настай Кимийг 2010 оны аравдугаар сараас 2012 оны арванхоёрдугаар сарын хооронд Өмнөд Солонгосын BMW дилер болох Deutsch Motors компанийн хувьцааны үнийг зохиомлоор өөрчлөх схемд оролцож, 800 сая вон (ойролцоогоор 552 мянган ам.доллар)-оос дээш ашиг олсон гэж буруутгаж байв.

Мөн түүнийг маргаантай Нэгдлийн сүм-ээс бизнесийн ашиг сонирхлынхоо төлөө хахууль болгон тансаг гар цүнх, алмаазан зүүлт болон 80 сая вон хүртэлх үнэтэй бусад бэлэг хүлээн авсан, түүнчлэн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн зуучлагч Мён Тэ Кюн-ээс 270 сая воны үнэтэй 58 удаагийн үнэгүй санал асуулга авсан хэмээн буруутгасан юм.

Шүүх өнөөдөр/2025.01.28/ Ким Гон Хиг Нэгдлийн сүмийн албан тушаалтнуудаас хахууль авсан хэргээр буруутайд тооцож, 1 жил 8 сарын хорих ял оноожээ. Харин хувьцааны үнийг өөрчилсөн болон Өмнөд Солонгосын сонгуулийн санхүүжилтийн хуулийг зөрчсөн гэх хэргүүдэд түүнийг цагаатгасан байна. Одоогоор түүний эсрэг шүүхээр эцэслэн хэлэлцээгүй хоёр хэрэг үлдээд байгаа юм.

Ким Гон Хид ял оноосон энэхүү шийдвэр нь түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл 2024 онд цэргийн дэглэм тогтоохыг оролдсон, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр тавант жилийн хорих ял сонссоноос хойш хоёр долоо хоног ч болоогүй байхад гарлаа.
Ингэснээр Юн Сук Ёл, Ким Гон Хи нар Өмнөд Солонгосын түүхэнд хуучин ерөнхийлөгч болон хуучин тэргүүн хатагтай хоёулаа шоронд хоригдсон анхны хос болж, Өмнөд Солонгосын улс төрийн түүхэнд хар толбо үлдээлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.