dobu.mndobu

Ерөнхийлөгчтэй болох АН-ын мөрөөдөл талаар болов

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-05

Ерөнхийлөгчтэй болох АН-ын мөрөөдөл талаар болов

Айсуй 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас улс төрийн намууд, тэр тусмаа АН дотор зодоон эхэлчихэж. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал бүхий, рейтинг өндөр байгаа нэгнээ ч “намнаж” байгаа бололтой. МАН-аас бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэр дэвшүүлнэ гэсэн таамаг байгаа бол АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт нарыг нэрлэж байна. 

АН-ын дарга О.Цогтгэрэл болон бусад гишүүд “АН Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн гээд бүх шатны сонгуульд ялна” хэмээн хөөрч байгаа ч нөхцөл байдал тэс өөрөөр эргэж байна. Уг нь АН-аас Н.Алтанхуяг нэр дэвшихэд ялах магадлал маш өндөр. Гэтэл  Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж, өнгөрсөн онд цагаадсан ч Н.Алтанхуяг нарт хамаарах хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрт дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр нийслэлийн давж заалдах шатны шүүхээр энэ сарын 10-ны өдөр хэлэлцэхээр товлогджээ. Тэгэхээр АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд ялах найдвар бараг л байхгүй болж байна гэсэн үг. Тодотговол, Ерөнхийлөгчтэй болох АН-ын мөрөөдөл талаар болж байна.

Учир нь Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой гэж прокурорууд үзсэн байна. Эргэн сануулахад, Сү.Батболдын Засгийн газар Хөгжлийн банкыг байгуулж, тус банк нь БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээг 2011 оны наймдугаар сарын 30-нд байгуулсан. Улмаар хамтрагчид таван мэргэжилтнээ өөрийн зардлаар Монгол руу илгээж байжээ. Энэ талын мэргэшсэн туршлагатай баг манай улсын Хөгжлийн банкыг босгож өгөхөөр ирж байна гэсэн үг. Тиймээс банкны Гүйцэтгэх захирлаар Ким Жанг Жин томилсон байдаг. Ийнхүү анх удаа 2011 оны арваннэгдүгээр сарын 30-д 20.0 сая ам.долларын бондыг хаалттай хэлбэрээр босгосон нь амжилттай болсон. Мөн 2012 оны гуравдугаар сард 580.0 сая ам.долларын, 5.75 хувийн хүүтэй бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргажээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр нарын мөнгөнд бялуурсан он цаг ийн эхэлсэн хэрэг. Монгол Улсын хөгжлийг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан банкны үйл ажиллагаа ч тун удалгүй доголдож ирсэн ч МАН, АН-гүй нууж явсаар өнөөдөрт ирсэн гэдгийг ч дуулгах хэрэгтэй. Н.Алтанхуягт Ерөнхий сайдын хувиар мөнгө хэрэгтэй байсан. Гэтэл Хөгжлийн банк гэж мөнгөний хүүдий байдаг ч хоёр улсын гэрээний дагуу орж ирсэн хэдэн солонгосчууд садаа болж байсан хэрэг. Тэгэхээр нь Н.Алтанхуяг “Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн, одоо алзахгүй” хэмээн дөвчигнөж, 2013 оны тавдугаар сарын 25-нд Солонгостой байгуулсан гэрээг цуцалсан юм. Тухайн үеийн эрх баригчид Хөгжлийн банкыг хэтэвчээ болгох гэхээр солонгосчууд хэтэрхий номын загнаж, саад болсон учраас ийнхүү “хөөж туусан” нь тодорхой. Энэхүү гэрээг цуцлан, өнөөх алдарт “Чингис” бондоо босгоод авснаар банкны дампуурлын суурь тавигдсан.

Энэ бол хөдөлшгүй үнэн учраас Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь бүү хэл ялгүй үлдэж чадах уу гэдэгтээ тулчихсан.

Л.Гантөмөр улстөрчийн хувьд нэгэнт АН-ын лидер болон өсөж өндийсөн гэдэгтэй маргахгүй. Тэр АН дотор бүхий л үетэйгээ хамгийн сайн ойлголцдог хүн гэдгээ харуулсан. Тиймдээ ч Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын олон өвгөд нь тарааж орхисон АН-ыг Л.Гантөмөр эвлүүлж, УИХ-д арав хүрэхгүй суудалтай байсан намыг 42 суудалтай хүчтэй сөрөг хүчин бий болгосон нь үүнийг илтгэнэ. Үнэндээ АН арван зүгтээ харчихсан, 2016 оноос хойш олон шатны сонгуульд үнэмлэхүй ялагдчихсан, эргэж өндийх үү, дампуурах уу гэдэгтээ тулчихсан байв. Гэхдээ түүний энэ гавьяа зөвхөн АН-д наалдахаас нийт сонгогчдын дунд яаж хүрэх билээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Сэлэнгэ аймгийн иргэдийг гутаан доромжиллоо. Түүний амнаас гарсан үг санаандгүй зүйл огт биш. Тэр "Хятад гаралтай хүмүүс, Сэлэнгэ" гэдэг үгсийг улс төрийн өрсөлдөгчөө дайруулан хэллээ. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай С.Баярцогт хэмээн бичиж ярьж байна. Үнэн хэрэгтээ С.Баярцогт намаасаа ч дэмжлэг авахгүй, сонгогчдын дэмжлэг ч авахгүй.

С.Данзан

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.