0

Энэ жилийн Цагаан сарын баярын өмнө Хятадад сонирхолтой, өвөрмөц тренд үүсээд байна. “Харри Поттер” цувралын алдарт дүр Драко Малфой Хятадын зарим айл өрхийн Цагаан сарын чимэглэл, бэлгэ тэмдэг болон гарч иржээ.
Жүжигчин Том Фелтоны бүтээсэн Драко Малфойны дүртэй наалт, улаан бичиг, соронз зэрэг Цагаан сарын чимэглэлийг Taobao болон зарим цахим худалдааны сайтуудаар идэвхтэй худалдаалж эхэлсэн бөгөөд олон хэрэглэгч үүдэндээ түүний зургийг нааж байна.
Энэхүү гэнэтийн байдлын шалтгаан нь Малфой нэрний Хятад орчуулга болох Ма Эр Фу (马尔福)-тай холбоотой аж. Энэ үгэнд “морь”, “аз” гэсэн утгатай ханз ордог бөгөөд Морь жилийг угтан аз, сайн сайхны бэлгэдэл мэт хүлээн зөвшөөрөх болжээ.
Хятадад Цагаан сарын баярын өмнө айл өрхүүд хаалгаа аз жаргал, эрүүл мэнд, хөгжил цэцэглэлтийг бэлгэдсэн улаан дөрвөлжин бичээсээр чимэглэх уламжлалтай. Эдгээр бичээсийг доош харуулан наах нь “аз ирлээ” гэсэн утгатай бөгөөд доош харсан болон ирсэн гэх үгс ижил дуудлагатай байдгаараа онцлог юм.
Сүүлийн өдрүүдэд Хятадын сошиал сүлжээнд Малфойн өвөрмөц инээмсэглэлтэй зургийг хосоор нь эсвэл доош харуулан байрлуулсан бичлэг, зургууд олноор тархаж, “Азтай байхын тулд энэ зургийг хуваалцаарай” гэх уриатай постууд тренд болжээ.
Weibo сүлжээний нэгэн хэрэглэгч “Энэ бол ид шидийн элементтэй дорнын шинэ жил” хэмээн бичсэн бол зарим нь “Феликс Фелисис!” хэмээн сэтгэгдэл үлдээсэн нь Харри Поттер цувралд гардаг аз авчирдаг ундааг ишилсэн хэрэг юм.
Драко Малфойн Цагаан сарын чимэглэл жүжигчин Том Фелтоны анхаарлыг ч татаж, тэрбээр өөрийн дүр нь “Хятадад Хятадын шинэ жилийн бэлгэдэл болсон тухай Инстаграм сториг дахин хуваалцжээ. Үүний дараа Хятадын сошиал орчинд шуугиан улам нэмэгдэж, Малфой өөрөө 100 хувь инээдтэй гэх хаштагаар шүтэн бишрэгчид нь идэвхтэй бичиж байна.
Ташрамд, Харри Поттер цуврал Хятадад асар их алдартай бөгөөд хэдэн зуун сая хувь ном борлогдсон байна. Мөн 2020 онд цувралын анхны кино дахин нээлтээ хийхэд гуравхан хоногийн дотор 90 сая гаруй юанийн орлого олж байжээ. Warner Bros Discovery компани 2027 онд Шанхай хотод “Харри Поттер бүтээх нь” студийн хамгийн том аялан тоглолтыг нээхээр төлөвлөснөө ч зарласан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.